Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Ж.Бат-Эрдэнэ Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын Тээврийн хорооны 6 дугаар хурлыг даргалж оролцлоо

2020/11/13
Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Ж.Бат-Эрдэнэ Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын Тээврийн хорооны 6 дугаар хурлыг даргалж оролцлоо

НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын Тээврийн хорооны 6 дугаар хурал энэ оны 11 дүгээр сарын 12-13-ны өдрүүдэд Тайландын Хаант Улсын Бангкок хотноо зохион байгуулагдлаа. Ковид-19 цар тахлын улмаас энэ удаагийн хурлыг танхимаар болон цахимаар хосолсон хэлбэрээр зохион байгуулсан бөгөөд уг хуралд комиссын 53 гишүүн улсын Тээврийн сайд нар болон тээврийн салбарын 200 гаруй төлөөлөгчид оролцов.

Тээврийн хорооны хурлыг Монгол Улс анх удаа даргалахаар сонгогдсон бөгөөд энэ удаагийн хурлыг Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Ж.Бат-Эрдэнэ даргалж, цахим хэлбэрээр хуралд оролцлоо. Мөн Монгол Улсаас Тайландын Хаант Улсад суугаа Элчин сайд бөгөөд Монгол Улсаас НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комисс /АНДЭЗНК/-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч А.Төмөр хуралд биечлэн оролцсон юм.

 Энэхүү хурлаар Азийн бүс нутгийн тээврийн хөгжлийн стратегийн чухал асуудлуудаар санал солилцож, Ази, Номхон далайн тогтвортой тээврийн сүлжээний үйл ажиллагааны хөтөлбөр (2017-2021), Тогтвортой хөгжлийн зорилт, НҮБ-ын АНДЭЗНК-ын холбогдох шийдвэр зэрэг олон улс болон бүс нутгийн тээврийн тогтвортой хөгжлийн бодлоготой холбоотой чухал асуудлуудыг хэлэлцэв. Түүнчлэн 2021 онд Бангкок хотноо зохиогдох Тээврийн сайд нарын хурлын бэлтгэл ажил болон Бүс нутгийн 2022-2026 оны үйл ажиллагааны шинэ хөтөлбөрийн зорилт, чиглэлийг хэлэлцсэн юм.

Хурлыг даргалагч Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Ж.Бат-Эрдэнэ хурлыг нээсэн бол Элчин сайд А.Төмөр Монгол Улсыг төлөөлөн хурлын үеэр үг хэллээ. Монголын талын төлөөлөгчид Ази, Номхон далайн бүс нутгийн тээврийн сүлжээнд оролцох Монгол Улсын оролцоо, тээврийн сүлжээг өргөжүүлэн хөгжүүлэх хамтын ажиллагааны боломж, цаашид гишүүн орнуудтай болон НҮБ-ын АНДЭЗНК-ын Тээврийн хороотой хамтарч хэрэгжүүлэх төсөл, үйл ажиллагааны санал, санаачилгын талаар дурдав.

Мөн далайд гарцгүй Монгол орны хувьд дэд бүтэц, тээвэр, худалдаа, боомт хотууд, чөлөөт худалдааны салбарын үйл ажиллагааг дэмжих, хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, бүс нутгийн эдийн засгийн интеграцийг бэхжүүлэх асуудлууд нэн чухал болохыг онцлоод, энэ чиглэлээр НҮБ-ын АНДЭЗНК-оос хэрэгжүүлэх санал санаачилгыг дэмжин, хамтран ажиллах эрмэлзэлтэй байгаагаа илэрхийллээ.

Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Ж.Бат-Эрдэнэ Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын Тээврийн хорооны 6 дугаар хурлыг даргалж оролцлоо  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх