Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

ДОРНОД, СҮХБААТАР ЧИГЛЭЛИЙН ЗАМЫН АЖИЛ УДААШРАЛТАЙ БАЙНА

2014/08/19
ДОРНОД, СҮХБААТАР ЧИГЛЭЛИЙН  ЗАМЫН АЖИЛ УДААШРАЛТАЙ БАЙНА

 

Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгасан гол ажлын хүрээнд 2012-2016 онд бүх аймгийн төвийг хатуу хучилттай автозамаар холбох зорилт тавьж өнгөрсөн жилээс уг хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн. Одоогоор Баянхонгор, Говь-Алтай, Дорноговь, Хөвсгөл, Сүхбаатар зэрэг аймгийн төвийг хатуу хучилттай замаар холбоод байгаа билээ. Орон нутгийн зам засварын ажил ирэх аравдугаар сарын дундуур дуусах төлөвлөгөөтэй байна.  Зам тээврийн сайд А.Гансүх Сүхбаатар аймагт зам барилгын ажлын гүйцэтгэл хэдэн хувьтай явагдаж байгаатай өнгөрсөн амралтын өдрүүдэд танилцлаа. Сүхбаатар аймгийн Мөнххаан сумаас Баруун-Урт хүртэлх 45.3 км хатуу хучилттай замын ажлын төслийг “Түмэн-Арвижих” ХХК гүйцэтгэж байна.   Харин Баруун-Уртаас Өндөрхаан хүртэлх 132.6 км замын ажлыг “Арж капитал” ХХК гүйцэтгэж байгаа аж. Гүйцэтгэлийн ажил одоогоор 70 гаруй хувьтай, хатуу хучилт хийгдээгүй байгаа аж. Учир нь хур бороо элбэг орсноос болж сар гаруй хугацаанд ажил хойшилж тасарсан гэдгийг тус компанийхан онцолж байв. Уг замд  5-7 см-ийн зузаантай хоёр давхар хатуу хучилттай хийж байгаа учраас гүйцэтгэлийн ажил удааширч байна гэдгийг компанийн зүгээс Зам тээврийн сайд А.Гансүхэд учирлаж байсан юм. Харин Зам тээврийн сайд А.Гансүх сэтгэл дундуур буйгаа илэрхийлж тус компаниудад ажлын шинэ төлөвлөгөө болон замын ажлын гүйцэтгэлийг хугацаанаас нь өмнө хүлээлгэж өгөхийг анхааруулсан. Тэрбээр “Өнөөдөр замын гүйцэтгэлтэй танилцахад нийт 40 гаруй км зам хучигдахгүй үлдэх шинжтэй харагдаж байна. “Түмэн Арвижих” компанийн хувьд 45 км замын ажлаас 22 км нь дутах шинжтэй харагдаж байна. “Арж капитал”-аас мөн адил 20 км дутаж байна. Гэхдээ бидэнд ажлын 40 хоног үлдсэн учраас энэ хугацаанд шахаж ажиллавал хийчихээр байна. Мэдээж цаг уураас шалтгаална. Бороотой үед үнэхээр хучилт хийгддэггүй, технологи зөрчигдөж, чанаргүй зам баригддаг. Эдгээр ажлыг гүйцэтгэж буй компаниудыг ажиглавал компанийн дотоод менежмент учир дутагдалтай, зохион байгуулалт муу байна гэж дүгнэлээ. Иймээс “Түмэн-Арвижих” компанийн 22.5 км замын ажлыг өөр компанид хариуцуулна. “Арж капитал” ХХК-ийн 132 км замын 30 километрийг нь өөр чадвартай компанид даалгасан нь дээр гэж дүгнэлээ” гэв. Зам тээврийн сайд А.Гансүх замын ажлын гүйцэтгэлтэй танилцаж тэдэнд анхааруулга өгчихөөд явсан юм. Түүний дараа дээрх компанийн удирдлагууд “Үлдсэн хугацаанд ажлаа эрчимтэй явуулж шинэ төлөвлөгөө боловсруулахгүй бол өөр компанид зам засах ажлыг алдвал дахин шинээр бүгдийг эхлэх болно. Тиймээс одоо сайн шахаж ажиллах хэрэгтэй” хэмээн ухаарч хоцров.

 

ХЯТАДЫН ЗүүН ХОЙД МУЖТАЙ ХОЛБОХ ЗАМЫН АЖИЛ 60 ХУВЬТАЙ БАЙНА

Сүхбаатар аймгийн  Баруун-Урт, Мөнххаан, Өндөрхаан  сумдын чиглэлийн замын ажилд нийт 66 тэрбум төгрөгийн төсөв зарцуулж байгаа аж. Тус замын ажилд  нийт 219 техник 180 гаруй хүн байрлан ажиллаж байгаа юм байна. Замын хучилтын ажил авсан компаниуд өөр өөрөөр хийж байв. “Арж капитал” ХХК-ийн 132.6 км зам өдөрт хоёр километрээр хоёр талаас нь хучилт хийдэг бол “Түмэн-Арвижих” ХХК-ийн 45 км зам хоёр талаасаа өдөрт 500 метрээр хучилтын ажлыг явуулдаг байна. Өнөөдрийн байдлаар нийт 60 км замыг хучжээ. Замын ажилчид 08.00-20.00 цаг хүртэл бригадаараа ажилладаг аж. Баруун-Уртаас Өндөрхаан явах чиглэлийн замын ихэнх нь чулуун суурин далантай хэдэн км үргэлжилсэн хучилт хийгдээгүй зам харагдах нь замын ажил дуусах болоогүйг илтгэнэ.  Замын ажил удааширч буй шалтгааны талаар “MIL” зөвлөхийн багийн ахлагч О.Пүлжин “Ажил удааширч байгаа  шалтгаан нь буталсан чулууны нөөц багассантай холбоотой. Одоогоор цементээр суурь хучилт хийн туршиж байна. Энэ 60 хоногт шахаж ажиллавал хугацаандаа дуусах боломжтой. Мөн цаг агаарын байдал зам барилгын ажилд нөлөөлсөн” гэлээ. Хучилт хийхэд буюу асфальтаар хучихад гол материал нь буталсан чулуу болон нүүрсний нунтаг  аж. Буталсан чулуу, шигшсэн нүүрс хоёрыг холигч машин (резакль)-иар 180 градусын халуунд  индүүдэгч машинаар см-ээр индүүдэж  давхарлах ажил дахин давтамжтай явагдаж байлаа. Энэхүү зам нь Дорнод, Хятадын зүүн хойд мужтай шууд холбогддогоороо ач холбогдолтой  гэдгийг тус компанийн удирдлагууд онцолсон. “Арж капитал” ХХК-ийн захирал Х.Мөнх-Эрдэнэ “Өнгөрсөн жил манайх далангийн ажил хийж дууссан. Асфальтны ажлыг 15 км хийж гүйцэтгэсэн. Ажлын явц одоогоор 60 орчим хувьтай байна. Сүүлийн үеийн шийдлээр хийж гүйцэтгэсэн гурван жилийн баталгаат хугацаатай” гэх товч тайлбарыг өгөв. Харин замын гүйцэтгэл, хяналтын ажлыг явуулдаг “Ар Си Эс Си” ХХК-ийн зүгээс манайд тавигдаж буй бүх зам олон улсын стандартад III зэрэглэлд ордог гэдгийг хэлсэн юм. Гуравдугаар зэрэглэл гэдэг нь тийм ч сайндаа орохгүй ч хүнд даацтай машиныг даахгүй аж. Зам гүйцэтгэлийн ажилтай танилцаж байх үеэр  тус компанийн удирдлагууд болон Зам, тээврийн сайд А.Гансүх “Валютын хэлбэлзлээс болж алдагдалд орох магадлал өндөр байна” гэдгийг онцолж байлаа. Аливаа замыг  засах, өргөтгөх, шинэчлэхийн тулд эдийн засгийн нөөц бололцоондоо тааруулдаг гэдгийг мөн дурьдсан. Хөдөө орон нутаг аймгуудыг холбох замын төслийн ажил дуусч байгаа аж. Тодруулбал, ирэх 2015 онд Увс, Ховд, Баян-Өлгий аймгийн замыг нийслэлтэй холбож дуусах аж. Түүнчлэн Зам, тээврийн яамны захиалгаар Баруун урт-Бичигт чиглэлийн 277.3 км автозамын зураг төслийг боловсруулж ирэх оноос тус замын гүйцэтгэлийн ажлыг эхлүүлэх гэнэ.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Дэлгэрцэцэг

ДОРНОД, СҮХБААТАР ЧИГЛЭЛИЙН ЗАМЫН АЖИЛ УДААШРАЛТАЙ БАЙНА  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх