Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

С.БАТБОЛД “ЦАР ТАХЛЫН ДАРААХ ТӨМӨР ЗАМУУДЫН СЭРГЭЭН БОСГОЛТ-ТӨМӨР ЗАМЫН ХОЛБОЛТОД МОНГОЛЫН ОРОЛЦОО” СЭДВЭЭР ИЛТГЭЛ ТАВИВ

2021/11/18
С.БАТБОЛД “ЦАР ТАХЛЫН ДАРААХ ТӨМӨР ЗАМУУДЫН СЭРГЭЭН БОСГОЛТ-ТӨМӨР ЗАМЫН ХОЛБОЛТОД МОНГОЛЫН ОРОЛЦОО” СЭДВЭЭР ИЛТГЭЛ ТАВИВ

НҮБ-ын Европын эдийн засгийн комиссын Тээврийн хорооны төмөр замын тээврийн ажлын хэсгийн 75 жилийн ойн чуулган Швейцарын холбооны улсын Женев хотноо 2021 оны 11 дүгээр сарын 17-нд эхэллээ. Чуулганд Монгол Улсаас Зам, тээврийн хөгжлийн яамны төлөөлөгчид оролцож байна.

Төмөр замын холболтыг нэмэгдүүлэх замаар төмөр замын тээврийн эргэн сэргэлтэд дэмжлэг үзүүлэх зорилго бүхий “Цар тахлын дараах төв хэсгийн төмөр замуудын сэргээн босголт-төмөр замын холболт” сэдэвт семинарт Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд “Цар тахлын дараах төмөр замуудын сэргээн босголт-төмөр замын холболтод Монголын оролцоо” сэдвээр илтгэл тавилаа.

Тэрбээр илтгэлдээ дэлхийн 65 улсын 4.4 тэрбум хүнийг холбож, тэдний тээвэр худалдааны эрэлтийн 40 орчим хувийг дангаараа хангаж буй Евразийн төмөр замын сүлжээний 5 коридорын 1 нь Монгол Улсын нутаг дэвсгэрээр дайран өнгөрч байгааг дурдаад 2021 оны эхний 9 сарын байдлаар Монгол Улсын нутгаар дамжуулан тээвэрлэсэн ачааны хэмжээ өмнөх оны мөн үеэс 32,5 мянган TEU буюу 210,5 хувиар нэмэгдээд байна. Түүнчлэн төмөр замаар Монгол Улсаар дамжуулан тээвэрлэх чингэлэг тээвэрт нийт 55 хувийн, шилжүүлэн ачилтад 33 хувийн үнийн хөнгөлөлт үзүүлж байна. Иймээс энэхүү коридорыг өргөн ашиглах санал дэвшүүлэв.

Мөн “Монгол Улс далайд гарцгүй орны хувьд тээврийн бусад сүлжээг өргөжүүлэн хөгжүүлэх, хөрш орнуудын нутгаар дамжин далайд гарах замаар тээвэр логистикийг өргөжүүлэн хөгжүүлэх зорилтыг тавин ажиллаж байна. Монгол Улс дэлхийн 141 орны өрсөлдөх чадварын судалгаагаар 102 дугаарт эрэмбэлэгдэж буй бөгөөд үүнээс төмөр замын дэд бүтцийн чадвхийг тодорхойлох нэг үзүүлэлт болох 1000 км2 газар нутагт ногдох төмөр замын сүлжээний уртаараа 96 дугаарт эрэмбэлэгдэж байна.

Манай улс ойрын 10 жилийн хугацаанд нийт 6000 орчим км төмөр замыг 3 үе шаттайгаар барьж байгуулахаар зорин ажиллаж, эдгээр төмөр замууд баригдаж ашиглалтад орсноор Монгол Улсын экспортын гол нэрийн бараа бүтээгдэхүүний тээвэрлэлтийн хэмжээ эрс нэмэгдэх юм.

Дэлхийн өрсөлдөх чадварын судалгаанд Монгол Улсын төмөр замын салбарын эзлэх байр 1000 км2 газар нутагт 1,2 км төмөр зам ногдож 96 дугаар байр эзэлж байсан бол Тавантолгой-Зүүнбаян, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам баригдаж ашиглалтад орсноор 1000 км2 газар нутагт 1,7 км төмөр зам ногдоно. Цаашлаад ойрын хугацаанд баруун босоо чиглэлийн 1255 км, зүүн босоо чиглэлийн 426 км, нийт 1700 орчим км төмөр зам ашиглалтад орсноор Монгол Улсын 1000 км2 газар нутагт ногдох төмөр замын урт 2,84 км болж нэмэгдэн цар тахлын дараах төмөр замын сэргэлтэд тодорхой хувь нэмрийг оруулна гэж үзэж байна.

Монгол Улс өнөөдрийн байдлаар ОХУ-ын Наушки, Соловьевск зэрэг 2 боомттой, БНХАУ-ын Эрээн боомттой төмөр замаар холбогдож 34 сая орчим тонн ачаа тээвэрлэх хүчин чадалтай байна. Ойрын 10 жилд 6000 орчим км төмөр замыг барьж ашиглалтад оруулснаар Ази-Европыг холбосон 3 төмөр замын коридортой болж, ОХУ-тай 3, БНХАУ-тай 5 боомтоор холбогдоно. Ингэснээр Монгол Улсын төмөр замын ачаа тээвэрлэх хүчин чадал 2.5 дахин нэмэгдэх юм.

Цар тахлын энэ үед худалдаа тээвэрт үүсч буй саадыг даван туулах, шинэ боломж эрж хайх ажлыг эрчимжүүлж Монгол Улсаас Европ руу авто тээврээр ачаа тээвэрлэх үйл ажиллагааг энэ онд зохион байгуулсан бөгөөд тээвэрлэлтэд зарцуулах хугацаа, зардлыг судлан тооцсон болно. Тухайлбал, Улаанбаатар хотоос БНХАУ-ын Тяньжин боомтоор дамжин далайн тээврээр Итал улс руу ноолуур илгээхэд тээвэрлэлтийн дундаж хугацаа 90 хоног, зардал нь 7000 орчим ам.доллар болж байсан. Түүнчлэн авто тээврээр тээвэрлэхэд тээвэрлэлтийн дундаж хугацаа 20 хоног, зардал 8356 ам.доллар болох жишээтэй.

Ноолуурыг Итали улсад хүргэж, эцсийн бүтээгдэхүүн болоход дунджаар 14 хоног зарцуулдаг байна. Далайн тээврээр 90 хоногийн хугацаа зарцуулан очих буюу дунджаар 104 хоногийн дараа Монголын ноолуур эцсийн бүтээгдэхүүн болж байсан бол авто тээврээр тээвэрлэхэд 34 хоног, төмөр замаар тээвэрлэхэд 55 хоногийн дараа эцсийн бүтээгдэхүүн болох боломж байна. Харин төмөр замын тээвэр нь дунджаар 40 хоног, 4000 орчим ам.долларыг тээвэрлэлтэд зарцуулж байгаа нь төмөр замын тээврийн давуу тал юм.

Иймд коронавируст халдварын дараах төмөр замын салбарын эргэн сэргэлтийг төмөр замын сүлжээг өргөтгөх, тээх-нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх замаар хийх нь үр дүнд хурдан хүргэх давуу талтай гэж үзэж байна” гэдгийг онцоллоо.

ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН ЯАМ

С.БАТБОЛД “ЦАР ТАХЛЫН ДАРААХ ТӨМӨР ЗАМУУДЫН СЭРГЭЭН БОСГОЛТ-ТӨМӨР ЗАМЫН ХОЛБОЛТОД МОНГОЛЫН ОРОЛЦОО” СЭДВЭЭР ИЛТГЭЛ ТАВИВ  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх