Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

МЭНДЧИЛГЭЭ

2021/05/25
МЭНДЧИЛГЭЭ

Иргэний нисэхийн салбарын үе үеийн ахмад буурлууд, нийт  ажилтан, албан хаагчид Та бүхэндээ Монгол Улсад нисэх хүчин үүсч, хөгжсөний түүхт 96 жилийн ой, Агаарын тээвэрчдийн өдрийн баярын мэндийг хүргье!

Монгол Улсын Засгийн газраас иргэний нисэхийн салбарын эрх зүйн шинэчлэлтийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Чикагогийн конвенцийн хавсралт баримт бичгийн стандарт шаардлагад нийцүүлэн “Иргэний нисэхийн аюулгүй байдлын хөтөлбөр”, “Агаарын тээврийг хялбаршуулах хөтөлбөр”-ийг шинэчлэн Засгийн газрын 2021 оны 136, 137 дугаар тогтоолоор батлуулж, Дэлхийн худалдааны байгууллагын “Иргэний агаарын хөлгийн худалдааны хэлэлцээр”-т Монгол Улс нэгдэн орсны дагуу Гаалийн тариф, гаалийн татварын тухай хууль, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд иргэний агаарын хөлгийг татвараас чөлөөлүүлэх зохицуулалтыг бүрдүүлэх хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлж, Зам, тээврийн хөгжлийн яамнаас иргэний нисэхийн салбарын хөгжлийг дэмжих, эрх зүйн зохицуулалтын шинэчлэлтийн бодлогыг хэрэгжүүлэх Иргэний нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг боловсруулан, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх шатанд байна. 

Нисэх хүчин үүсч хөгжсөний 96 жилийн ой, агаарын тээврийн “МИАТ” компани байгуулагдсаны 65 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсад агаарын тээврийг хөгжүүлэхэд оруулсан үнэтэй хувь нэмрийг үнэлж “МИАТ” компанийг төрийн өндөр дээд шагнал Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа.  

Дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас нисэхийн салбарт шинэ сорил тулгарч байгаа хэдий ч Монгол Улсын Засгийн газраас ковид-19 цар тахлын эсрэг хэрэгжүүлж байгаа гадаад улс орноос иргэдээ татан авч ирэх, эм, эмнэлгийн хэрэгсэл, вакцин тээвэрлэх нислэгийг амжилттай зохион байгуулж, ард түмнийхээ өмнө хүлээсэн үүргээ нэр төртэйгээр биелүүлэн ажиллаж байна. Мөн түүхэн аялал жуучлалын бүс нутаг Хэнтий аймгийн Өндөрхаан, Дадал сумын нисэх буудлын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлж, “Чингис хаан” олон улсын нисэх буудлаа энэ 7 дугаар сарын 4-ний өдөр нээж, үйл ажиллагааг эхлүүлэх бэлтгэл ажлаа хангаад байна.

Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж буй үйл ажиллагаа болон ковид-19 цар тахлын эсрэг хэрэгжүүлж байгаа арга хэмжээнд идэвхитэй оролцож, эх орон, ард түмнийхээ өмнө хүлээсэн үүргээ нэр төртэйгээр биелүүлэн ажиллаж байгаа Та бүхэнд талархал илэрхийлж, цаашдын ажил хөдөлмөрт нь өндөр амжилт, эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Тэнгэр нь цэлмэг, буулт нь зөөлөн байх болтугай!

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН,

ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙД Л.ХАЛТАР

 

Сэтгэгдэл бичих:

Нэмэх