Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

МОНГОЛ УЛСЫН АВТОТЭЭВРИЙН САЛБАР 2016-2020 ОНД

2020/07/28
МОНГОЛ УЛСЫН АВТОТЭЭВРИЙН САЛБАР 2016-2020 ОНД

Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны бүрэн эрхийн 4 жилийн хугацаанд автотээврийн салбарынхан Монгол Улсын хөгжил дэвшил, эдийн засгийг өсгөх үйл ажиллагаанд хувь нэмрээ оруулж, ололт амжилтаар дүүрэн 95 жилийн ойгоо угтаж байна.

Эрх зүйн орчинг сайжруулах чиглэлээр:

                 Монгол, БНХАУ, ОХУ-ын Засгийн газар хооронд “Азийн авто замын сүлжээгээр олон улсын автотээвэрлэлт гүйцэтгэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг 2018 онд БНХАУ, ОХУ-ын Засгийн газартай байгуулав. Монгол Улс Олон улсын тээврийн форумд элсэх тухай асуудлыг Засгийн газрын 2020 оны 02 дугаар сарын 04-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэн дэмжиж 46 дугаар тогтоолоор баталсан. Монгол Улс одоогийн байдлаар Орос, Хятад, Казахстан, Украин, Турк, Беларусь, Киргиз, Латви, Ардчилсан Солонгос, Унгар, Литва зэрэг 11 улстай “Олон улсын автотээврийн харилцааны тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр” байгуулан тээвэрлэлтийг гүйцэтгэж байна. Монгол Улс болон БНХАУ-ын хооронд хийгдэж буй худалдаа тээврийг хөнгөвчлөх үүднээс Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын автотээврийн хэлэлцээрийг хэрэгжүүлэх тухай Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн яам, БНХАУ-ын Тээврийн яам хоорондын протоколыг шинэчлэн байгуулсан. Ингэснээр шилжүүлэн ачих боломжгүй ачаа барааг шилжүүлэн ачилт хийлгүйгээр шууд хүрэх газарт тээвэрлэх боломж бүрдсэн.

                 “Автотээврийн тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгын төслийг  2019 оны 04 дүгээр сарын 24-ны өдөр УИХ-ын өргөн мэдүүлээд байна.  Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 321 дүгээр тогтоолоор “Төрөөс автотээврийн салбарт баримтлах бодлого”-ын баримт бичиг батлуулж, бодлогын баримт бичгийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг Зам тээврийн хөгжлийн сайдын 2018 оны 286 дугаар тушаалаар батлуулан, хэрэгжилтийг зохион байгуулж байна.

                 Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үндэсний хөтөлбөрийг Засгийн газрын 2019 оны 163 дугаар тогтоолоор, Үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүн, дүрмийг Засгийн газрын 2019 оны 128 дугаар тогтоолоор батлуулав. Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах Үндэсний зөвлөл 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдөр анхдугаар хуралдааныг Ерөнхий сайдаар ахлуулан хуралдаж,  үйл ажиллагааныхаа төлөвлөгөө, зөвлөлийн ажиллах журмыг батлан, ажиллаж байна.

                 Автотээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх дүрмийг Зам тээврийн хөгжлийн сайдын 2020 оны А/24 дүгээр тушаалаар шинэчлэн батлуулав. “Ачаа, зорчигч тээврийн жишиг тариф”-ыг Зам, тээврийн хөгжлийн сайдын 2019 оны 374 дүгээр тушаалаар шинэчлэн батлуулав. Автотээврийн салбарт 2016-2020 онд 40 гаруй үндэсний стандартыг боловсруулж, шинэчилж батлуулсан байна. Үндэсний ачаа тээвэр, логистикийн сүлжээний зураглалыг боловсруулав. “Тээврийн хэрэгслийн хог хаягдлыг цэвэрлэх, цуглуулах, ангилах, тээвэрлэх, дахин боловсруулах, сэргээн ашиглах, устгах, булшлах журам”-ыг боловсруулж Зам, тээврийн хөгжлийн сайдын 2020 оны А/86 дугаар тушаалаар батлуулж, хэрэгжилтийг зохион байгуулан ажиллаж байна.

Бүтээн байгуулалтын чиглэлээр:

                Сангийн яамтай хамтарч БНСУ-ын Засгийн газар, Монгол Улсын Засгийн газрын хоорондын зээлийн хэлэлцээрийн хүрээнд “Улс, хот хоорондын нийтийн зорчигч тээврийн үйлчилгээнд дэмжлэг үзүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлэх зээлийн хэлэлцээрийг байгуулж, БНСУ-ын “Хюндай моторс компани”-тай байгуулсан гэрээний дагуу 43 автобусыг хүлээн авч, нийслэлийэ нийтийн тээврийн үйлчилгээнд ашиглаж байна. Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 122 дугаар тогтоолыг хэрэгжүүлж, ханган “МОН-30” загварын их багтаамжийн 2 цахилгаан автобусыг Монгол Улсад анх удаа үйлдвэрлэн, хүлээн авлаа.

              Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд Төв аймгийн Лун сумын нутаг дэвсгэрт “Урьхан-2”, Баян-Чандмань сумын нутаг дэвсгэр Аглагийн хийд рүү эргэдэг уулзварт “Мастер грийн” ХХК, Ховд аймгийн Дарви суманд “Эбон тур” ХХК авто замын дагуух үйлчилгээний барилга байгууламжийг, Хэнтий аймгийн Өндөрхаан суманд “Баялаг онон” ХХК автобуудал, улсын төсвийн болон “АТҮТ” ТӨҮГ-ын хөрөнгөөр Төв аймгийн Зуунмод сум, Архангай аймгийн Эрдэнэбулган сум, ыБаян-Өлгий аймгийн Өлгий сум, Завхан аймгийн Улиастай сум, Хөвсгөл аймгийн Мөрөн сум, Баянхонгор аймгийн Баянхонгор сум, Дорноговь аймгийн Сайншанд суманд автобуудал, техникийн хяналтын үзлэгийн төвийн барилгыг барьж ашиглалтад оруулж үйл ажиллагаагаа эхлүүлэв.

Автотээврийн салбарт шинэ мэдлэг, шинэ санаа, шинэ технологи шилдэг бүтээгдэхүүн, үйлчилгээг бий болгож байгаа шинийг санаачлагч, инженер, зохион бүтээгч, шилдэг аж ахуйн нэгжийг алдаршуулах, олон нийтэд түгээн дэлгэрүүлж сурталчлах, урамшуулах зорилгоор “Инноваци-автотээвэрт” өдөрлөг, семинарыг 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр зохион байгуулав. Азийн хөгжлийн банкны техникийн туслалцааны хүрээнд “Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах бодлого, хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах” ТА 9137-МОН, “Монгол Улсын Тээврийн ухаалаг системийн бодлого, хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах” ТА-9131 МОН төслүүдийг хэрэгжүүлэв.

              Монгол Улс, БНХАУ-ын хооронд байнгын ачаа тээвэрлэлт гүйцэтгэх зөвшөөрлийн бичгийн олголтыг ил тод болгох үүднээс Зам, тээврийн хөгжлийн сайдын 2019 оны 173 дугаар тушаалаар “Монгол Улс болон БНХАУ-ын хооронд байнгын ачаа тээвэрлэлт гүйцэтгэх тээврийн хэрэгсэлд зорчих зөвшөөрлийн бичиг олгох журам”-ыг батлан хэрэгжүүлж байна. Тавантолгойн уурхайгаас хийгдэж буй нүүрсний тээвэрлэлтэд үүсч буй тулгамдсан асуудлыг Засгийн газрын 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн хуралдаанаар хэлэлцүүлэн, Засгийн газрын 01 дугаартай албан даалгаварыг гаргуулан, хэрэгжүүлж ажиллав.Засгийн газрын 2018 оны 101 дүгээр тогтоолын дагуу Өмнөговь аймгийн Ханбогд  сумын нутаг дэвсгэр Гашуунсухайт боомтод “Түгээмэлтүмэн хишиг” ХХК 19 тэрбумын төсөвт өртөгтэй авто зогсоолын барилга байгууламж болон мөн Цогтцэций суманд “Шанх манинг” ХХК авто замын дагуух үйлчилгээний барилга байгууламжийн барилга угсралтын ажлаа эхлүүлж, 2020 онд ашиглалтад оруулахаар ажиллаж байна.

Тээвэрлэлтийн чиглэлээр:

              Монгол, Орос, Хятад гурван улсын Засгийн газар хооронд “Азийн авто замын сүлжээгээр тээвэрлэлт гүйцэтгэх тухай” хэлэлцээр байгуулах ажлын хүрээнд Монгол Улсын Зам, тээврийн сайдын 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 17 дугаар тушаалын дагуу Азийн авто замын сүлжээний 3-р авто зам (AH-3 коридор)-ын дагуу “Тяньжин боомт - Улаанбаатар хот - Улаан-Үд хот”-ын чиглэлд олон улсын туршилтын ачаа тээвэрлэлтийн ажиллагааг 2016 оны 08 дугаар сарын 13-наас 26-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулсан. Туршилтын тээвэрлэлтийн хугацаанд ОХУ-ын цувааг тосохоос эхлэн, БНХАУ-ын цувааг гаргаж өгөх хүртэлх хугацаанд Монгол Улсын нутаг дэвсгэрт 4080 км, БНХАУ-ын нутаг дэвсгэрт 1800 км, ОХУ-ын нутаг дэвсгэрт 468 км буюу нийт 6348 км замыг туулсан байна.

              Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2.222-т “эрэлтэд нийцсэн, хүрээлэн байгаа орчинд ээлтэй тээврийн ухаалаг систем нэвтрүүлэх”, Монгол-Оросын Засгийн газар хоорондын комиссын Тээврийн ажлын хэсгийн 2016 оны 12 дугаар хуралдааны протоколд тусгагдсан Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумаас ОХУ-ын Улаан-Үүд хотын чиглэлд зорчигчдын байнгын тээврийн үйлчилгээг эхлүүлэхтэй холбогдуулан Зам, тээврийн хөгжлийн сайдын 2016 оны 68 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг холимог тээврийн үйлчилгээг 2016 оны 10 дугаар сарын 27-30-ны өдрүүдэд туршилтаар зохион байгуулав. Туршилтын тээвэрлэлтийг зохион байгуулах ажлын хүрээнд тасалбар түгээх автомат машин турших, Улаанбаатар – Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум–Улаан-Үүд чиглэлд төмөр замын тээвэр, автотээврийн төрлүүдээр хамтарсан туршилтын тээвэрлэлтийг зохион байгуулав.

              Дотоодын ачаа тээвэрлэлтийн үйл ажиллагааг нэгдсэн зохион байгуулалтад оруулах ажлын хүрээнд “Монгол шуудан” ХХК, “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ хамтран ажиллах, түүний дотор “Сонгинохайрхан” авто вокзалд зорчигчийн тээш хадгалах, илгээмжийн ачааг хүлээн авч бүртгэлжүүлэн тээвэрлэх ажлыг 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдөр албан ёсоор эхлүүлэв. Нийслэлийн нийтийн зорчигч тээврийн үйлчилгээнд төлбөрийн цахим систем” төсөл, угсраа автобусны үйлчилгээ, эко автобусны туршилтын үйлчилгээ зэргийг нэвтрүүлэв.

              2018 онд Нэгдсэн Үндэстний Байгууллагын Европын Эдийн Засгийн Комисс (НҮБЕЭЗК) болон Олон Улсын Автотээврийн Холбоо (ОУАТХ)-ноос хамтран “Үндэсний ТИР семинар” сэдэвт чадавхийг бэхжүүлэх сургалтыг 2019 оны 06 дугаар сарын 18-19-ний өдрүүдэд Монгол Улсад амжилттай зохион байгууллаа.  “Бүс нутгийн тээвэр, логистикийн хамтын ажиллагаа-Хөгжлийн зам” олон улсын бага хурлыг НҮБ-ын АНДЭЗНК-ын дэмжлэгтэйгээр улс хоорондын болон дамжин өнгөрөх тээврийг хөгжүүлэх, эдийн засгийн үр ашигтай, аюулгүй, тогтвортой тээврийн үйлчилгээг хөгжүүлэх, бусад улс орнуудын туршлага, мэдлэгийг хуваалцах, зам, тээврийн салбарын олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор  2017 оны 10 дугаар сарын 19-нөөс 20-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион. “Азийн авто замын сүлжээгээр олон улсын автотээвэрлэлт гүйцэтгэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлын хүрээнд Зам, тээврийн хөгжлийн яам, Монголын автотээвэрчдийн нэгдсэн холбоо, Олон улсын автотээврийн холбоо /IRU/-тай хамтран “Олон улсын автотээвэр ба ТИР конвенцын үүрэг” сэдэвт сургалтыг энэ сарын 24, 27-ны өдрүүдэд зохион байгууллаа. Олон улсын автотээврийн холбоо болон Монголын Автотээвэрчдийн нэгдсэн холбоотой хамтран 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдрөөс 10-ны өдрүүдэд “Аюултай ачаа тээвэрлэх тухай” олон улсын конвенци, Жолоочийн болон тээврийн хэрэгслийн багийн ажил амралтын горимын тухай /AETR/ хэлэлцээр, мөн “Ачааг аюулгүй ачих буулгах технологи” сэдвээр үндэсний хэмжээнд 16 сургагч багшийг бэлтгэлээ.

              “Байгаль орчин ээлтэй тээвэр” сэдэвт Засгийн газар хоорондын 11 дэх удаагийн олон улсын чуулганыг Барилга хот байгуулалтын яам болон Гадаад харилцааны яамтай хамтран 2018 оны 10 дугаар сарын 2-ноос 5-ны өдрүүдэд Монгол Улсад амжилттай зохион байгуулав.

              Азийн авто замын сүлжээгээр олон улсын автотээвэрлэлт гүйцэтгэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийг хэрэгжүүлэх Хамтарсан хорооны анхдугаар хурлын бэлтгэлийг хангах зорилгоор 2019 оны 06 дугаар сарын 5-6-ны өдрүүдэд БНСУ-ын Инчеон хотод гурван талын экспертүүдийн уулзалт зохион байгуулагдсан. Уг уулзалтаар хэлэлцэн тохиролцсны дагуу хэлэлцээрийг хэрэгжүүлэх гурван талын Хамтарсан хорооны анхдугаар хурлыг Тээврийн дэд сайдын хэмжээнд 2019 оны 07 дугаар сарын 03-04-ний өдрүүдэд БНХАУ-ын Манжуур хотод зохион байгуулсан. Хурлын үеэр энэхүү хэлэлцээрийн хүрээнд тээвэрлэлт гүйцэтгэх 200 ширхэг зөвшөөрлийн бичгийг талууд харилцан солилцлоо.          Олон улсын зорчигч тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд Баян-Өлгий аймгийн Өлгий сумаас Бүгд Найрамдах Казахстан Улсын Алмата, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумаас ОХУ-ын Улаан-Үд, Өмнөговь аймгийн Ханбогд сумаас БНХАУ-ын ӨМӨЗО-ны Халиут балгас, Гашуунсухайт боомтоос БНХАУ-ын Ганц мод боом гэсэн чиглэлүүдийг шинээр нээж, тээвэрлэлтийн үйлчилгээг эхлүүлсэн.

              Зам, тээврийн хөгжлийн сайдын 2019 оны 270 дугаар тушаалаар Хөвсгөл аймаг - Дархан-Уул аймаг, Дархан-Уул – Дорноговь аймгийн Замын-Үүд сум, Дорнод аймгийн Хэрлэн сум - Дорноговь аймгийн Замын-Үүд сум, Хөвсгөл аймаг – Орхон аймаг, Орхон аймаг – Архангай аймаг, Увс аймгийн Улаангом сум - Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын чиглэлд тус тус хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээний чиглэл, чиглэлийн зураглалыг батлуулав.

              “Уул уурхайн бүтээгдэхүүний экспортын тээвэрлэлтийн үйл ажиллагааг онцгой нөхцөл байдалд зохион байгуулах түр журам”-ыг 2020 оны 02 дугаар сарын 23-ны өдөр, “Хилийн авто замын боомтоор улс хоорондын ачаа тээвэрлэлтийг зохион байгуулах түр журам”-ыг 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр, "Онцгой нөхцөлд улс хооронд дамжуулан өнгөрүүлэх ТИР карней бүхий бараа, тээврийн хэрэгсэлд хяналт тавих түр журам"-ыг 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын даргаар батлуулж, эдгээр журмуудын дагуу олон улсын ачаа тээвэрлэлтийн үйл ажиллагааг зохицуулж, зохион байгуулж байна.

МОНГОЛ УЛСЫН АВТОТЭЭВРИЙН САЛБАР 2016-2020 ОНД   
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх