төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

ШВЕД УЛСАД ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН АСУУДЛААРХ ДЭЛХИЙН САЙД НАРЫН 3 ДУГААР ХУРАЛДААН БОЛЛОО

2020/02/21
ШВЕД УЛСАД ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН АСУУДЛААРХ ДЭЛХИЙН САЙД НАРЫН 3 ДУГААР ХУРАЛДААН БОЛЛОО

Шведийн Хаант Улсын Засгийн газар Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын дэмжлэгтэйгээр Стокхольм хотноо 2020 оны 2 дугаар сарын 19-20-ны өдрүүдэд зохион байгуулсан “2030 дэлхийн зорилтуудад хүрэх нь” сэдэвт Замын хөдөлгөөний аюулгүй байдлын асуудлаарх дэлхийн сайд нарын 3 дугаар чуулга уулзалтад Монгол Улсаас Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд тэргүүтэй төлөөлөгчид оролцлоо.

Энэхүү чуулга уулзалтад дэлхийн 140 улсын 1700 гаруй төлөөлөгч оролцсон бөгөөд дэлхийн хэмжээнд тулгамдаж буй асуудлуудын нэг замын хөдөлгөөний аюулгүй байдлыг цогц байдлаар авч үзэн, хэлэлцэв. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд замын осол зөрчлийн улмаас амь насаа алдсан, гэмтсэн хүний тоог 50 хувиар бууруулах тухай НҮБ-аас баталсан 2030 он хүртэлх Тогтвортой хөгжлийн зорилтуудад тусгагдсан зорилтыг хэрэгжүүлэхэд гарсан ахиц дэвшил, ололт амжилт, хүндрэл бэрхшээл, сорилтуудын талаар ярилцан, батлагдсан сайн туршлага, мэдлэгийг хуваалцсан юм. Мөн ирэх 10 жилийн хугацаанд авч хэрэгжүүлэх үйл ажиллагааны стратегийн чиглэлийг тогтоон Стокхольмын Тунхаглалд тусган баталлаа.

ОХУ-ын Москва хотноо 2009 оны 11 дүгээр сарын 19-20-ны өдрүүдэд зохион байгуулагдсан Замын хөдөлгөөний аюулгүй байдлын асуудлаарх Дэлхийн сайд нарын анхдугаар хуралдаанаас замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах 10 жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөг батлахаар санаачилж, Москвагийн тунхаглалд тусган оруулсан байдаг. Үүний дагуу НҮБ-ын Ерөнхий ассамблейгаас 2010 оны 3 дугаар сард 2010-2020 оныг Замын хөдөлгөөний аюулгүй байдлын дэлхийн үйл ажиллагааны 10 жил хэмээн зарлан тунхагласан ба 2015 онд Бразилиа хотноо 2 дугаар хуралдааныг хуралдуулж, үйл ажиллагааны дунд хугацааны хэрэгжилтийн явцад үнэлэлт дүгнэлт өгсөн юм.

Манай улсын хувьд Үндэсний стратегид тусгагдсан зорилтот арга хэмжээнүүдийг цаашид үргэлжлүүлэн хэрэгжүүлэх үүднээс “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний хөтөлбөр” болгон шинэчилж, Засгийн газраас 2019 онд баталсан бөгөөд энэхүү хөтөлбөр 2023 он хүртэл хэрэгжих юм.

Цаашид Монгол Улс 2030 он хүртэлх замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах 5 тулгуурт 12 гол зорилтын хүрээнд замын хөдөлгөөнд оролцох дадал, соёл болон ослоос урьдчилан сэргийлэх чадварыг хүний зан үйл, ухамсарт дадал болгон хэвшүүлэх, аюулгүй дэд бүтцийг хөгжүүлэх, тээврийн ухаалаг системд тулгуурласан тээврийн хэрэгслийн хэрэглээг нэмэгдүүлэх зэрэг арга хэмжээг цогц байдлаар авч хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

ШВЕД УЛСАД ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН АСУУДЛААРХ ДЭЛХИЙН САЙД НАРЫН 3 ДУГААР ХУРАЛДААН БОЛЛОО  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх