төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

Ц.Сүхбаатар: Энэ бүх гэрээ хэлцлүүдэд ЗТЯ маш сайн үүрэг гүйцэтгэсэн

2014/08/27
Ц.Сүхбаатар: Энэ бүх гэрээ хэлцлүүдэд ЗТЯ маш сайн үүрэг гүйцэтгэсэн

БНХАУ-ын дарга Си Жинпиний айлчлалын үр дүнгийн талаар Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ц.Сүхбаатар хэвлэлд ярилцлага өгчээ. Тэрбээр айлчлалын үр дүнд байгуулсан хоёр улсын Засгийн газар хоорондын гэрээ хэлэлцээр, протокол, санамж бичгүүдийг чухалчлан үзэж байгаа илэрхийлжээ.

Тодруулбал “Айлчлалын үеэр Монгол Улсаас экспортолж байгаа бараа бүтээгдэхүүнийг Хятадын зах зээл болоод Хятадын нутаг дэвсгэрээр дамжуулаад гурав дахь зах зээлд гаргахад чиглэсэн дөрвөн чухал гэрээ хэлцлүүд байгуулсан.  Үүний хамгийн чухал нь төмөр замын дамжин өнгөрөх тээврийн хамтын ажлыг өргөжүүлэх тухай Засгийн газар хоорондын ерөнхий хэлэлцээрийг байгуулсан байгаа. Транзит тээврийн маань нөхцөл чиглэлийг тогтоосон гол хэлэлцээр энэ юм. Үүнийг байгуулахын тулд маш олон гэрээ хэлэлцээр явагдсан. 2014 оны эхнээс Зам, тээвриийн яамны төлөөлөгчид Бээжинд нийт 20 гаруй удаагийн хэлэлцээ хийж байж тохирсон. Эцсийн байдлаар айлчлал болохын өмнөх өдөрт тохирч байх жишээтэй. Маш удаан хугацаанд үр дүнтэй хийсний эцэст төмөр замаар дамжин далайн боомтуудад хүрэх чиглэл, тээвэрлэх ачааны хэмжээ, тн/км-ийн тарифын хөнгөлөлт зэргийг тохирч чадлаа. Хамгийн гол нь бид Хятадын дотоодын сүлжээнд төмөр замаар холбогдсон нөхцөлд Монголоос гарч байгаа барааныхаа гуравны хоёрыг тус улсын зах зээлд борлуулж, гуравны нэгийг нь тэдний нутгаар дамжуулан гуравдагч зах зээл рүү гаргахаар тохирлоо. Үүнийг зөвхөн Хятадын талаас төмөр замаар бүх боломжийг хангаж өгнө. Тарифыг одоогийн төмөр замын байгууллагуудын мөрдөж байгаагаас  40 хувийн хямд байхаар тохироод гарын үсэг зурсан. Энэ асуудал УИХ-аар орж хэлэлцэн баталснаар Хятадын талд мэдэгдэж, хүчин төгөлдөр болж мөрдөгдөнө. Үүнтэй холбогдуулаад Хятадын талаас өөрийнхөө нөхцөл шаардлагыг тавьж эхэлж байгаа.

            Энэ дөрвөн хэлэлцээрийн дотор мөн Монгол Улс Хятадын нутаг дэвсгэрээр далайд гарах болон буцах, дамжин өнгөрөх тухай гэсэн 1991 оны хэлэлцээрийг өөрчилсөн заалт оруулсан байгаа. Хуучин БНХАУ-ын Тэньжин боомтоор Монгол Улсын дамжин өнгөрөх тээвэр хийгддэг байсан бол одоо бүх нээлттэй боомтууд руу дамжин өнгөрөх тээвэр хийж болно гэсэн зарчмыг нээж өгч байгаа юм. Дээрээс нь  1955  оны хилийн төмөр замын тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийг шинэчилсэн санамж бичиг байгууллаа. Үүгээр Замын-Үүдээс гадна төмөр замын дөрвөн гарцыг Шивээхүрэн, Бичигт, Гашуунсухайт, Нөмрөгт гэсэн боомтуудаар нээхээр хоёр тал тохирлоо. Монгол Улсын далайд гарах боломжийг ингэж шийдсэн цогц гэрээ хэлэлцээрүүд байгуулагдсан.

Энэ бүгдэд Зам, тээврийн яам маш сайн ажилласан гэдгийг зориуд цохон хэлмээр байна. Үүнийг дээрээс УИХ-ын өгсөн чиглэлд нийцүүлж гэрээ байгуулна гэдэг бол үнэхээр том амжилт гэж дүгнэж байгаа” хэмээсэн байна. 

Ц.Сүхбаатар: Энэ бүх гэрээ хэлцлүүдэд ЗТЯ маш сайн үүрэг гүйцэтгэсэн  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх