Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

АВТО ЗАМ АШИГЛАСНЫ ХУРААМЖИЙГ ЦАХИМААР АВЧ ЭХЭЛЛЭЭ

2021/07/06
АВТО ЗАМ АШИГЛАСНЫ  ХУРААМЖИЙГ ЦАХИМААР АВЧ ЭХЭЛЛЭЭ

2021.07.06

Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Тээврийн ухаалаг системд суурилсан авто замын төлбөр хураах, хяналтын механизмыг бүрдүүлэх...”  гэж тусгагдсаны дагуу  Зам, тээврийн хөгжлийн сайдын 2020 онд А/59 дүгээр тушаал гарч олон улс, улсын чанартай авто зам ашигласны хураамж авах төлбөр авах цэг /ТАЦ/-ийн үйл ажиллагааг цахимжуулах ажлыг эхлүүлсэн байна.

Тушаалд нийт Төлбөр авах 28 цэгийн үйл ажиллагааг 2 үе шаттайгаар цахимжуулахаар тусгасан бөгөөд одоогийн байдлаар эхний үе шат буюу Улаанбаатар орчмын Налайх-Тэрэлж, Эмээлт, Хоолт гэсэн ТАЦ-ийг цахимжуулаад байгаа бол үлдсэн 25  ТАЦ-ийг энэ онд багтаан цахимжуулахаар ажиллаж байна.

Өнөөдөр Налайх-Тэрэлжийн авто замын төлбөр хураах цэгийн цахим нээлтийн арга хэмжээ боллоо.

Уг арга хэмжээний нээлтэд Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, “Зам тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ-ын Захирал Р.Буд, ЗТХЯ-ны мэдээллийн технологи, стандартын хэлтсийн дарга Х.Тулга, “Гааль, татвар, санхүүгийн мэдээлэл технологийн төв” УҮГ-ын захирал Т.Батбилэг, Голомт банкны Мэдээллийн технологи хариуцсан захирал М.Сайнбилэг, “Мобиком корпораци” ХХК-ийн Ерөнхий захирал Тацуяа Хамада нар оролцов.

Төлбөр авах цэгийн үйл ажиллагааг цахимжуулснаар тээврийн хэрэгслийн ТАЦ-ээр дамжин өнгөрөх хугацааг 20-30 хувь хэмнэх, төлбөр авах үйл ажиллагаанд хүний оролцоог багасгаж, даац хэтрэлт, зөрчилтэй тээврийн хэрэгсэл гэх мэт авто зам ашиглалттай холбоотой хяналтыг сайжруулах, мөн тээврийн хэрэгслийн хөдөлгөөний эрчим бодит цагийн нарийвчлалтайгаар гарч, мэдээллийн нэгдсэн сан бий болох, бусад байгууллагын системтэй интеграц хийж, мэдээлэл солилцох боломж бүрдэнэ гэж үзжээ.

Цахимжуулалтын ажлын эхний үе шатыг “Оргил Дельта Трейд" ХХК 325 сая төгрөгөөр гүйцэтгэж байгаа бөгөөд ажлын хүрээнд  LPR камер болон RFID уншигч, NFC болон QR функцийг ашигласан пос уншигч, Тээврийн хэрэгслийн дугаар, жин, төлбөрийн хэмжээг жолоочид харуулах зориулалт бүхий LED самбарыг гарц бүрд суурилуулах, программ хангамжийг хөгжүүлэх зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэжээ.

Өнөөдрийн байдлаар цахим төлбөр нь И-баримт, Сошиал пей, Монпей аппликейшнд тээврийн хэрэгсэлээ бүртгүүлсэн хэрэглэгчидэд үйлчлэх бөгөөд цаашид бүх банкны данснаас цахим төлбөр хийгддэг болгохоор банкуудтай хамтран ажиллаж байна.

Одоо ашиглагдаж буй аппликейшнуудаас И-баримт аппликейшн нь зөвхөн нэхэмжлэх үүсгэж, хэрэглэгч өөрийн дурын данснаас төлбөрийг хийх бол Сошиал пей болон Монпей аппликейшнд тээврийн хэрэгсэлээ бүртгүүлсэн иргэдийн төлбөрийг тухайн мөчид цахимаар төлөгддөг байхаар зохицуулагдсан байна.

Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар “Төлбөр авах цэгийн үйл ажиллагааг цахимжуулснаар Орон нутгуудад зорчиж байгаа тээврийн хэрэгслийн бүртгэл, хяналт цахим хэлбэрт орж, зөрчилтэй тээврийн хэрэгсэлд цаг алдалгүй арга хэмжээ авснаар замын хөдөлгөөний аюулгүй байдал, авто замын ашиглалтын нөхцөл байдал сайжирна. Авто зам ашигласны төлбөрийг олон хувилбараар, цахимаар авах нөхцөл бүрдсэнээр төлбөр авах цэгүүд дээр түгжрэл үүсэхгүй, зам хэрэглэгчдэд түргэн шуурхай, соёлтой үйлчлэх нөхцөл бүрдэнэ. Төлбөр авах цэг дээр явуулж буй үйл ажиллагааны урсгал зардлыг хэмнэж, ажилчдын эрүүл, аюул осолгүй ажиллаж хөдөлмөрлөх нөхцөл хангагдана. Улсын авто замын санд төвлөрөх авто зам ашигласны орлого бүрдүүлэлт ил тод, шилэн болж, орлогын хэмжээ тодорхой хувиар нэмэгдэх зэргээр зам, тээврийн салбарын хөгжилд ахиц дэвшил авч ирэх томоохон ач холбогдолтой юм” гэдгийг онцлоод зам хэрэглэгч, жолооч тээвэрчид маань шинээр нэвтэрч байгаа энэ үйл ажиллагааг дэмжиж, цахимаар төлбөр төлөх олон төрлийн хувилбарыг сонгон хэрэглэж, замын хөдөлгөөндөө соёлтой оролцохыг уриалсан бол  “Зам тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ-ын дэд захирал Б.Наранбат “Улсын хэмжээнд 28 төлбөр хураах цэг байна. Өнгөрсөн жил эдгээр цэгүүд нийтдээ найман тэрбум төгрөг төвлөрүүлсэн байгаа. Өнөөдрийн байдлаар 2,5 тэрбум төгрөг төвлөрүүлээд байна. Налайх-Тэрэлжийн энэ төлбөр хураах цэгт жилдээ 600 орчим сая төгрөг төвлөрдөг” гэлээ.

Ийнхүү тээврийн ухаалаг системд суурилсан авто замын төлбөр хураах, хяналтын механизмыг бүрдүүлэх цахим хөтөлбөрийн ажил хэрэгжиж эхэллээ.

ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН ЯАМ

АВТО ЗАМ АШИГЛАСНЫ ХУРААМЖИЙГ ЦАХИМААР АВЧ ЭХЭЛЛЭЭ  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх