Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

Автотээврийн салбарын 95 жилийн ойн мэндчилгээ

2020/07/16

Мэндчилгээ

 

      Эрхэм хүндэт Тээвэрчид ээ!

Монгол Улсад Автотээврийн салбар үүсч хөгжсөний 95 жилийн ой баярыг тохиолдуулан салбарын хөгжлийн төлөө гар бие оролцсон нийт ахмадууд, инженер, техникийн болон үйлчилгээний ажилтнууд, тээвэрчид, залуу хойч үеийнхэндээ баярын мэндчилгээг дэвшүүлж, ажлын өндөр амжилт хүсье!

1925 оноос эхлэлтэй Автотээврийн салбар нь өдгөө 95 жилийн хугацаанд үндэсний тээврийн сүлжээг өргөжүүлэн, аюулгүй, найдвартай, хүртээмжтэй тээврийн үйлчилгээг ард, иргэддээ хүргэх, чадварлаг хүний нөөцийг бүрдүүлэх, салбарын хууль эрх зүйн орчинг сайжруулах, гадаад харилцааг өргөжүүлэх, тээврийн байгууллагуудыг чадавхижуулах, тээврийн хяналт, зохицуулалтыг сайжруулах, экспортын тээврийг нэмэгдүүлэх зэргээр тээврийн салбарт төдийгүй улс орны эдийн засаг, нийгмийн үйл ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэж ирлээ.

Гадаад, дотоодын зах зээлд тээвэрлэлтийн болон тээврийн хэрэгслийн аюулгүй, найдвартай байдлыг хангах, тээврийн байгууллагуудын үйл ажиллагааны болон санхүүгийн чадавхийг нэмэгдүүлэх, жолоочийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, тээвэр, худалдааг хөнгөвчлөх, гадаад худалдааг нэмэгдүүлэх чиглэлээр Засгийн газар хоорондын хэлэлцээр, Олон Улсын гэрээ, конвенцид нэгдэн орж, үндэсний тээврийн сүлжээгээр дамжуулан олон улсын тээврийн сүлжээнд нэгдэх замаар тээвэрлэлт хийх боломжийг бүрдүүлэн ажиллалаа.

Тухайлбал, автотээврийн гадаад харилцаа, хамтын ажиллагааны томоохон дэвшлийн нэг нь Монгол Улс, Оросын Холбооны Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хооронд “Азийн авто замын сүлжээгээр автотээвэрлэлт гүйцэтгэх тухай хэлэлцээр”-ийг 2018 онд байгуулж, УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэн соёрхон батлуулснаар Монголын тээвэрчдийг дэлхийн зах зээлд гаргах боломж бүрдлээ.

Автотээврийн тухай хуулийг шинэчлэн найруулж, 2019-2020 онд хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Монгол Улсын Засгийн газар, УИХ-д өргөн бариад байна.

Түүнчлэн “Төрөөс автотээврийн салбарт баримтлах бодлого”, “Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үндэсний хөтөлбөр”, “Тээврийн ухаалаг системийг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг Монгол Улсын Засгийн газарт танилцуулан, хэлэлцүүлж батлууллаа. Ингэснээр автотээврийн салбар хөгжлийн бодлого, хөтөлбөртэй боллоо.

2016 оноос хойш автотээврийн салбарын бүтээн байгуулалтыг улсын төсөв, төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хийж, жолооч, зорчигчдын ая тухыг хангасан авто замын дагуух үйлчилгээний байгууламж, зорчигч үйлчилгээний автобуудал, тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэгийн төвүүдийг Монгол орны 21 аймагт барьж байгуулан, ашиглалтад хүлээн аваад байна.

Салбарын 95 жилийн хугацаан дахь ололт, амжилтын үндэс нь тээвэрчдийн маань ажлын үр дүн, хүч хөдөлмөр юм.

Үндэсний тээврийн сүлжээг бүрдүүлэгч Автотээврийн салбар нь Монгол Улсын ачаа тээврийн 65 хувийг, зорчигч тээврийн 98 хувийг гүйцэтгэж буй материаллаг үйлдвэрлэлийн дөрөв дэх том салбар юм. Автотээврийн үнэ өртөгөөс Монгол Улсын эдийн засаг, бараа бүтээгдэхүүний үнэ, иргэдийн амжиргаа шууд хамааралтай.

Иймээс Монгол Улсын хөгжилд автотээврийн салбарын эзлэх байр суурийг улам тодотгож, зах зээлийн эрэлт, нийлүүлэлттэй уялдуулан хямд үнэ, үйлчилгээний чанараар хэрэглэгчдийг татах, тэдний тээвэрлэлтийн хэрэгцээг хангах, автотээврийн үйлчилгээг тээврийн бусад төрөлтэй уялдуулах, үйлчилгээний сахилга, соёлыг дээшлүүлэн ажиллах нь автотээвэрчид бидний хойшлуулшгүй зорилтын нэг гэдгийг тэмдэглэн хэлэхийг хүсч байна.

Шинжлэх ухаанд суурилсан, техник технологийн дэвшилд тулгуурласан орчин үеийн автотээврийн салбарын хөгжлийг тодорхойлоход чухал үүрэг гүйцэтгэж буй журмын нөхөд, инженер, техникийн ажилтнууд, байгаль цаг агаарын хүндрэлтэй нөхцөлд иргэд, малчдад шуурхай тусламж үзүүлэх, улс ардын аж ахуйн их бүтээн байгуулалт, уул уурхайн бүтээгдэхүүний нийлүүлэлтийг хангаж буй ачааны хүндийг үүрэлцэж яваа тээвэрчид, жолооч нартаа Монгол Улсад Автотээврийн салбар үүсэж, хөгжсөний 95 жилийн ойн баярын мэндийг хүргэж, эрүүл энх, аз жаргалыг хүсье.

 

        Автотээвэрчдийн алтан шар зам нь өлзийтэй байх болтугай.

 

Зам, тээврийн хөгжлийн яамны

Төрийн нарийн бичгийн дарга    С.Батболд

Автотээврийн салбарын 95 жилийн ойн мэндчилгээ  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх