Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

“Эрдэнэт үйлдвэр”-ийн 170 гаруй машин ачааг Замын-Үүд боомтоор богино хугацаанд татан авна

2021/09/03
“Эрдэнэт үйлдвэр”-ийн 170 гаруй машин ачааг Замын-Үүд боомтоор богино хугацаанд татан авна

Коронавируст цар тахлаас өмнө Монгол Улс болон БНХАУ-ын Замын-Үүд-Эрээн боомтоор өдөрт нэг талдаа 250-300 ачаа тээврийн автомашин нэвтэрч байсан бол коронавирусын халдварын нөхцөл байдлаас шалтгаалан 2020 оны сүүлчээр БНХАУ-ын зүгээс хилийн авто замын Эрээн боомтоор нэвтрэх ачаа тээврийн хөдөлгөөнд хязгаарлалт хийж эхэлсэн.

Улс хоорондын тээвэрлэлтийг зогсоохгүй байх үүднээс Хятадын талаас тавьсан шаардлагын дагуу 2020 оны 12 дугаар сараас эхлэн тодорхой тооны жолоочийг БНХАУ-ын Эрээн хотын гаалийн буудалд байршуулж, хилийн “0” цэгт жолооч сэлгэх байдлаар тээвэрлэлтийг зохион байгуулж байгаа бөгөөд одоогийн байдлаар 40 жолооч Хятадын талд байрлан ажиллаж байгаа талаар Зам, тээврийн хөгжлийн яамны Автотээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ё.Жаргалсайхан өнөөдөр Автотээврийн үндэсний төвд болсон хэвлэлийн хурлын үеэр мэдэгдлээ.

Мөн тэрбээр “Улс хоорондын ачаа тээвэрлэлтийг нэмэгдүүлэх хүрээнд Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 209 дүгээр тогтоолоор Хилийн боомтын онцгой бүрэн эрхт захиргааг байгуулан, Замын-Үүд, Гашуунсухайт, Шивээхүрэн боомтыг халдваргүй бүс болгох чиглэлд анхаарал хандуулан ажиллаж байна.

Засгийн газраас экспорт, импортын тээврийн ачаа урсгалыг сайжруулах хүрээнд төмөр замын тээврийг нэмэгдүүлэх, автотээврийн зохицуулалтад өөрчлөлт оруулах зэрэг шаардлагатай арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байна.

Үүний үр дүнд 2021 оны 07 дугаар сараас Замын-Үүд-Эрээн боомтоор нэвтрэх ачааны хэмжээ нэмэгдэж байгаа хэдий ч коронавируст цар тахлаас өмнөх хэмжээнд хүрээгүй байгаа тул өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах үүднээс зарим эдийн засаг, стратегийн ач холбогдол бүхий үйлдвэр, бүтээн байгуулалтын ажилд нэн шаардлагатай бараа материал, тоног төхөөрөмжийг хилийн боомтоор шуурхай нэвтрүүлэх шаардлага үүсч байна.

Тухайлбал, Улсын онцгой комиссоос өгсөн чиглэлийн дагуу 2021 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөс эхлэн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 170 гаруй машин ачааг Замын-Үүд боомтоор богино хугацаанд татан авах ажлыг зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаад байна.

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь Монгол Улсын Засгийн газраас гаргасан шийдвэрийн дагуу цар тахлын үед иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудын цахилгаан, дулаан, хог, усны төлбөр хураамжийг хариуцан төлж байгаагийн зэрэгцээ эдийн засаг хүндэрсэн энэ үед улсын төсвийг бүрдүүлэхэд ихээхэн үүрэг гүйцэтгэж байгаа тул үйлдвэрийн хэвийн ажиллагааг хангах, хүчин чадлыг нэмэгдүүлэхэд нэн шаардлагатай ачааг татан авахад дэмжлэг үзүүлэх шаардлагатай байгаа юм.

Цаашлаад газрын тос боловсруулах үйлдвэр, Дарханы авто замын бүтээн байгуулалт, дулаан, цахилгааны шугам сүлжээний засвар үйлчилгээнд шаардлагатай байгаа бараа материал, тоног төхөөрөмж болон бусад шаардлагатай ачаа барааг  улсын хилээр шуурхай нэвтрүүлэх зохицуулалтын арга хэмжээг авч ажиллахаар төлөвлөөд байна” гэлээ.

Замын-Үүд хилийн боомтоор өдөрт дунджаар 100-120 машин ачаа нэвтрэн орж ирж байна. Үүний 40-45 нь “Эрдэнэт үйлдвэр”-ийн машин ачаа байх бөгөөд энэхүү татан авалтыг 4-5 хоногт багтаан зохион байгуулах юм.

ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН ЯАМ, 

АВТОТЭЭВРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ

“Эрдэнэт үйлдвэр”-ийн 170 гаруй машин ачааг Замын-Үүд боомтоор богино хугацаанд татан авна  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх