төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр агаарын тээвэр салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

ТӨМӨР ЗАМЫН ХӨГЖЛИЙН ТАЛААР Р.БАТСҮХИЙН ХЭЛСЭН ЭШЛЭЛҮҮД

2020/12/03
ТӨМӨР ЗАМЫН ХӨГЖЛИЙН ТАЛААР Р.БАТСҮХИЙН ХЭЛСЭН ЭШЛЭЛҮҮД

“Зууны мэдээ” сонин салбар, салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leadershipsforum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчиддаа хүргэдэг билээ.

Энэ удаа “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Р.Батсүхийн хэлсэн онцлох эшлэлүүдийг хүргэж байна.

-Төмөр замын дагуу хүн амын 80 орчим хувь суурьшиж, дотоодын нийт бүтээгдэхүүний 80 гаруй хувийг үйлдвэрлэдэг тээврийн коридороос эдийн засгийн коридор болтлоо хөгжсөн.

-Улсын Их Хурал 2010 онд бодлогын баримт бичиг баталж, төмөр зам барих тусгай зөвшөөрөл болон концессийн эрхийг “Монголын төмөр зам” компанид олгосон. Үүний дагуу манай компани 2012 оноос шинэ төмөр зам барих бүтээн байгуулалтаа эхлүүлсэн.

- Бид үндсэндээ жил гаруй хугацаанд ёстой л унасан морины амгай хөргөх завгүй л давхилаа. Үүний үр дүнд нийт төслийн гүйцэтгэл 85 хувьтай амжилттай урагшилж байна.

-Эхний ээлжинд манай улс дэлхийд тавд орох стратегийн томоохон орд газраа  үндсэн төмөр замын шугамтай холбож чадсан нь том үр дүн. Гадаад худалдааны болон тээврийн нэгдсэн бодлогоор удирдуулбал бидний тоглоомын дүрэм бусдад ч тодорхой болж, өөрсдөө ч тоглолт хийх боломжтой болно.

- Төмөр замгүйгээр тээвэр, худалдааны гинжин хэлхээнд холбогдоно гэж байхгүй. Бас уул уурхайгаасаа ашиг хүртэнэ  гэдэг нэлээд бэрхшээлтэй. Бид урагшаа Гашуунсухайт, Зүүнбаян, Замын-Үүд, хойшоо Сүхбаатар, цаашлаад Чойбалсан Эрээнцав гэсэн гарцтай болж байна.

-Төмөр замаар дан ганц тээвэр худалдаа наймаа хийхээс гадна  хүн амын нягтаршил суурьшил сийрэгжиж байгаа учраас хөндлөн огтлолын төмөр зам стратегийн бодлогын гол зангилаа байх ёстой. Бүх төрлийн тээвэр жигд хөгжиж байж үнэ тарифын өрсөлдөөн бий болж хэрэглэгчдэд хямд өртөг санал болгоход логистикийг оновчтой хөгжүүлэх асуудал юм. Харин зам дэд бүтцийг зохион байгуулах нь цэвэр бизнес.

-Өнөөдрийг хүртэл төмөр замын тээврийн салбарыг нэг байгууллага дангаараа авч явж байгаа нь монополь бий болгосон. Ямар ч салбарт өрсөлдөөн бий болж байж  хөгжил, дэвшил, технологийн шинэчлэл хийгддэг. Бүх төрлийн тээвэр жигд хөгжсөнөөр үнэ тарифын өрсөлдөөн бий болж хэрэглэгчдэд очих бараа таваарын өртөг хямдарна. Ингэж байж бодит үнэ тогтдог.

-Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын трассын дагуух 30 км-ийн бүсэд зөвхөн Ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий ашигт малтмалын 37 орд газар байна. 6.02 тэрбум тоннын нөөц бүхий баялагтай эдгээр орд газар эдийн засгийн эргэлтэд орох боломж бүрдэж байна.

-Төмөр зам баригдаж үйл ажиллагаа эхэлснээс хойш 20 жилийн хугацаанд 13.5 их наяд төгрөгийн орлого олно. Энэ нь жилд дунджаар 674.8 тэрбум төгрөгийн тээврийн орлого байх юм.

-Ийнхүү төсөл 20 жилийн хугацаанд 13.5 их наяд төгрөгийн орлого олж, 8.8 их наяд төгрөгийн зардал гаргаж, 3.5 их наяд төгрөгийн татварын дараах цэвэр ашигтай ажиллахаар байна. Төсөл эхэлснээр 20 жилийн хугацаанд Монгол Улсад 1.16 их наяд төгрөгийн татвар төлнө. Хөрөнгө оруулалтын өгөөжийн дотоод хувь нь  8.9 хувьтайгаар анхны хөрөнгө оруулалтаа 14 жилийн хугацаанд, үйл ажиллагаа эхэлснээс хойш 12 жилийн хугацаанд нөхөх боломжтой гэж үзэж байгаа.

-Шинэ зам дээгүүр тээвэрлэлтийн асуудлыг либериал байдлаар шийдвэрлэх хэрэгтэй. Хувь, хувьсгалын аль ч вагон явж засвар үйлчилгээнээс эхлээд дотоодынхоо үйл ажиллагааг дэмжсэн жишиг төмөр замын менежментийг хийхээр төлөвлөж байна.

-Цэргийн дэг журам өндөр зохион байгуулалтаас гадна өөрсдийнхөө хөрөнгөөр барьж байгаа учраас “малгай” дээрээ ашгийн бус байгууллагаа тавьж өгсөн нь төслийн урагшлахад маш чухал түлхэц болсон. Бизнесийн ашиг хонжооны нүдээр харахгүй, төсөв төлөвлөгөөг ном журмынх нь дагуу хийж ирлээ. Энэ л хамгийн чухал онцлог нь.

-Зэвсэгт хүчин, аж ахуйн нэгжүүд цаашид төмөр зам барих боломжийн техник, тоног төхөөрөмжтэй ч болж туршлага ч хуримтлуулж чадлаа. Тухайлбал, төмөр бетон хүнд даацын гүүрийг анх удаа өөрсдөө барилаа. Өмнө нь Хятадын компани ганцаараа өрөмддөг байсан бол энэ удаагийн бүтээн байгуулалт дээр дотоодын таван компани 1.5 тэрбум төгрөгийн өртөгтэй өрмийн машин худалдаж авсан. Хүнд даацын гүүр хоолойгоо өөрсдөө барьж маш олон залуус суралцаад дадлагажиж боловсон хүчин бэлтгэгдлээ.

-Төмөр замыг таван зэрэглэлд ангилдаг. Энэ ангилал барилгын ажлаас илүү дээгүүр нь явах ачааны хэмжээгээр илэрхийлэгддэг. Дэлхийн жишгээр тооцож үзвэл манай улс гуравдугаар зэрэглэлийн төмөр зам барьж байна. Мөн Монгол Улсад мөрдөж байгаа дүрэм стандартаас хазайсан нэг ч зүйл байхгүйг баттай хэлэх байна.

- Улс орны хөгжилд стратегийн ач холбогдолтой, чухал бүтээгдэхүүний нэг ган юм. Түүнийг гарган авдаг гол түүхий эд нь коксжих нүүрс, төмрийн хүдэр байдаг. Монгол Улс коксжих нүүрс, төмрийн хүдрийн арвин нөөцтэйн дээр Сайншандад Дархан, Сэлэнгийн бүсийн төмрийн хүдрийг Тавантолгой коксжих нүүрсээр боловсруулан ган үйлдвэрлэж дотоодын хэрэгцээг хангах, улмаар ган металлургийн хүнд үйлдвэрлэл хөгжих, экспортлох боломжтой болно. Монгол Улс ган үйлдвэрлэх, аж үйлдвэрлэл хөгжихийн эхлэл нь шинэ төмөр зам гэж харж байгаа.

- Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого тодорхой болсон. Хэрэгжүүлэх л үлдлээ. Монголын төмөр зам компани хүний нөөц, техник технологийн хувьд бүс нутгийн болон хоёр хөрштэй эн тэнцүү өрсөлдөхүйц болохыг зорьж байна.

-Баруун тийшээ гурав дахь ээлжийн төмөр зам баригдана.Босоо тэнхлэг гэдэг бол транзит тээвэр буюу хамгийн их ашиг олж, үр өгөөжөө өгөх хэсэг. Хоёр улсыг холбосон цэвэр бизнесийн зах зээл байх юм. Хэвтээ чиглэлд бол улс орны тусгаар тогтнолын бодлого, аюулгүй байдалтай холбогдох учраас өөрсдөө барьж, хөрөнгө оруулалтаа шийдэх нь зүйтэй гэж үздэг.

С.УЯНГА

Эх сурвалж: www.polit.mn

ТӨМӨР ЗАМЫН ХӨГЖЛИЙН ТАЛААР Р.БАТСҮХИЙН ХЭЛСЭН ЭШЛЭЛҮҮД  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх