Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

НҮБ-ЫН АЗИ, НОМХОН ДАЛАЙН ЭДИЙН ЗАСАГ, НИЙГМИЙН КОМИССЫН ТЭЭВРИЙН САЙД НАРЫН ЭЭЛЖИТ 4 ДҮГЭЭР БАГА ХУРАЛ БОЛЖ БАЙНА

2021/12/17
НҮБ-ЫН АЗИ, НОМХОН ДАЛАЙН ЭДИЙН ЗАСАГ, НИЙГМИЙН КОМИССЫН ТЭЭВРИЙН  САЙД НАРЫН ЭЭЛЖИТ 4 ДҮГЭЭР БАГА ХУРАЛ БОЛЖ БАЙНА

 

Нэгдсэн Үндэсний Байгууллагын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын Тээврийн сайд нарын ээлжит 4 дүгээр бага хурал Тайландын Хаант Улсын Бангкок хотноо цахим хэлбэрээр 2021 оны 12 дугаар сарын 16-17-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна. 

Тус бага хурлаар бүс нутгийн хамтын ажиллагааг бэхжүүлэхийн тулд Ази, Номхон далайн бүс нутгийн тогтвортой тээврийн санаачлагыг өргөжүүлэх стратегийг хэлэлцэх; Ази, Номхон далайн бүс нутгийн тогтвортой тээврийн холболтыг дэмжих бүсийн үйл ажиллагааны хөтөлбөрийн I дүгээр үе шат (2017-2021)-ны хэрэгжилтийг үнэлж дүгнэх; тогтвортой хөгжлийн гурван тулгуур ба 2030 он хүртэлх Тогтвортой хөгжлийн хөтөлбөрт нийцсэн бүс нутгийн үйл ажиллагааны шинэ хөтөлбөр (2022-2026)-ийг батлах зэрэг асуудлуудыг хэлэлцэх бөгөөд бага хурлын дүнгээр Ази, Номхон далайн бүс нутгийн тээврийн тогтвортой хөгжлийн тухай сайд нарын тунхаглалыг хэлэлцэн батлах юм.

Бага хуралд Монгол Улсыг төлөөлөн Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Ж.Бат-Эрдэнэ тэргүүтэй төлөлөгчид оролцож байгаа бөгөөд “Бүс нутгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор Ази, Номхон далайн бүс нутгийн тогтвортой тээврийн санаачилгуудыг дэмжих бодлого” гэсэн сэдэвчилсэн хэлэлцүүлэгт оролцож үг хэлэв.

Тэрбээр хэлсэн үгэндээ, Монгол Улс бүс нутгийн төдийгүй, дэлхийн нийгэм, эдийн засгийн интеграцчлалд өөрийн оролцоо, хувь нэмрийг нэмэгдүүлж, дэлхийн улс орнуудтай хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэн тэлэхийг хүсэж байгааг илэрхийлээд, Хятад-Орос, Ази-Европын хооронд хийгдэх худалдааны бараа эргэлтийн хэмжээ үлэмж хэмжээгээр нэмэгдэж байгаа өнөө үед Монгол Улс өөрийн газар зүйн байрлалыг ашиглан хоёр хөршийнхөө хооронд хийгдэх худалдаа, тээвэрлэлтэд идэвхтэй оролцох, түүгээр зогсохгүй хөршүүдтэйгээ хамтран Ази-Европын хооронд тээвэрлэж буй ачаа тээврийн урсгалыг өөрийн улсыг дамнасан замналаар өнгөрүүлэх, бүс нутгийн логистикийн сүлжээнд идэвхтэй нэгдэх эрмэлзэлтэй байгааг онцлов.

Мөн манай улсын эрдэс баялаг дэлхийн зах зээл дээр гарч, улс орнуудын дотоодын хэрэглэгчдэд хүргэхэд үр дүнтэй тээвэр, логистикийн үйл ажиллагааг явуулахын чухлыг дурдаад, 2019 оны сүүл үеэс цар тахлын нөхцөл байдалтай уялдан тээвэрлэлтийн зардал өсөх, хугацаа уртсах, гадаад улсуудын боомтууд дээрх саатал зэрэг Монгол Улсаас үл шалтгаалсан нөхцөл байдал нэмэгдсэнийг онцлон хэллээ. Үүнээс үүдэн далайд гарцгүй хөгжиж буй орнууд урьдынхаас илүү хүндрэлтэй нөхцөл байдалтай тулгарч байгааг хэлээд, цаашид түүхий эдээс хамааралтай байдлыг бууруулах, эдийн засгийг төрөлжүүлэн хөгжүүлэх, худалдааны хэмжээ, хөгжлийн түвшинг нэмэгдүүлэхэд чиглэсэн нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэлийн чадавхыг бэхжүүлэх асуудлыг шийдвэрлэх шаардлагатай гэдгийг харуулж байгааг онцоллоо.

Мөн дэд сайд Ж.Бат-Эрдэнэ дэлхийн улс орнууд хил дамнасан тээвэрлэлтэд хамаарах шийдвэрийг харилцан уялдаатай хамтран гаргах асуудлыг дэмжиж байгаагаа илэрхийлэв.

Түүнчлэн Монгол Улсын Засгийн газраас зам, тээвэр, эрчим хүч, харилцаа холбоо, уул уурхай, үйлдвэрлэл, аялал жуулчлалын салбарын дэд бүтцийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлж, гадаад орон, тэр дундаа хөрш орнуудтай дэд бүтцээр холбогдох, худалдааг хөнгөвчлөх, бараа бүтээгдэхүүний тээврийн зардлыг бууруулах зорилгоор урт болон дунд хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгүүдийг батлан амжилттай хэрэгжүүлж байгааг дурдав.

Монгол Улс цаашид олон улсын хилийн гарцуудыг нэмэгдүүлж, тээвэр логистикийн сүлжээг үе шаттайгаар өргөтгөн, далайд гарцгүй (landlocked) түгжигдмэл орон бус харин далай болон эх газарт холбогдсон (land-linked) орон болохыг зорьж байгаагаа илэрхийллээ.

НҮБ-ЫН АЗИ, НОМХОН ДАЛАЙН ЭДИЙН ЗАСАГ, НИЙГМИЙН КОМИССЫН ТЭЭВРИЙН САЙД НАРЫН ЭЭЛЖИТ 4 ДҮГЭЭР БАГА ХУРАЛ БОЛЖ БАЙНА  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх