Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН ЯАМ 2021 ОНЫ АЖЛАА ДҮГНЭЛЭЭ

2021/12/28
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН ЯАМ 2021 ОНЫ АЖЛАА ДҮГНЭЛЭЭ

Зам, тээврийн хөгжлийн яамны 2021 оны жилийн эцсийн тайлангийн хурлаа зохион байгуулав. Хурлын эхэнд Зам, тээврийн хөгжлийн яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга М.Энхболд яамны үйл ажиллагааны 2021 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний жилийн эцсийн биелэлтийн талаар танилцуулав. Тэрбээр “Яамны 2021 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгагдсан 174 арга хэмжээний  хэрэгжилтийн дундаж үнэлгээ 83.2 хувьтай байгааг танилцуулгадаа дурдав.

Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, “Монгол Улсын эдийн засаг, нийгэм, бүс нутгийн хөгжилд онцгой чухал дэмжлэг үзүүлж, идэвх зүтгэлтэй ажиллаж байгаа зам, тээврийн хөгжлийн яамны албан хаагчид та бүхэндээ шинэ оны мэнд дэвшүүлье.  Цар тахлын улмаас зам, тээврийн салбарт олон шинэ сорилт тулгарч байгаа ч зам, тээврийн салбарын албан хаагч бүр өөрсдийн бүхий л нөөц боломжоо дайчлан ажиллаж, цар тахлын үед ачаа, зорчигч тээвэрлэлтийн үйл ажиллагааг хэвийн зохион байгуулахад ихээхэн анхаарч, ард түмнийхээ өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхийн төлөө хичээн ажиллаж байгаад гүн талархал илэрхийлье.

Зам, тээврийн салбар 2021 онд салбарын эрх зүйн шинэчлэлтийг хэрэгжүүлэхэд анхаарч төмөр зам, автотээвэр, иргэний нисэх, далай ашиглах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслүүдийг боловсруулж, зарим хуулийн төслийг УИХ-д өргөн бариад байна. Мөн авто замын сүлжээг хөгжүүлэх зорилтын хүрээнд 2021 онд нийт 95 төсөл, арга хэмжээний 1702.7 км хатуу хучилттай авто зам, 15 байршил дахь 1338.6 у/м төмөрбетон гүүрийн барилга, их засвар, шинэчлэлтийн ажлыг улсын төсөв, гадаадын зээл, төр-хувийн хэвшлийн түншлэлийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлснээс 326.3 км хатуу хучилттай авто зам, 550 у/м төмөрбетон гүүрийг улсын ашиглалтад орууллаа. Энэ хүрээнд Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн Загастайн давааны 67 км хатуу хучилттай авто замын хөдөлгөөнийг нээж, Монгол Улсын бүх аймгийн төв нийслэл хоттой хатуу хучилттай авто замаар холбогдох Монгол Улсын Засгийн газрын томоохон зорилтыг хэрэгжүүлсэн жил боллоо.

Салбарын томоохон бүтээн байгуулалт болох Монгол Улс, Япон Улсын Засгийн газраас хамтран хэрэгжүүлсэн “Чингис хаан” Олон Улсын шинэ нисэх буудлын үйл ажиллагааг эхлүүллээ. Мөн нүүрс тээврийн экспортод ихээхэн нөлөө үзүүлэх Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын төслүүдийг амжилттай хэрэгжүүлж, Өмнөговь аймгийн Гашуунсухайт боомтод жилд 10 сая тоннын хүчин чадал бүхий чингэлэг тээврийн терминалыг барьж ашиглалтад оруулаад байна. Хот хөдөөгийн зохист тэнцвэрийг шийдвэрлэхэд томоохон түлхэц үзүүлэх Богдхан төмөр замын төслийг эхлүүлсэн зэрэг 2021 онд амжилт бүтээл гарган ажилласан байна. Цаашид бид Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх урт болон дунд хугацааны бодлогын баримт бичгүүдэд зам, тээврийн салбарт хэрэгжүүлэхээр тусгагдсан эдийн засгийн өсөлтийг хангах зам, тээврийн сүлжээг бий болгох зорилтын хүрээнд хилийн боомтыг холбох хатуу хучилттай авто зам барих, төмөр замын төв коридорын хүчин чадлыг сайжруулж, баруун зүүн босоо тэнхлэгийн төмөр замыг байгуулах, хөдөө аж ахуй, үйлдвэрлэл, экспортыг дэмжсэн орон нутгийн болон олон улсын тээвэр логистикийн төвүүдийг байгуулах зэрэг томоохон зорилтуудыг бид хэрэгжүүлэхийн төлөө ажиллана” хэмээн онцлон хэллээ.

Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд “Зам, тээврийн салбарын төлөө чин сэтгэлээс зүтгэж буй та бүхэнд шинэ оны баярын мэнд хүргэе. Цаашид ажилчдынхаа ажиллах орчинг илүү ая тухтай, хэрэгцээт техник хэрэгслээр бүрэн хангах, нийгмийн баталгааг хангаж, дотоодын болон гадаадын орнуудад мэргэжил дээшлүүлэх, туршлага судлах  чиглэлээр илүүтэй анхаарч ажиллана” гэв.

Хурлын үеэр зам, тээврийн хөгжлийн яамны зарим ажилтнуудад Төрийн дээд одон медаль, зам тээврийн салбарын шагнал гардуулав.

Зам, тээврийн хөгжлийн яамны оны шилдэг ажилтнаар Төмөр замын эдийн засаг, тарифын бодлогын хэрэгжилт хариуцсан мэргэжилтэн До.Жавхлан, Төмөр замын газрын харилцаа,байгаль орчин хариуцсан мэргэжилтэн Б.Батзориг, Хуулийн хэлтсийн ахлах шинжээч С.Мяндасмаа, Авто зам, замын байгууламжийн арчлалт, засвар хариуцсан мэргэжилтэн С.Мөнхбат, Нэгдсэн бодлого төлөвлөлт хариуцсан ахлах шинжээч Э.Мөнхнасан нар шаргуу хөдөлмөр, хичээл зүтгэл, ажлын үр дүнгээрээ шалгарав.  

Монгол Улсын “Төрийн албаны тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр Хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын Авто тээврийн хяналт хариуцсан ахлах шинжээч Д.Энх-Амгалан шагнууллаа.

Зам, тээврийн хөгжлийн сайдын 2021 оны дугаар тушаалаар “Тэргүүний замчин хүндэт тэмдгээр АЗБХЗГ-ын Авто зам, замын байгууламжийн барилга, үйлдвэрлэл хариуцсан мэргэжилтэн Б.Ууганбаяр, “Хүндэт төмөр замчин” тэмдгээр ХШҮДАГ-ын Төмөр замын зүтгүүр, зам засварын машин, механизмын аюулгүй байдлын хяналт  хариуцсан шинжээч  Х.Итгэлт, Улсын мэргэжлийн хяналтын тэргүүний ажилтан хүндэт тэмдгээр ХШҮДАГ-ын санхүүгийн хяналт шалгалт хариуцсан шинжээч У.Эрдэнэчимэг, “Яамны хүндэт жуух бичгээр” ХШҮДАГ-ын Төмөр замын тээврийн хяналт хариуцсан мэргэжилтэн Б.Мөнхбаяр, нягтлан бодогч О.Очгэрэл нар тус тус шагнагдсан юм.

 

Мөн энэ үеэр Төрийн албан хаагчийн тангараг өргөх ёслолын арга хэмжээ болж, Зам, тээврийн яаманд шинээр ажиллаж эхэлсэн албан хаагчид Монгол Улсын Төрийн далбаандаа хүндэтгэл үзүүлэн ёсолж, тангарагаа уншин, гарын үсэг зурснаар үйл ажиллагаа өндөрлөв.

ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН ЯАМ 2021 ОНЫ АЖЛАА ДҮГНЭЛЭЭ  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх