Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

ГАН ЗАМЧДЫН НҮД, ГАЛТ ТЭРЭГНИЙ ЗҮЙМЭРЧ

2020/10/21
ГАН ЗАМЧДЫН НҮД, ГАЛТ ТЭРЭГНИЙ ЗҮЙМЭРЧ

Явж буй галт тэрэгний бөөрнөөс зүүгдчихээд, шар дарцаг гозолзуулан байдаг хүмүүс чухам ямар үүрэгтэй, ямар ажил хийдгийг ойлгодог, ойлгохоор сонирхож байсан хүн цөөн гэдэгт эргэлзэхгүй байна. “Арай л аминаасаа уйдаагүй байлтай, энэ дарцгийг нь харж, дохиог нь хүлээж авдаг хүн байдаггүй байх” хэмээн зэрвэс бодоод өнгөрсөн нь харин олон болов уу. Тэдний ажлын нэг өдрийг сурвалжиллаа.

07.20 цаг. Өглөөний шуурхай 07.30 цагт эхэлдэг. Түүнээс хэдэн минутын өмнө ирээрэй гэсний дагуу 07.20 цагт Улаанбаатар өртөөний ялгах довд (Улаанбаатар өртөөнд ирсэн ачааны галт тэрэгний цувааг задалж, цааш явахыг нь чиглэл, чиглэлээр нь ялгаж, цуваа бэлддэг, Барсын гүүр орчмын хэсгийг ялгах дов гэж нэрлэдэг аж) очиход тухайн өдөр ажиллах ажилчид аль хэдийн хувцсаа солиод хурлын танхимдаа суучихсан байв.

07.30 цаг. Өглөөний шуурхай яг цагтаа эхэллээ. Олонх байгууллагын өглөөний хурал тухайн өдөр хийх ажлынхаа талаар хэлэлцэж, ажил үүргээ хуваарилан, ажилчдадаа заавар зөвлөгөө өгөх маягаар өрнөдөг. Улаанбаатар өртөөнийхний өглөөний хурал ч тэр жишгээр эхлэв. Хаана, хаанаас хэдэн вагон хүлээж авах, хааш нь хэдэн вагон бэлтгэж явуулах, ямар ачааг яаралтай буулгах хэрэгтэй талаар дэлгэрэнгүй танилцуулсны дараа хурал удирдагч ажилчдыг нэрээр нь дуудаж, асуулт асуун, шалгалт маягийн зүйл авах нь харин сонирхолтой аж.

Он гарснаас хойш албаны хэмжээнд болон Улаанбаатар хэсэглэлийн хэмжээнд дутагдал, гологдол, осол хэд гарсан, тэр нь ямар нөхцөлд, юунаас болсон гэсэн ерөнхий агуулгаар хүн бүрт өөр асуулт тавив. Заримаас нь тодорхой тохиолдлуудыг цохон асуулаа. Төмөр замын хэмжээнд гарсан осол, зөрчлүүдийг үр нөлөөгөөр нь дутагдал, гологдол, осол гэх мэтээр ангилдаг юм байна.

Асуугдсан ажилчдын зарим нь дуржигнатал хариулах бол зарим нь шилээ маажин зогсож, “Яагаад уншихгүй байна. Дутагдал, гологдол, ослын мэдээг заавал уншиж судлах ёстой. Ийм хэнэггүй байдлаас болоод алдаа дутагдал гарч байгаа. Ганц хоёр хүний хэнэггүй, хариуцлагагүй байдал бүхэл бүтэн хамт олны зүтгэл, өртөөний ажлыг хойш татдаг” хэмээн зэмлүүлэх юм.

Бусдынхаа гаргасан алдаа дутагдлаас суралцаж, түүнийг давтахгүйн тулд ямар нөхцөлд, яагаад тийм зүйл болсныг бүгд мэдэж байх ёстой гэж төмөр замынхан үздэг аж. Тиймээс алдаа, зөрчлийг бага гэлгүй албан мэдээнд оруулж, хамт олны хэмжээнд танилцуулдаг, түүнийг нь ажилчид бүгд уншиж, танилцах ёстой байдаг аж. Аюулгүй ажиллагааны дүрэм журмаа мөрдөөгүйгээс нэг найруулагч хөлийн зөөлөн эдээ гэмтээсэн, өөр нэг хүн ачаа буулгах гэж байгаад дарагдаж нас барсан гэж лав тэнд дурдагдсан. Төмөр замчин аюулгүй байдлаа хангаж, дүрэм журмаа сахиагүйгээс зөөлөн эдээ гэмтээхээс эхлээд амиа алдах хүртэлх бүх тохиолдлыг тэд мэдэж, судлах ёстой гэнэ.

08.10 цаг. Хурал удирдагч “Нэг алдааг олон давтан гаргавал санаатай үйлдэл гэж үзээд ажлаас халах арга хэмжээ авч буй тул технологио хатуу мөрдөж ажиллаарай” хэмээн сануулснаар хурал өндөрлөж, “Нэг өдөр”-ийг нь сурвалжлах гол баатартайгаа танилцах боломж сая гарав. Түүнийг Эрдэнэчулууны Цогтбаяр гэх бөгөөд Улаанбаатар өртөөний галт тэрэгний найруулагчаар 22 дахь жилдээ ажиллаж буй аж.

Хар үүрээр гэрээс гарсан төмөр замчдад эрч хүч, энерги шаардсан хүнд ажлынх нь өмнө өглөөний цайгаар үйлчилдэг аж. Тухайн ээлжид ажиллах хүмүүс зэрэг цайндаа орох тул багахан дараалал үүсэж, хүүхдийн будаа, шарсан өндөг, талхтай өглөөний цайгаа хүртэх цаг давчуу үлдсэн тул бид тухтай ярилцаж амжсангүй.

08.30. Хам хум цайлаад яаран гарахад найруулагчаа хүлээсэн ТЭМ18ДМ-3004 резерв (галт тэрэгний дан зүтгүүр буюу толгой) ажилдаа гарахад бэлэн зогсож байв. Энэ зүтгүүр дээр найруулагч Э.Цогтбаяр, туслах найруулагч н.Батсайхан, машинч Л.Болор, туслах машинч Б.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй сэлгээний бригад ажилладаг аж.

Тэдний хийх ажил галт тэрэг найруулах. Арай ойлгомжтойгоор тайлбарлавал, урд, хойноос ирсэн ачааны галт тэрэгний урт, урт цувааг задалж, Улаанбаатарт буухыг нь тус тусын салаа замуудад нь тавьж, хүргэж өгч, нийслэлээс цааш явахыг нь чиглэл, чиглэлийнх нь зам дээр аваачна. Өөрөөр хэлбэл, энд тэндээс ирсэн, ийш тийш явах вагонуудыг салгаж, нийлүүлж, чирч, түрж чиглэл, чиглэлийн цувааг бэлддэг гэсэн үг. Замын-Үүдээс л гэхэд Улаанбаатарт буух, Хөтөл, Дархан, Эрдэнэт, Сэлэнгэ, ОХУ руу явах ачаанууд нэг цуваанд ирнэ.

Галт тэрэг гэдэг машин шиг дуртай үедээ, дурын газраараа эргэж, хүссэн газар луугаа дайраад орчихдог эд биш учраас тэр ачаануудыг ялгаж, зүг чигийг нь олуулж, зөв зам дээр нь зөөж аваачин, галт тэрэгний цувааг бэлтгэнэ гэсэн нүсэр ажил аж. Анх галт тэрэгний үзэгч, найруулагч гэх мэтийн нэршлийг сонсоод “Юун ч гоё ганган, театрт хэрэглэгддэг үгнүүд сонгодог юм бэ дээ” хэмээн инээд хүрч байсан бол тэдний хийдэг ажлыг хараад “Нээрэн л галт тэргийг найруулдаг юм байна” гэж бодсоноо нуух юун.

08.35 цаг. Манай сэлгээний бригад Улаанбаатар-2 өртөөний зургадугаар зам дээр ОХУ руу явах вагоныг бэлдэх үүрэг авсан тул уг цуваанд холбох вагонуудыг түрж аваачихаар боллоо. Дагаж сурвалжлах ёстой найруулагч маань “Би одоо вагонд зүүгдэнэ. Та нар намайг дагаж явах аргагүй учраас машинчийн бүхээгт сууж бай” хэмээгээд орхиод явчихлаа.

09.30 цаг. Аялалд явахдаа галт тэрэгний зүтгүүр цуваагаа чирдэг бол галт тэрэг найруулахад цувааг түрж аваачин бусад вагонтой нь холбодог аж. Багадаа 15-20, цаашлаад 50-60 вагон түрэх үе ч байдаг гэсэн. Энэ удаа 20 орчим вагон түрэв. Тийм олон вагон түрсэн машинч урдах замд юу байгааг харах ямар ч аргагүй. Аль болох харагдах орчныг хязгаарлахгүй, шил цонх цэлгэр байх ёстой гэсэн дүрэмтэй автомашины жолооч нарт бол галт тэрэгний машинист нүдээ боолгочихоод таг харанхуйгаар жолоо барьж буй мэт санагдах аж.

Түрж яваа вагонуудын хамгийн урд талынхад зүүгдсэн найруулагч шар дарцгаа зогсоо зайгүй даллаж, үүгээрээ машинчийг удирддаг аж. Галт тэрэгний бөөрнөөс зүүгдээд, хаашаа ч юм шар дарцаг далладаг хүмүүсийг хэн харж, дохиог нь хүлээж авдаг юм бол гэсэн асуултын хариу энэ. Тэр бүхэл бүтэн галт тэрэгний цувааны аюулгүй байдлыг гар дахь шар дарцагтайгаа хамт атгаж явдаг.

Найруулагч шар дарцгаа гарынхаа дээгүүр дохиж байвал урагшаа, хөлийнхөө урдуур дохивол ухаръя, бүтэн тойрог үүсгэн гараа даллавал зогсьё гэсэн дохио. Түүнд өчүүхэн ч сэрэмж алдах, буруу дохих эрх байхгүй. “Галт тэрэгний явдал дунд санаанд хүрсэн зураг дарж амжсангүй. Одоо дарцгаа нэг даллаадхаач” гэхэд “Яаж болдог юм бэ. Дарцаг даллавал машинч өөрт нь дохио өгч байна гэж бодоод хөдөлчихнө” гэснээс шар дарцаг, найруулагч хоёрын үүрэг, хариуцлага мэдрэгдэнэ биз ээ.

Цагт 25 км цагийн хурдтай яваа галт тэрэгнээс зүүгдсэн найруулагч дарцгаа даллахын хажуугаар “20, 10, зөөлөрье” гэх мэтийн нууц код мэт харь хол сонсогдох үгсийг богино холбоогоор дамжуулна. Тэр нь “20 вагоны зай үлдлээ, 10 вагоны зай үлдлээ, хурдаа хас” гэсэн үг юм санж. Төмөр замд хэмжих нэгж нь хүртэл вагон байдаг аж. Ачааны их багыг ч, замын хол ойрыг ч вагоноор хэмжчих юм билээ.

Барсын гүүрний тэндээс гарсан бид түрж явсан вагонуудаа нэгдүгээр хорооллын харалдаа урд шахам байх Улаанбаатар-2 өртөөнд хүргэж, зохих замд нь оруулан, холбох цуваанд нь холбоод буцлаа.

10.30 цаг. БНХАУ руу явах 39 вагон бэлдэх үүрэг Улаанбаатар өртөөны сэлгээний зохицуулагч, ээлжийн ахлагч Д.Самбалхүндэвээс иржээ. Түүнийг Улаанбаатар-2 өртөөний гуравдугаар зам руу аваачих ажил мөн түрүүчийнх шиг өрнөв. Машинчийн өмнөх самбар дахь хурдны заалт цагт 25 км хэмээн заана. Гадаа жаахан зогсоход л өвөл хаяанд ирснийг сануулан жиндээх жавар вагонд зүүгдэж, салхи сөрж яваа хүмүүст бүр ч илүү мэдрэгдэх нь тодорхой.

Вагоноо хүргээд буцах замдаа нэлээд жихүүцсэн бололтой машинчийн бүхээгт орж ирсэн Э.Цогтбаяраас “Их даарав уу” гэхэд “Өө энүүхэнд юу гэж даарах вэ. Харин ч сайхан өдөр байна. Өвөл ид хүйтэнд вагонд зүүгдэх ч бас л чанга шүү дээ. 30-40 градусын хүйтэнд 25 км/цагийн хурдтай салхи сөрөөд хэдэн км явах ямар гэж бодно. Хүйтний эрч хамаагүй нэмэгдэж ирнэ. Ам, хамраа таглаж ороолт ороохоор цантаж, ороолтны ирмэгээр нүүр хөлддөг. Тийм учраас нүүрээ хааж ороолт зүүдэггүй. Тэр ч гайгүй. Сонсголд саад болох малгай өмсөж болохгүй гэхийг яана. Чихнээсээ салалтай биш, их хүйтэнд аргагүйн эрхэд малгай өмсдөг. Хүйтэнд хэт зузаан хувцаслаж болохгүй. Байнга авирч, бууж, үсэрч харайж явдаг болохоор хувцсандаа түүртэнэ, хөдөлгөөнд саад болох, хөдөлгөөн хязгаарлах юм өмсөж болохгүй. Нөгөө талаас, хэт зузаалчихвал хөлөрнө, тэр нь хатаж амжихгүй хайрна. Тэгэхээр нимгэн явсан нь дээр байдаг.

Бороотойд бас явдалтай. Галт тэрэг хурдтай явж байхад өөдөөс бороо шавшихаар нүдний шил зүүгээд ч нэмэргүй, харж болохгүй. Том цув өмсчихөөр шат руу гарахдаа хормой дээр нь гишгэж бүдэрчих гээд их тээртэй. Галт тэрэг цаг агаарын ямар ч нөхцөлд явж л байдаг болохоор бидний ажил ч барагтай бол зогсдоггүй. Бүр онц аюултай үзэгдэл болж, дээрээс шийдвэр гарвал л зогсоно. Гэхдээ тийм тохиолдол цөөн” хэмээв.

11.20 цаг. Дараагийн ажил Зүүнхараа, Дархан, Хөтөл, Салхит гэсэн найруулгатай орон нутгийн ачаатай цувааг Улаанбаатар-2 өртөөний тавдугаар зам дээр бэлэн болгох үүрэг авав. Түрж явсан арваад вагоноосоо гурвыг нь нэг зам дээр үлдээж, түүний яг хажуугийн зам дээр зэргэлдээ байсан гурван вагоныг авчирч нийлүүлэхийн тулд тээр хол явж тухайн зам руу ороод, галт тэргээ чирч буцаад бас л тээр хол явж зам шилжин ирэх гээд хажуугаас нь харахад нэг бодлын залхуутай ажил шиг. Хойшоо чиглэлийн ачаануудыг бэлдэж, Дархан, Эрдэнэт болон Хөтөлийн вагонуудыг тус тусад нь найруулаад буцлаа.

“Бүгдийг нь нэг цуваа болгож явуулна гэж байснаа хойноос (суудлын) урт галт тэрэг явбал хоорондоо зөрж чадахгүй гээд манайхаас богиноор найруулж байна. Хойно удирдахад сууж байгаа нөхөд богинохон авна гэсэн бололтой” гэсээр машинчийн бүхээгт орж ирсэн Э.Цогтбаяраас “Ажил нь залхуутай санагддаг уу” гэтэл “Юун залхах, тийм юм бодох зав гардаггүй” гэв. Ажлын ачаалал хэр байдгийг сонирхоход “Ажилд орсон эхний жилүүдэд ачаа тээвэр харьцангуй бага байсан. Одоо бол тулчихсан ачаалалтай ажиллаж байгаа. Өлсөх, ядрахаа ч мэдрэх завгүй явдаг.

Анх ирсэн залуучууд хоолондоо цадахгүй, нэмүүлье, өөр хоол идье гэцгээдэг. Хэсэг хугацааны дараа тэгэх нь цөөрсөөр хоол ярихаа ч больдог. Одоо би маш бага иддэг. Өдөржин галт тэргэнд зүүгдэж, нааш цааш явдаг болохоор бие засах газраас эхлээд асуудал бий. Ачаалал ихтэй үед давсаг чинэрсэн ч тоохгүй. Тэгж байгаад давсаг чинэрснээ ч мартчихсан явдаг. Жаахан чөлөө гарахаар санана. Дахин дахин бие засах газар хайж гүйхгүйн тулд шингэн зүйл маш бага уудаг.

Манай ажил нэг оволзохоороо бас л айхавтар шүү дээ. Тийм үед станцаар ярих ч завсар олддоггүй. Хамаг юм зангидаж, дохио нээгээд сууж байгаа жижүүр, вагоны бүрэн бүтэн байдлыг шалгах үүрэгтэй үзэгч нар, ээлж удирдаж байгаа диспетчер, дээрээс нь бид станцаар ярина. Дов дээр галт тэрэг задрах үеэр бүгд давхцаж, хачин юм болно шүү дээ. Ярих чөлөө олдохгүй. Тэр шуугиан шаагиан дотроос өөртөө хэрэгтэй мэдээ, дохиог алдахгүй олж сонсох, өөрөө завсар зай олж хэлэх юмаа хэлэх гэдэг бас л авьяас сорино шүү. Завсар зай хүлээгээд ярьж чадахгүй байтал урд юм тулаад ирэх тохиолдол ч байна. Ийм яарсан сандарсан, уралдсан хэмнэлтэй ажил маань залхуутай, хэцүү санагдаж байгаагүй” гэсэн юм.

 

12.30 цаг. “Улаанбаатар өртөөний тавдугаар зам дээр “ДЦС-4”-ийн 24 вагон нүүрс ирсэн. Түүнийг хүргэж өг” гэсэн чиглэл ээлжийн ахлагчаас иржээ. Байнга ачаа ачиж, буулгадаг газрууд руу тавьсан замыг салбар зам гэх бөгөөд хол зайд салбар замд явахдаа вагонуудыг түрэх бус, чирч явдаг аж. Энэ тохиолдолд найруулагч вагоноос зүүгдэж, дарцгаар дохио өгөх ажлаас чөлөөлөгдөх хэдий ч ачаа хүлээлцэх, ломбо лацыг нь шалгах, вагоны эд анги бүрэн бүтэн байна уу гэдгийг үзэх гээд олон хүний гүйцэтгэх үүргийг ганцаараа үүрдэг гэсэн.

13.50 цаг. Улаанбаатарчуудыг дулаан өвөлжүүлэх нөр их ажлынхаа бэлтгэлийг хангаж буй “ДЦС-4”-т нүүрсийг нь хүргэж өгөөд, 50 орчим хоосон вагон чирэн төв рүүгээ явсаар иртэл хоолны цаг хариугүй дуусах гэж байв. Э.Цогтбаяр “Өдөр ч яах вэ, цайны цагаар хоол идээд, хэдэн минут боловч амсхийчихдэг. Шөнийн ээлжид бол хоол унд гэж байхгүй, 20.00-08.00 цаг хүртэл ямар ч амралтгүй яс үзнэ. Тасралтгүй хөдлөөд байхад л ажил барагдахгүй. Бусад өртөө, зөрлөгийг бодвол манайх зам богинотой, хоёр тийшээ тэлэх боломжгүй, давчуу учраас зам дорхноо дүүрчихдэг. Манайх 60-хан вагон багтдаг замтай байтал урдаас 80 вагон орж ирнэ. Гурван 80 орж ирэхэд пиг дүүрнэ. Тиймээс зогсолтгүй ажилладаг” гэлээ.

Өглөөнөөс хойш вагоноос вагонд үсэрч, тухтай ярилцах боломж олдоогүй гол баатартайгаа өдрийн хоолны цагийг ашиглан яриа өрнүүллээ. Тэрбээр “Би долоон хүүхэдтэй айлын дундах нь. Аавынхаа ажлыг үргэлжлүүлж буй ганц нь. Аав минь Улаанбаатар өртөөнд холбогч, найруулагчаар ажиллаж байгаад сүүлд ивүүрчин болсон. Аав орой үдэш хоол ундаа идэж амжихгүй ажилдаа гарна, би хичээлээ тарж ирээд хоолыг нь дөхүүлж өгнө. Вокзалын арын байранд, төмөр замын тосгонд миний бага нас өнгөрсөн дөө.

Төмөр замын 73 дугаар сургуульд суралцаж, төгсөөд цэргийн албанд мордож, цэргээс халагдаад, ахлагч болсон юм. Төсвийн байгууллага цалин багатай, тэгсэн хэрнээ цалингаа тавьж чадахгүй байсан үе. Аав нэг өдөр “Чи ерөөсөө манайд ор. Аавынхаа ажлыг үргэлжлүүл” гэсэн. Ингэж төмөр замчин болсноос хойш 22 жил өнгөрч байна. Аав минь 1988 онд замын аварга болж байлаа. Би 2018 онд замын аварга болсон. Ер нь 2008 оноос хойш байгууллагын аварга, зангилааны аварга, тэргүүний төмөр замчин, мөнгөн шагнал гээд жил бүр л ямар нэг шагнал авдаг даа. Манайх дөрвөн хүүхэдтэй. Том хүү маань ШУТИС-ийг энэ жил төгсөнө. Ихэр охид маань наймдугаар анги, бага хүү тавдугаар анги. Эхнэр өглөө гараад, орой ирдэг ажилтай” хэмээн өөрийгөө болон гэр бүлээ уншигчдад маань танилцуулсан.

“Найруулагчийн ажил хүнд нөхцөлд тооцогддог юм байна. Ер нь хэр эрсдэлтэй ажил вэ?” гэсэн асуултад тэр “Ер нь чанга шүү. Залуу хүний л ажил даа. Манай өртөөнд л гэхэд хамгийн хөгшин нь бараг би байх. 12 цаг тасралтгүй гадаа байна. Нар шарах, жавар тачигнах, бороо орох, цасаар шуурах бидэнд огт хамаагүй. Цасан шамарга, аадар бороонд хүн түр зуур гадаа зогсох ямар хэцүү билээ. Гэтэл бид 25 км/цагийн хурдтай вагонд зүүгдээд явна. Тэгэхдээ бас зүгээр явахгүй, замаа харна, дохиогоо өгнө, станцаар ярина, замд хүн, амьтан харагдвал шүглээ үлээж анхааруулна.

Өчүүхэн сэрэмж алдахад л хүний болон өөрийн эрүүл мэнд, амь нас хохироход ойрхон ажил даа.

Харамсалтай явдал олон гарч байсан. Саяхан гэхэд л нэг залуу вагонд зүүгдэж явж байгаад, гараа сэлгэх гэж урд вагоныхоо хашлагаас барих үед нь вагон огцом тоормослож, дотор нь байсан 40 тоннын чингэлэг гүйгээд хоёр хурууг нь тасдчихлаа. Өөрөөс нь болсон, аюулгүй ажиллагааны дүрэм журам зөрчсөн гэхэд хэцүү иймэрхүү осол цөөнгүй болно. Өнгөрсөн жил нэг найруулагч вагонд хавчуулагдаж нас барсан. Ер нь эрсдэл өндөртэй.

Вагон явж байхад бууж, суух шаардлага бидэнд байнга шахам гарна. Уг нь бол дээд тал нь гурван км/цагийн хурдтай явж байхад бууж, сууна, болж өгвөл вагоноо зогссон хойно буух ёстой гэдэг. Гэхдээ яах аргагүй яаралтай үед 25 км/цагийн хурдтай явж байхад үсэрч буух тохиолдол гардаг. Станц албан ёсны дохионы хэрэгсэл биш. Албан ёсных нь дарцаг. Гэтэл олон вагонтой, эргэж мушгирсан зам дээр явж байх үед дарцгаар дохио өгөхөөр машинч харахгүй.

Олон вагонтой үед замын жаахан мушгирсан хэсэгт л найруулагч харагдахаа больчихдог. Тиймээс үсэрч буугаад харагдах газар очиж дохино. Явж байгаа вагоноос бууна гэдэг яаж ч бодсон амаргүй. Ялангуяа өвөл бол халтирч унах, цаашлаад галт тэргэн доогуураа орчих ч аюултай шүү дээ. Тэглээ гээд юу ч харахгүй тэр олон вагоны хойно яваа машинчдаа дохио өгөхгүй байж болохгүй.

Ялангуяа шөнийн ээлжид гарч байхад согтуу хөлчүү хүмүүс үүгээр түүгээр явна, гэнэт гарч ирнэ, хэцүү. Гэрлээрээ дохио өгөөд, шүгэлээ үлээгээд, сонсохгүй. Ингээд замаас гарахгүй тулаад ирвэл галт тэргээ зогсооно. Ийм тохиодол зөндөө. Өнгөрсөн сард л гэхэд “ДЦС-3” руу нүүрс авч яваад Говийн гүүрний замын голд унтаж байсан согтуу хүнээс болж галт тэргээ зогсоосон” хэмээн хариулсан.

14.30 цаг. Яриандаа автаад өмнөх хоолоо идээгүй сууж байтал Э.Цогтбаяр “Бид хоолоо идсэн бол ажилдаа гарах ёстой. Бүтэн цаг амарна гэсэн юм байхгүй. Резерв гадаа хүлээж байгаа, хэдэн вагон түрж авааччихаад ирье. Та нар хоолоо тайван идээд байж бай” гэчихээд гараад явчихав.

14.50 цаг. Нэг явахаараа нэлээд удаж ирэхийг нь гадарлах болсон тул энэ хооронд өнөөдрийн ажлын талаар ерөнхий мэдээлэл авахаар Улаанбаатар өртөөны сэлгээний зохицуулагч Д.Самбалхүндэвтэй уулзлаа. Тэрбээр “Улаанбаатар өртөөнд ирэх, явах галт тэрэгний төлөвлөгөө өгчихдөг, тэр дагуу ажиллана. Галт тэргийг хэдэн минутын өмнө бэлдэж тавьж, техникийн үзлэг хийлгэх вэ, хэдэн цагт авч явах зүтгүүр нь гарч ирэх вэ гэдэг бүгд хугацаатай. Өнөөдөр Замын-Үүд талаас есөн галт тэрэг авна, Сүхбаатар луу зургаан галт тэрэг, Чойр тал руу гурван галт тэрэг явахаар байна. Хоногийн буулгалтын мэдээ гэвэл, Улаанбаатар өртөөнд 372 вагон тавигдсан. Үүний 284-ийг буулгалтад тавьж өгсөн, 67 нь гаалийн шалгалтад орох гэх мэтийн тодорхой шалтгаантайгаар үлдэж байгаа. Төлөвлөгөө ёсоор 305 вагон буухаар байсан, 350 вагон буулга гэсэн үүрэг даалгавар ирсэн учраас буулгалтыг 45 вагоноор нэмэхийн тулд сэлгээний ажлыг хамгийн түргэн шуурхай хийх, ирсэн вагоныг салбар замуудад технологит хугацаанд нь тавьж өгч, өмнө нь буусан вагоныг зөрүүлж авна. Манай холбогч, найруулагч, зүтгүүрийн бригад дүрэм журмын дагуу саадгүй явж байж энэ ажлыг хийнэ” гэв.

16.30 цаг. АБТМА-ын салбар зам руу 20 орчим вагон аваачиж, ачааг нь буулгасан 18 вагон татаж ирлээ гэсээр сэлгээний бригад маань ирэв.

17.30 цаг. “Туушин”-гийн салбар замд ачаатай найман вагон тавьж, ачааг нь буулгасан зургаан вагон авчрав.

18.00 цаг. “ДЦС-4”-т дахин 30 вагон нүүрс иржээ. Улсын онцгой объект “ДЦС-4”-ийн нүүрсийг хоёр цагийн дотор хүргэж өгөх ёстой байдаг аж. Ганц “ДЦС-4” ч гэлтгүй, бүх ажил нь цаг нарыг нь тодорхой заасан хугацаатай байдаг юм билээ.

“ДЦС-4” рүү явж байтал өсгийтэй гутал өмссөн эмэгтэй галт тэрэгний өмнүүр гүйж зам гарав. Төмөр замын хажуугаар алхаж явснаа галт тэрэг 40-50 метр дөхөөд ирэхэд гэнэт зам гарахаар гүйсэн тэр эмэгтэй бидний үнхэлцгийг хагалах шахсан. Машинч “Ингээд цус харвуулчих гээд байдаг юм. Хүмүүс бас хачин шүү, яарсан шинжгүй тайван алхаж байснаа галт тэрэг яг тулаад ирэхээр урдуур гүйдэг. Машинтай хүмүүс бас ялгаагүй. Амиа хорлоё л гээгүй юм бол бүдрээд унах вий, машин гэнэт унтрах вий гэж боддог байх хэрэгтэй шүү дээ. Галт тэргийг тоормос гишгэнгүүт зогсдог унаа гэж боддог шиг байгаа юм” хэмээн бухимдсан.

Энэ явдлаас үүдээд замын холд бидний яриа ослын сэдэв рүү хэсэг халтирав. Э.Цогтбаяр “Төмөр замд ажиллах хугацаандаа хэцүү зүйлтэй нэг биш таарсан. Ихэвчлэн л хүмүүсийн хайхрамжгүй, хэнэггүйгээс болдог юм. Дов дээр задаргаа хийж байтал нэг нөхөр вагон доогуур шургаж гарч ирээд хөлөө дайруулчихсан. Гүйгээд очтол хоёр хөл нь байхгүй, тасарсан хэсэг нь чимхсэн юм шиг хумигдчихсан, цус ч бараг гарахгүй болчихсон байв. Цус нь дотроо хуримтлагдаж байгаад нэг задрахаараа тогтдоггүй бололтой юм билээ. Тэр хүний халаасанд байсан утасны хамгийн дээр “Ээж” гэсэн дугаар байхаар нь залгаад “Хүүхэд чинь ингэчихлээ” гэж хэлээд, нөгөө хүн сандраад бөөн юм болсон. Гэтэл тэр нөхөр захаас хүний утас хулгайлчихаад явж байсан юм билээ.

Бас вагон руу авирч нүүрс түүдэг хүүхдүүд их хэцүү байсан. Явж буй вагон руу авирах гэж байгаад унаад дугуйн доогуур орчихсон явдал манай вагонд ч тохиолдож байлаа. Тэр урт цувааны араас авирч байгааг машинч, найруулагч аль аль нь мэдэхгүй шүү дээ. Ийм явдал болсон байна гэхэд л мэдсэн. Хэцүү юм билээ” хэмээв.

20.00 цаг. “ДЦС-4”-ийн 30 вагон нүүрсийг хүргэж өгөөд, суларсан 48 вагоныг нь аваад буцаж ирэхэд ажил тарах цаг болж байв. Өдөржин вагоноос зүүгдэн салхи, жаварт алгадуулж, галт тэрэгний явдал дунд үсэрч бууж, урт урт цувааг салгаж, нийлүүлж, дээгүүр, доогуур нь шургаж гүйсэн найруулагч “Бидний ажлыг хүмүүс нэг их анзаардаггүй юм. Харин “Өнөөдөр” сонин сурвалжлахаар ирсэнд баярлалаа” гээд амрахаар явав. Тэр маргааш шөнийн ээлжид гарна.

Х.УЯНГА

Эх сурвалж: "Өнөөдөр" сонин. 2020.10.19. №204 /7006/.

 

ГАН ЗАМЧДЫН НҮД, ГАЛТ ТЭРЭГНИЙ ЗҮЙМЭРЧ  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх