төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

Агаарын тээврийг хялбаршуулах журам шинэчлэн батлагдлаа

2021/06/17

Монгол Улс 1989 онд нэгдэн орсон Олон улсын иргэний нисэхийн тухай Чикагогийн конвенцийн Хавсралт 9 “Хялбаршуулах”-д “Хэлэлцэн тохирогч улс бүр Чикагогийн конвенци болон Хавсралт 9-ийн шаардлагын дагуу “Агаарын тээврийг хялбаршуулах үндэсний хөтөлбөр”-тэй байна” гэж заасны дагуу уг конвенцийн Хэлэлцэн тохирогч улсын хувьд олон улсын стандарт, зөвлөмжийг дотоодын хууль тогтоомжид тусгах, дагуу мөрдөх үүргийн хүрээнд Засгийн газрын 2010 оны 289 дүгээр тогтоолоор “Агаарын тээврийг хялбаршуулах үндэсний хөтөлбөр”-ийг батлуулан, хэрэгжүүлж байв.

Хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш Олон улсын иргэний нисэхийн байгууллагаас Чикагогийн конвенцийн Хавсралт 9-д оруулсан 24, 25, 26 дахь нэмэлт өөрчлөлтийн дагуу Засгийн газрын 2019 оны 14 дүгээр тогтоолоор Агаарын тээврийг хялбаршуулах хөтөлбөрийн 30 орчим хувьд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Агаарын тээврийг хялбаршуулах үндэсний хөтөлбөр батлагдсанаас хойш 11 жил өнгөрч, цаг хугацааны хувьд эрх зүйн шинэчлэлд нийцүүлэх шаардлага бий болсон, мөн Олон улсын иргэний нисэхийн тухай конвенцийн Хавсралт 9 “Хялбаршуулах”-т орсон 27 дахь удаагийн нэмэлт өөрчлөлтийг Олон улсын иргэний нисэхийн байгууллагын Зөвлөлөөс 2019 оны 05 дугаар сард баталж, 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөж буйг харгалзан холбогдох зөвлөмж, шаардлагыг нэмж тусган хөтөлбөрийг шинэчлэн боловсрууллаа.

Конвенцийн Хавсралт 9 “Хялбаршуулах”-т орсон 27 дахь нэмэлт өөрчлөлтийн дагуу харгалзан дэмжигчгүй насанд хүрээгүй зорчигчийг агаарын хөлгөөр тээвэрлэх, зорчигчийн өгөгдлийн нэг цонх бий болгох, хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэхтэй холбоотой зөвлөмж, шаардлагыг “Агаарын тээврийг хялбаршуулах журам (үндэсний хөтөлбөр)”–т шинээр тусгасан.

Энэхүү баримт бичиг нь олон улсад “Агаарын тээврийг хялбаршуулах үндэсний хөтөлбөр” гэж нэрлэдэг, агуулгын хувьд олон улсын нисэх буудалд агаарын хөлгийн нисэх баг, зорчигч, тэдгээрийн ачаа тээшийг хилийн хяналтаар хялбаршуулан нэвтрүүлэх, агаарын тээвэрлэгч, нисэх буудал, хилийн хяналтын байгууллагуудын үйл ажиллагааг үндэсний хэмжээнд нэгтгэн журамласан баримт бичиг бөгөөд Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нийцүүлэн, “Агаарын тээврийг хялбаршуулах журам” гэж нэрийг өөрчилж, холбогдох нэмэлт өөрчлөлтийг оруулан, Засгийн газрын 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 137 дугаар тогтоолоор батлуулж, агаарын тээврийн хялбаршуулах үйл ажиллагааг зохицуулах эрх зүйн зохицуулалтын томоохон баримт бичгийг шинэчлээд байна.

Засгийн газрын тогтоолыг дараах холбоосоор орж үзнэ үү.

https://www.legalinfo.mn/law/details/16560?lawid=16560

 

 

Агаарын тээврийг хялбаршуулах журам шинэчлэн батлагдлаа  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх