Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

УРАГШИЛСААР ЯВАА УЛААНБААТАР-ДАРХАНЫ ЗАМЫН АЖИЛ ИРЭХ ХАВАР ИД ӨРНӨНӨ

2020/11/09
УРАГШИЛСААР ЯВАА  УЛААНБААТАР-ДАРХАНЫ ЗАМЫН АЖИЛ ИРЭХ ХАВАР ИД ӨРНӨНӨ

Улаанбаатар-Дарханы замыг түр хугацаагаар нээв

Өвлийн улирал эхэлж авто замын барилгын ажил гүйцэтгэх технологийн хугацаа дуусгавар болж байгаатай холбогдуулан Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг ЗТХ-ийн Сайд Л.Халтарын тушаалаар 2020 оны арваннэгдүгээр сарын 6-наас эхлэн 2021 оны авто замын барилгын ажил эхлэх хүртэл түр хугацаагаар нээлээ.

Шулуун замын хөдөлгөөнийг нээсэн өдрөө буюу өнгөрсөн баасан гаригт ЗТХ-ийн яам хэвлэл мэдээллийн байгууллагынхныг Улаанбаатар-Дархан-Улаанбаатар чиглэлд автобусаар нэг өдөр аялуулав. Ийн аялуулахдаа “Их сайхан зам байгууллаа” хэмээн сурталчлах зорилго тавиагүй гэдгийг онцолъё. Зөвхөн Улаанбаатар-Дарханы чиглэлийн зам өнөөдөр яг ямар байдалтай байгааг газар дээр нь очиж үзээд, иргэд зорчигчдод бодит мэдээлэл хүргүүлэхийг зорьжээ.

Үндсэн замын хөдөлгөөнийг нээсэн нь Дарханы замын ажил дууссан гэсэн үг биш. Тус чиглэлийн 204.3 км замын 70 км-ийг нь асфальтан хучилттай, мөн 70-аад км замыг цементээр бэхжүүлсэн суурьтай болгожээ. Цементээр бэхжүүлсэн суурь нь хоёр үетэй бөгөөд доод үе нь гурван хувийн, дээд үе нь зургаан хувийн цементээр бэхжүүлсэн. Тэгэхээр дээд үе нь илүү бат бөх  даацтай гэсэн үг.

Цементээр бэхжүүлсэн суурь гэдэг нь арай бетон биш учир хурдтай явахад шороо тоос босно. Гурван хувийн цементээр бэхжүүлсэн суурьтай замд чулуу үсрэх магадлалтай учир жолооч нар хурдаа тохируулан, зай барьж явахыг авто замын инженерүүд сануулсныг сурвалжилгынхаа эхэнд онцлон тэмдэглэе. 

Үлдсэн 80 орчим км нь хуучин байсан асфальтан зам бөгөөд замын нүх, эвдрэлийг арчилж тордон,  дүүргэж тэгшилсэн учир машин донсолгоогүй явах боломжтой болжээ. Өвлөөс өмнө замын үндсэн хөдөлгөөнийг нээх гэж замчид бороо салхи шуургыг үл тоон өдөр шөнөгүй ажиллажээ. Одоо ч дараагийн ажлын бэлтгэл, зам дагуух тэмдэг тэмдэглэгээг тавих зэргээр ажлууд үргэлжилж байна.

Улаанбаатараас Дархан чиглэлд гарах замын эхлэл Толгойт Эмээлт зөрлөгийн хоорон дахь Улаанбаатар төмөр замын хариуцан арчилдаг 384 дүгээр км-ийн жижүүрийн зохицуулалт бүхий автомат хаалттай гармыг пүрэв гарагаас эхлэн нээжээ. Төмөр замын гарамтай огтлолцдог энэ гарц жил гаруй хугацаанд хаалттай байсан учир зам нээснийг жолооч нар мэдээгүй бололтой, баасан гарагийн өглөө  зорчих хөдөлгөөн бага байлаа.

Дарханы зам барилгын ажлыг таван багц болгон хувааж буй бөгөөд багц тус бүрийг өөр өөр компаниуд хариуцаж байна. Нэгдүгээр багцын ажил энэ төмөр замын гармаас эхэлж 37.2 км үргэлжилнэ. Энэ ажлын ерөнхий гүйцэтгэгчээр БНХАУ-ын “Хэйлонжиан жиньеи рөүд энд бридж” компани, туслах гүйцэтгэгчээр Монголын “Эсто”, “Болор болд” компани ажиллаж, энэ жилийн хувьд хийх ажлаа гэрээт хугацаанаас нэг сарын өмнө дуусгажээ.

 

Зөвлөх инженер хөтөч хийв

ЗТХ-ийн яамны гаднаас хөдлөхтэй зэрэгцэн хэвлэлийнхэнд хийсэн ажлынхаа талаар дэлгэрэнгүй танилцуулж, хөтөч хийсэн хүн бол   Улаанбаатар- Дархан чиглэлийн авто зам барилгын ажлын төслийн зөвлөх, “Ай Си Ти Сайн Консалтинг” ХХК-ийн ерөнхий захирал С.Очирбат. Монгол Улсын зөвлөх инженер, олон улсын зөвлөх эрх бүхий компанийг удирддаг энэ хүн ажлаа ёстой л арван хуруу шигээ мэддэг ажээ.

”Зураг төслийнхөө дагуу есөн метрийн өргөнтэй, чанартай, сайн зам болсон. Мөн энэ замтай зэрэгцээд Европын сэргээн босголт хөгжлийн банкны зээлээр баригдах авто замын ажил эхэлсэн. Энэ төслийн хүрээнд замын өргөнийг 18 метр, дөрвөн эгнээ болгох ба хоёр тийш нь өргөтгөнө. Зам барих тухайн хэсгийн тогтцоос шалтгаалан зарим газартаа нэг тал руу нь есөн метр өргөтгөнө.

Зам голдоо таван метр орчим зааглах зурвастай, даваан дээр бетон зааглах зурвастай, хоёр талдаа төмөр туузан хашлагатай, шаардлага хангасан зам болно. Замын ажил 2021 онд үргэлжилж, 2022 онд дуусгах гэрээтэй. Энэ замын хурдны дээд хязгаарыг 60 км/цагаар тогтоож, тэмдэг тэмдэглэгээг тавьсан боловч тооцоот хурдны дээд хязгаар 100 км/цаг юм. Жолооч нар 100 км/цаг хурдлахад осолгүй зорчих техникийн нөхцөлд хангагдсан” гэв

Дарханы замын 2, 4 дүгээр багцын ажлыг гүйцэтгэхээр гэрээ байгуулсан компани ажлаасаа татгалзсан нь маш том хүндрэл учруулжээ. Энэ замын бараг тал гэж болох тус бүр 45 км, нийт 90 зам барих байсан компани 2019 онд ажлаа эхэлж, хуучин асфальтан замыг хэсэг газар хуулсан учир машины дугуй хагарахаас эхлээд техникийн бүрэн бүтэн болоод аюулгүй байдалд сөрөг нөлөө үзүүлж байна хэмээх иргэдийн гомдол тэдний чихийг нэлээд халууцуулсан байна.

Эхэлсэн ажилдаа эхнээсээ л хэт хойрго хандаж, улмаар цар тахлын улмаас дутуу орхисон замын тал хувийг цементээр бэхжүүлсэн суурьтай, талыг нь нарийн ширхэгтэй хайргаар хучиж, хуучин асфальтуудыг нөхсөнөөр өнөөдөр хөдөлгөөний ямар нэгэн саад, чирэгдэлгүй болгожээ.. Нарийн ширхэгтэй хайргаар хучсан хэсэгт хоорондын зайгаа барилгүй ойрхон явбал цонх руу чулуу үсрэх магадлалтай.  

Замын чанар  сайжрахаар жолооч нар хурдаа нэмдэг сөрөг тал байдаг ажээ. Биднийг явж байхад ч гэсэн энэ замаар өндөр хурдтай яваа нь харагдсан. Тиймээс зөвлөх инженер С.Очирбат Дарханы замын дээд хурдыг 60 км/цагаар тогтоосныг санаж, тээвэрчид, жолооч нар хурдаа тохируулан, зай барьж явах хэрэгтэй гэх чин сэтгэлийн зөвлөгөөгөө  зорчигчдод хүргэх гэж хичээсэн нь энэ удаагийн аяллын томоохон зорилгын нэг байлаа. Хэвлэлийнхэнд хөтөч хийх ажлынх нь сиймхийгээр зөвлөх инженер С.Очирбатаас дараахь асуултанд хариулт авав.

-Цас орж, хальтиргаа гулгаа үүсэхэд хамгийн гол анхаарах зүйл юу вэ?

-Хэдхэн хоногийн өмнө цас, бороо холилдон орж, зам даваануудын хөдөлгөөн хаагдсан. Ийм учраас замын дагуу таван багц хэсэгт арчилгаа хийх машин техник, хяналт тавих манай хяналтын инженерүүд байнга ажиллаж байна. Мөн замын дагуу төмөр самбарууд дээр тухайн замыг хариуцан ажиллаж байгаа инженерүүдийн гар утсыг бичнэ. Жолооч нар замтай холбоотой асуудал үүсвэл хяналтын инженерүүдтэй шууд холбогдох боломжтой юм.

Азийн хөгжлийн банкны санхүүжилттэй төслийн 2020 оны зургаадугаар сар гэхэд 1, 3, 5 дугаар багцын зам барилгын ажил бүрэн дуусах төлөвлөгөөтэй. Одоо зөвхөн асфальтан хучилтын ажил үлдсэн. Энэ оны наймдугаар сарын 27-нд БНХАУ-аас замын ажилтнууд тусгаарлалтаас гарч, ажилдаа орсноос хойш зогсолтгүй шаргуу ажилласан. Дарханы замд 2020 нэгдүгээр сарын 15-ны байдлаар 1298 хятад, 300 монгол ажилчин ажиллуулахаар төлөвлөсөн аж. Гэтэл коронавирусийн халдвар гарч, хил хаасан. Гуравдугаар сараас хойш 105 ажилчин оруулна гэхэд иргэд эсэргүүцэж улмаар замын  ажил хойшлогдсоор, наймдугаар сарын 27-нд тусгаарлалтаас гарч ажилдаа оржээ. 

БНХАУ-ын “Хэйлонжиан жиньеи рөүд энд бридж” компанийн захирал Лю Хунян “Манай компани хариуцсан нэгдүгээр багцын ажлыг гэрээт хугацаанаасаа өмнө дуусгасандаа баяртай байна. Энэ зам дээр 150 хүн ажилласан. Энэ хугацаанд материал дутаж байсныг эс  тооцвол бидний ажлыг шуурхайлах тал дээр ЗТХ-ийн яам их анхаарал хандуулсанд талархлаа. Л.Халтар сайд амралтын өдрөөр байнга ирж, ажилтай танилцаж, шахаж, шаардаж явдаг байсан. Бид хэрхэн ажилладгаа ажлын явцаараа харуулахыг хичээсэн, цаашид Монгол Улсын зам тээврийн салбарын бүтээн байгуулалтын ажилд гар бие оролцоход бэлэн байна” гэлээ.

Дарханы замыг таван багцад хуваан хэсэг хэсгээр нь ашиглалтад оруулж байна. Эхлээд нээсэн замын хажууд дахин нэмж өргөтгөн барих зэргээр ажиллахад өмнөх зам нь гэмтэх, замын чанарт ямар нөлөө үзүүлэхийг зөвлөх инженер С.Очирбатаас тодруулахад, "Зөв асуулт байна. Нэгэнт тоос гарч байгаа учир мм, см-ээр замын элэгдэл үүснэ. Өнгөрсөн жил бид Хонгор сумын ойролцоо хөндийд хэсэг замыг нээж явуулж үзсэн. Хоёр см орчим элэгдсэн байна лээ. Элэгдсэн ч дахин гүйцээж хучилт хийж, шинэ замтайгаа ижил түвшинд хүргэнэ" гэсэн.

 

Сайд Л.ХАЛТАР: 

ХОЁР ЭГНЭЭ ЗАМ БАРИЛГЫН АЖИЛ ИРЭХ ХАВАР ЭХЭЛНЭ

Дарханы замыг дөрвөн эгнээгээр барихаар зураг төсөл нь гарсан. Одоогоор есөн метр өргөнтэй, хоёр эгнээ замыг нээсэн учир иргэд “Хоёр эгнээ нь хаачив?” гэцгээж байлаа.   Энэ талаар ЗТХ-ийн сайд Л.Халтараас тодрууллаа.

-Азийн хөгжлийн банкны төслөөр одоогийн байгаа замыг сайжруулах нь эхний нэг төсөл юм. Энэ төслийн хүрээнд хуучин замынхаа даланг өргөсгөж, осол их гардаг есөн хар цэгийг шулуутгах, гүүр хоолойнуудыг шинэчлэх ажил хийнэ. Дараагийн ажил нь Европын сэргээн босголтын хөгжлийн банкны /ЕСБХБ/ санхүүжилттэй дөрвөн эгнээ зам барих төсөл юм.

Бид аравдугаар сарын сүүлчээр ЕСБХБ-ны тендерт шалгарсан таван компанитай гэрээ байгууллаа. Энэ өвөл бэлтгэл хангаж, зарим ажлуудыг хийнэ. Ингээд 2021 оны гуравдугаар сарын 15-наас Азийн хөгжлийн банк болон ЕСБХБ-ны шинээр барих хоёр эгнээ замын ажил 2021 оны гуравдугаар сард эхэлнэ гэж ойлгож болно.

Газрын хэвлий, бартаа, газар чөлөөлөлтийн асуудлаас хамаарч зураг төслийн дагуу хоёр эгнээ зам зарим үед хоёр талаар, заримдаа баруун талаар, заримдаа зүүн талаар нь явахаар зохицуулагдсан.

Тэгээд эцсийн үр дүн Налайхын зам шиг голоороо тусгаарлах зурвастай, хоёр талаараа туузан хашлагатай, Монгол Улсын түүхэнд анхны дөрвөн урсгалтай замыг нээх гэж чармайн ажиллаж байна даа.

-Замын чанарыг Та хэрхэн үнэлж байна вэ?

Хуучин зам нь зургаан метрийн өргөнтэй бол одоо тавьж буй зам есөн метрийн өргөнтэй. Далангаас дээших суурь бүтэц нь 80 см зузаантай. Нийт жин нь 44 тонн хүртэл буюу нэг тэнхлэг дээрээ 11 тонн хүртэл жинтэй тээврийн хэрэгсэл  зорчих боломжтой. Дарханы замын гол даац авах хэсэг нь 70 см-ийн зузаантай болно. Үндсэн суурь нь 20 см, гурван хувийн цементээр бэхжүүлсэн үе нь 20 см, зургаан хувийн цементээр бэхжүүлсэн буталмал чулуун суурьтай үе нь 20 см, дээр нь тав таваар асфальтан хучилт хоёр удаа дэвсэж, нийт 70 см зузаан, урт настай зам баригдана. Зам барих үе давхарга бүхнийг асфальт тавьдаг шиг дэвсэгчээр дэвсэж, индүүдэж бэхжүүлж байгаа гэж тайлбарлалаа.

Ийнхүү бид багц бүрийн ажилтай танилцаж явсаар сүүлийн тавдугаар багц буюу Дархан хотод ирсэн. Дарханы паркын урд зам иргэдийн хүссэн дөрвөн урсгалтай замыг хараад бахархах сэтгэл төрсөн. Тус замаар зорьчиж буй иргэдийн санал сэтгэгдлийг сонсоход “Хамгийн гол нь аюулгүй, шинэ зам шиг сайхан байна” гэж хэлсэн. Сүүлийн багцтай танилцаж дуусахын зэрэгцээ бидний аялал  өндөрлөв.

Өвөл дохиолсон энэ өдөр хотоос гармагц л армаг, тармаг цастай байлаа. Замын ажил ид өрнөх үеэр хаасан Дарханы чиглэлийн зам шинээр ашиглалтад орж байгаа биш хуучин хэсгийг засч додомдоод, шинээр барьсан замтайгаа холбожээ. Хуулаад орхисион 2,4 дүгээр багцын замыг донсолгоогүй болгож, суурь хучилт хийсэн байна. Энэ хоёр хэсэгт бага зэрэг тоос босно, бас хайргаар хучсан хэсэгт чулуу үсрэх магадлалтай. Тиймээс хурдаа 60 км цагаас хэтрүүлэлгүй, хоорондын зайгаа сайн бариад явахад саад бэрхшээл үгүй болжээ. Зам муугаас аваар осол гараад байна уу, замын саадгүйд эрдэн хурдаа хэтрүүлснээс эрдэнэт хүний амь нас эрсдээд байна уу гэдгийг харах, дүгнэх л хэрэгтэй юм билээ.

Э.БАТ-ЭРДЭНЭ

“Монголын мэдээ”. 2020.11.09. №096 /5396/

УРАГШИЛСААР ЯВАА УЛААНБААТАР-ДАРХАНЫ ЗАМЫН АЖИЛ ИРЭХ ХАВАР ИД ӨРНӨНӨ  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх