Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

ЭМГЭНЭЛ

2020/09/28

БАДАМЫН ЛУВСАН

/1937-2020/

 Монгол улсын авто замын 2 дахь инженер, Монгол улсын гавьяат барилгачин, зөвлөх инженер Моотгон харгана овогт Б.Лувсан  2020 оны 09-р сарын 25-ны өдөр өвчний учир таалал төгслөө.

Б.Лувсан  нь 1937 онд Дорнод аймгийн Дашбалбар суманд төрсөн. 1956-1962 онуудад Москвагийн авто замын дээд сургуульд суралцан, авто замын инженер мэргэжлээр төгсжээ.

Тэрээр 1962 онд Замын хэрэг эрхлэх газраас ажлын гараагаа эхэлж, 1965 оноос Улаанбаатар хот дахь төвийн зам барилга конторт ерөнхий инженер, 1966 онд Замын хэрэг эрхлэх газрын Үйлдвэр, техникийн хэлтсийн даргаар, 1968 онд  Тээврийн яамны замын хэлтсийн даргаар, 1981 оноос СнЗ-ийн дэргэдэх Авто замын ерөнхий газар орлогч даргаар, 1989-1990 онуудад Зам, тээврийн яамны орлогч сайд, Авто замын газрын дарга, 1990-1992 онуудад Авто замын нэгтгэлийн ерөнхий захирал,1992 оноос хойш Шинжлэх ухаан үйлдвэрлэлийн авто замын институт, Авто замын газарт эрдэм шинжилгээний ажилтан, хэлтсийн дарга, мэргэжилтэн, зөвлөхөөр ажиллаж байгаад тэтгэвэрт гарчээ.

 Б.Лувсан нь гүүрийн хамгаалагчийн заавраас эхлээд Авто замын засвар, арчлалтын техникийн дүрмийг хүртэлх авто замын салбарын олон арван журам, дүрэм, гарын авлага, норм норматив боловсруулсан бүтээлч инженер байлаа.

Б.Лувсан нь 1998 онд батлагдсан “Авто замын тухай” хуулийн эх дээр гардан ажиллаж, сүүлийн жилүүдэд үе үеийн Засгийн газруудын үйл ажиллагааны хөтөлбөрт Авто замыг хөгжүүлэх талаар тодорхой заалтуудыг оруулж, хэрэгжилтийг нь хангуулах талаар үнэтэй санал зөвлөгөө өгч ажиллаж байсан.

Мөн  Монголын Авто замчдын ахмадын хорооны даргаар 10 гаруй жил ажиллаж, гавьяаныхаа амралтад байгаа ахмадууддаа эх орныхоо түүхэн дурсгалт газрууд, авто замын бүтээн байгуулалттай танилцах боломж олгож, авто замын салбарын 70 жилийн  түүхийг бичилцсэн ,  авто замын нэвтэрхий толь болсон инженер билээ.  

Зөвлөх инженер Б.Лувсангийн Монгол улсын авто замын салбарын  хөгжилд өөрийн бүхий л амьдрал, нөр их хөдөлмөр, оюун ухаан, авьяас чадвараа зориулан ажиллаж бодит хувь нэмрээ оруулж ирсэн гавьяаг төр засаг өндрөөр үнэлж Тэргүүний замчин, Онц тээвэрчин,  Хөдөлмөрийн хүндэт медаль, Алтан гадас одон , Монгол улсын гавьяат барилгачин цол, Ардын хувьсгалын 50, 60, 70, 80, 90 жилийн ойн медалиудаар шагнажээ.

 Бидний эрхэм багш, гавьяат инженер Б.Лувсан таны авто замын салбарын төлөө зүтгэсэн  хөдөлмөр зүтгэл, ажилч хичээнгүй, шулуун шударга, манлайлагч,  нөхөрсөг зан чанар бидний сэтгэл зүрхэнд мөнхрөн үлдэж, үүрд дурсагдах болно.

Гэр бүл, үр хүүхэд, ач зээ нарт нь гүн эмгэнэл илэрхийлье.

Зам, тээврийн хөгжлийн яам

Зам, тээврийн хөгжлийн төв

Монголын авто замчдын холбоо

Сэтгэгдэл бичих:

Нэмэх