Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

ЭМГЭНЭЛ

2021/07/19
ЭМГЭНЭЛ

Монгол Улсын Гавьяат тээвэрчин

ДАМДИНСҮРЭНГИЙН ЖИГЖИДНЯМАА

(1965-2021 он)

Монгол Улсын тээврийн салбарын тэргүүний удирдан зохион байгуулагч, шилдэг инженерүүдийн нэг, “Улаанбаатар төмөр зам” Хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Замын дарга, гавъяат тээвэрчин Дамдинсүрэнгийн Жигжиднямаа 2021 оны 07 дугаар сарын 18-ны өдөр өвчний улмаас таалал төгсөж, бидэнд хүнд гарз тохиолоо.

Д.Жигжиднямаа нь 1965 онд Улаанбаатар хотод төрж өсөн, 1972-1982 онд Зөвлөлтийн VIII дунд сургуульд суралцан, 1982-1988 онд ОХУ-ын Москва хотын Төмөр замын дээд сургуулийг дүүргэн Төмөр замын тээвэр удирдлагын инженер мэргэжил эзэмшжээ. 

Тэрбээр өөрийн амьдралын замнал, хувь заяагаа төмөр замтай холбосноос хойш 1988-1990 онд Багануурын нүүрсний уурхай дахь төмөр замын хэсгийн диспетчер, ахлах диспетчер, 1990-1992 онд “УБТЗ” ХНН-ийн Амгалан өртөөнд дагалдан кассир, товарын конторын эрхлэгч, Ашиглалтын албаны суудлын хэлтсийн инженер, ачилтын нөхцөл, тариф хариуцсан ахлах инженер, 1992-1998 онд “Монгол транс” ББХК-ийн экспортын хэлтсийн менежер, “Монгол транс” ББХК-ийн ОХУ-ын Москва хот дахь төлөөлөгч, 1998-2005 онд “МТТ” ХХК-ийн захирал, 2007-2010 онд “УБТЗ” ХНН-ийн ачаа, тээвэр эрхэлсэн орлогч дарга, 2010 онд “УБТЗ” ХНН-ийн Замын даргын үүрэг гүйцэтгэгч, 2010-2013 онд “УБТЗ”-ийн Ачаа, тээвэр эрхэлсэн орлогч дарга, 2015-2016 онд “УБТЗ” ХНН-ийн Тээвэрлэлт, хөдөлгөөн хариуцсан орлогч дарга, 2016 оны 09 дүгээр сараас “УБТЗ” ХНН-ийн Замын даргаар тус тус ажиллаж байжээ.

Д.Жигжиднямаа нь Монгол Улсын хөгжлийн түүчээ болсон төмөр замын салбарын хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмрийг оруулан, өөрийн эрдэм мэдлэг, оюун ухаанаа дайчлан ажиллаж төмөр замын чадварлаг мэргэжилтэн, тэргүүний удирдан зохион байгуулагч, манлайлагч байсан. “УБТЗ” ХНН-ийн Замын даргаар ажиллах хугацаандаа төмөр замын тээврийн хэмжээг жил дараалан тогтвортой нэмэгдүүлж, Монгол Улсын нийгэм, эдийн засгийн өсөлтөд томоохон хувь нэмрийг оруулж,  “УБТЗ”-ын тээх, нэвтрүүлэх хүчин чадал, тээврийн үр ашгийг нэмэгдүүлэх, техник технологийн шинэчлэлтийг хийх талаар томоохон бодит ажлуудыг хийж гүйцэтгэсэн юм.   

Монгол Улсын төмөр замын сүлжээг өргөжүүлж шинээр төмөр зам барих бүтээн байгуулалтын үйл хэрэгт хүчин чармайлт гарган ажиллаж, Газрын тос боловсруулах үйлдвэрийг холбосон төмөр зам болон Зүүнбаян-Тавантолгойн төмөр замын барилгыг барьж байгуулахад “УБТЗ” ХНН-ын хамт олныг чадварлагаар удирдан ажиллаж амжилттай хэрэгжүүлсэн юм.      

Мөн Монгол Улсын төмөр замыг Ази-Европын тээврийн гол коридорын нэг болгох зорилтыг бодит ажил хэрэг болгож, “УБТЗ” ХНН-ийн бүс нутагтаа өрсөлдөх чадварыг дээшлүүлж, олон улсад нэр хүндийг нь өсгөхөд үнэтэй хувь нэмрийг оруулсан юм. 

Д.Жигжиднямаа нь эгнээндээ 200 шахам орныг гишүүнээр нэгтгэсэн төмөр замын нэр хүндтэй олон улсын байгууллага болох Олон улсын төмөр замын холбоо /UIC/-ны Ази, Номхон далайн хорооны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүнээр ажиллаж байлаа.

Мөн түүнийг ажиллах хугацаанд Олон улсын тээврийн холбоодын нэр хүндтэй шагнал болох “Алтан сүйх тэрэг”-ээр “УБТЗ” ХНН-ийг 2018 онд шагнасан юм.             Д.Жигжиднямаагийн хөдөлмөр зүтгэлийг төр, засаг өндрөөр үнэлж ОХУ-ын болон Монгол Улсын “Хүндэт төмөр замчин” цол тэмдэг, Алтан гадас одон, 2021 онд Гавьяат тээвэрчин цолоор тус тус шагнажээ.

Талийгаачийн хийж бүтээсэн үйл хэрэг болон хөдөлмөрч хичээнгүй, шулуун шударга, нөхөрсөг зан чанар нь Монголын тээвэрчид, төмөр замчдын зүрх сэтгэлд үүрд мөнхөд дурсагдах болно.

Түүний гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсөд, найз нөхдөд гүн эмгэнэл илэрхийлье. 

Ум сайн амгалан болтугай.

 МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН,

ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙД Л.ХАЛТАР

ДЭД САЙД Ж.БАТ-ЭРДЭНЭ

ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА С.БАТБОЛД

ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН ЯАМ БОЛОН ХАРЬЯА БАЙГУУЛЛАГУУДЫН ХАМТ ОЛОН


2021 оны 0
7 дугаар сарын 19

 

 

Сэтгэгдэл бичих:

Нэмэх