төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр агаарын тээвэр салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

МЭНДЧИЛГЭЭ

2020/07/31
МЭНДЧИЛГЭЭ

            Өдгөөгөөс ная гаруй жилийн тэртээ анх үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлэн улс орны нийгэм, эдийн засгийг тэтгэх хөгжлийн нэгэн томоохон хөшүүрэг байсаар ирсэн төмөр замын салбарын ахмад буурлууд, нийт ажилчдадаа “Төмөр замчдын мэргэжлийн баяр”-ын халуун мэндийг өргөн дэвшүүлье. Манай төмөр замын салбарын хөгжлийн түүхэн үе шатыг энэ салбарт сэтгэл зүрх, залуу халуун нас, нөр их хөдөлмөр, туршлагаа зориулж, хойч үедээ үлгэрлэж ирсэн үе үеийн төмөр замчид та бүхэнгүйгээр энэ өдрийг төсөөлөшгүй билээ.

Манай улс 1938 онд Улаанбаатар-Налайх чиглэлд 43 километр урттай нарийн царигийн төмөр зам анхлан барьж, мөн ондоо Ардын хувьсгалын 17 жилийн ойн баярыг тохиолдуулж анхны галт тэргийг аялуулснаар түүхийн шинэ хуудсыг нээж байсан бол өнөөдөр бид төмөр замын ууган байгууллага “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэг, “Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн төв” улсын төсөвт үйлдвэрийн газар, “Монголын төмөр зам” Төрийн өмчит хувьцаат компани, “Тавантолгой төмөр зам” хязгаарлагдмал хариуцлагатай компани, “Болдтөмөр Ерөө гол” хязгаарлагдмал хариуцлагатай компани зэрэг төмөр замаар овоглосон томоохон байгууллагууд, туслах үйлдвэр, аж ахуй нэгжүүд олноор байгуулагдаад байна. Мөн төмөр замын нийт сүлжээний урт 1950 орчим километр болон нэмэгдэж, жилд 28 сая.тонн ачаа тээвэрлэдэг, төмөр замын 16500 ажилчидтай, говийн бүсэд шинээр 681,6 километр төмөр замын их бүтээн байгуулалтыг цогцлоон бүтээж буй томоохон салбар болж өргөжин тэлж, хөгжлийг түүчээлсээр байна.

Энэ түүхэн хугацаанд манай улсын эдийн засгийн гол бүс нутгууд төмөр замаар холбогдон, техник технологийн шинэчлэлүүдийг үе шаттай хэрэгжүүлснээр улсын нийт ачаа тээврийн 70 хувь, зорчигч тээврийн 20 гаруй хувийг гүйцэтгэж, Улаанбаатар төмөр замын гол шугам нь Ази-Европыг холбосон тээврийн хамгийн дөт коридор болж, хоёр хөршийн төдийгүй бүс нутгийн худалдааны харилцаанд транзит тээврийн үүргийг амжилттай гүйцэтгэж байна.

Дэлхий нийтийг хамарсан цар тахлын энэ үед төмөр замаар ачаа тээврийг тасралтгүй гүйцэтгэж, гадаадаас олон зуун иргэдээ татан авч, дотооддоо цар тахлаас урьдчилан сэргийлэх дэглэмийг хатуу мөрдөн ажиллаж байгаа төмөр замчид, Улаанбаатар төмөр зам Хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Төв эмнэлгийн ажилчид та бүгдээр бахархаж байгаагаа илэрхийлье.

Бид төмөр замын тээврийн салбарын эрх зүйн орчныг сайжруулах зорилгоор Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын тухай хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн барилаа. Хууль шинэчлэн батлагдсанаар төмөр замын тээврийн салбарын хөгжил, Монгол Улсын эдийн засаг, нийгэмд бодитой эерэг үр дүн гарна гэж үзэж байна.

Улс орныхоо хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулж, түүхэн хөгжлийн хугацаандаа улс орны үнэт баялагийг бүтээж ирсэн Та бүхэндээ ирээдүйн их бүтээн байгуулалтын төлөө оюун ухаан, сэтгэл зүрхээ зориулан ажиллахыг хүсэхийн зэрэгцээ нийт төмөр замчид болон тэдний гэр бүлд ажил, амьдрал нь үргэлж өөдөө дэвжиж байхын өлзийтэй сайхан ерөөлийг өргөн дэвшүүлье.

ГАН ЗАМЧДЫН ЯРУУ АЛДАР БАДАРТУГАЙ!

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН,

ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙД Л.ХАЛТАР

Сэтгэгдэл бичих:

Нэмэх