Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

ЭМГЭНЭЛ

2021/06/18
ЭМГЭНЭЛ

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар,

багш нисгэгч НАМСРАЙН ТӨМӨРТОГОО

(1948-2021 он)

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Намсрайн Төмөртогоо өвчний улмаас 2021 оны 6 дугаар сарын 16-ны өдөр 73 насандаа таалал төгсөж, бидэнд хүнд гарз тохиолоо. 

Намсрайн Төмөртогоо 1948 онд Улаанбаатар хотод айлын ууган хүү болж төрсөн. 

ЗХУ-ын Сасово хотын Нисэхийн дунд сургуулийг нисгэгч мэргэжлээр 1969 онд төгсч ажил амьдралын гараагаа иргэний агаарын тээврийн салбараас эхэлж, 1980 онд Ленинград хотын Иргэний нисэхийн академийг инженер-нисгэгч мэргэжлээр төгсч, Монгол Улсын иргэний агаарын тээвэрт Як-18А, Ан-2, Ан-2М, Ил-14, Ан-24, Ан-26, Ан-30, Ту-154Б, Ту-154М, Боинг-727-200 онгоцны нисгэгч, онгоцны дарга, багш нисгэгчээр 40 гаруй жил ажиллаж, үе үеийн нисгэгч нарыг бэлтгэж, олон арван шавь төрүүлсэн юм.  

Намсрайн Төмөртогоо нь нислэгийн үед гарсан онгоцны техникийн дутагдал, эрсдэлийг богино хугацаанд үнэлэн, оновчтой шийдвэр гаргаснаар дэлхийн агаарын тээврийн түүхэнд ховор тохиолдох хүнд хэцүү нөхцөлд аргагүйдсэн буултыг амжилттай гүйцэтгэж, 150 гаруй зорчигчийн амь насыг аварсан түүхэн гавьяа байгуулсан баатарлаг нисгэгч байв.

Иргэний нисэхийн салбарт үр бүтээлтэй ажиллаж, манай оронд ашиглаж буй төрөл бүрийн агаарын хөлгийг богино хугацаанд чадамгай эзэмшиж, олон мянган цаг зөрчил дутагдалгүй нисч, ТУ-154, Боинг-727 онгоцны бие даасан нислэгүүдийг амжилттай гүйцэтгэж, олон улсын агаарын шинэ зам нээж, өндөр мэргэжлийн нисгэгч нарыг бэлтгэхэд оруулсан хувь нэмрийг үнэлж Боинг-727 онгоцны багш нисгэгч, багийн дарга Намсрайн Төмөртогоод Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол олгож, Сүхбаатарын одон, Алтан соёмбо тэмдэгээр шагнасан юм.

Түүний хөдөлмөр зүтгэлийг төр засгаас өндрөөр үнэлж, Алтангадас одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Байлдааны медаль, Ардын хувьсгалын 50, 60, 70, 80, 90 жилийн ойн медаль, Иргэний нисэхийн тэргүүний ажилтан цол тэмдэгээр шагнаж байв.

Тэрээр иргэний нисэхийн салбараас төрөн гарсан Монгол Улсын анхны Хөдөлмөрийн баатар цолтон бөгөөд зохион байгуулах авьяас чадвартай, залуу үеийг халамжлан хүмүүжүүлэгч, манай тэргүүний ахмад удирдагч, арвин тушршагатай, чадварлаг багш нисгэгч  байсан юм.

Амьдралынхаа сүүлийн өдрүүдийг хүртэл иргэний нисэхийн салбарыг хөгжүүлэх үйлсэд зориулж, орон нутгийн нисэх буудлыг түшиглэн нисэгч бэлтгэх сургалт зохион байгуулах, нисэх буудлын ашиглалтыг сайжруулах санал, санаачилга гарган ажиллаж байсан хөдөлмөрч, бүтээлч нэгэн байв.

Түүний гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсөд, найз нөхдөд гүн эмгэнэл илэрхийлье. 

Талийгаачийн хөдөлмөрч, хичээнгүй, нөхөрсөг, хүнлэг нандин зан чанар, эгэл даруу гэгээн дүр нь бидний сэтгэл зүрхэнд үүрд дурсагдах болно.                                                                                  
Ум сайн амгалан болтугай.

ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙД Л.ХАЛТАР,

ДЭД САЙД Ж.БАТ-ЭРДЭНЭ,

ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА С.БАТБОЛД,

АХМАДЫН ХОРОО, АЛБАН ХААГЧИД


2021 оны 06 дугаар сарын 18

Сэтгэгдэл бичих:

Нэмэх