Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

ЗТХ-ИЙН САЙД Б.ЭНХ-АМГАЛАН БНХАУ-ААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД ЧАЙ ВЭНЬРУЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

2020/02/20
ЗТХ-ИЙН САЙД Б.ЭНХ-АМГАЛАН БНХАУ-ААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД ЧАЙ ВЭНЬРУЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Чай Вэньруйг хүлээн авч уулзаж, хоёр орны зам, тээврийн салбарын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Уулзалтын эхэнд Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан Элчин сайд Чай Вэньруйг манай улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдсонд баяр хүргэж, цаашдын ажилд нь амжилт хүсэв. Тэрбээр, өнгөрсөн жил Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиож, ойн хүрээнд хоёр талын хамтарсан дэд бүтцийн томоохон төсөл хөтөлбөрүүд амжилттай хэрэгжсэнийг дурдав.

Тухайлбал, БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд Баянхонгор-Байдрагийн гүүр чиглэлийн авто зам, Тосонцэнгэл-Улиастай, Улаанбаатар-Хөшигийн хөндийн олон улсын шинэ нисэх онгоцны буудал чиглэлийн хурдны авто зам, мөн тээврийн урсгал хамгийн ихтэй Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замуудыг чанартай, цаг хугацаанд нь барьж ашиглалтад оруулахад БНХАУ-ын ЭСЯ-ны зүгээс ихээхэн дэмжлэг үзүүлж ажилласанд талархал илэрхийллээ.

Элчин сайд Чай Вэньруй хүлээн авч уулзаж буйд Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгаланд талархал илэрхийлээд, стратегийн түншлэлийн харилцааг чухалчилж ирсэн хөрш хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд худалдаа, эдийн засаг зэрэг бүхий л шатанд тасралтгүй өсөн нэмэгдэж байгаад баяртай байгаагаа дурдав. Тэрбээр Элчин сайдаар томилогдон ажиллах хугацаандаа хоёр орны харилцааны хүрээнд төмөр зам, авто зам, автотээвэр, агаарын тээврийн хамтын ажиллагааг шат ахиулахад санаачилгатай, онцгой анхаарч ажиллан, дээрх салбаруудын хамтын ажиллагаа өндөр түвшинд хөгжинө хэмээн найдаж байгаагаа тэмдэглэлээ.

Б.Энх-Амгалан сайд Азийн авто замын сүлжээний АН-3 чиглэлийн Монгол Улсын нутаг дэвсгэрийг дайран өнгөрдөг хэсгийн хамгийн их ачаалалтай Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.11 километр авто замыг шинэчлэх ажлыг 2019 оны 06 дугаар сард эхлүүлсэн бөгөөд АХБ-ны худалдан авах ажиллагааны журмын дагуу БНХАУ-ын 4 компани шалгаран ажиллаж байгаа ба хоёр хэсэгт барилгын ажил удаашралтай байгаа тул энэхүү төслийг гэрээт хугацаанд нь, чанартай хийж гүйцэтгэхэд анхаарал хандуулан ажиллахыг Элчин сайдаас хүслээ.      

Мөн тэрбээр Монгол Улс, БНХАУ-ын хооронд агаарын хаалганы тоог нэмэгдүүлж, агаарын шинэ хаалгыг Монгол Улсын Говь-Алтай аймаг, БНХАУ-ын Шинжаан Уйгурын автономит мужтай хиллэдэг хэсэгт нээхээр хэлэлцэж тохиролцсон ба Хятадын талаас удаашралтай байгаа энэхүү асуудлыг ажил хэрэг болгоход анхаарал хандуулж ажиллах хүслээ илэрхийлэв.

Сүүлийн жилүүдэд тасралтгүй өсөн нэмэгдэж буй тээврийн хэрэгцээг хангахын тулд боомтуудын үйл ажиллагааны хүчин чадлыг нэмэгдүүлэх, нүүрс тээврийн гол боомт Гашуун сухайтыг олон улсын статустай болгож, 24 цагийн үйл ажиллагаатай болгох, нүүрсийг чингэлгээр тээвэрлэх зэрэг асуудалд анхаарал хандуулах шаардлага хэрэгцээ байгааг онцлов.

Мөн Эрээн боомтын ачаа хүлээн авах, хил нэвтрүүлэх хүчин чадал хүрэлцэхгүй байгаагаас шалтгаалан дамжин өнгөрөх болон экспортын ачаа саатаж байгаа тул шинээр Ханги-Мандал төмөр замын боомтыг байгуулах хэрэгцээ тулгарч байгааг дурдаад Элчин сайдыг энэхүү асуудалд дэмжлэг үзүүлэхийг хүслээ.

Элчин сайд Чай Вэньруй Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалангийн хөндсөн дээрх асуудлуудад онцгой анхаарал хандуулан ажиллахаа тэмдэглээд, Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын гүйцэтгэгч БНХАУ-ын компаниудтай холбогдож, энэхүү төслийг гэрээт хугацаанд нь чанартай хийж гүйцэтгэхэд онцгой анхаарч, хамтран ажиллахаа илэрхийллээ.  

ЗТХ-ИЙН САЙД Б.ЭНХ-АМГАЛАН БНХАУ-ААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД ЧАЙ ВЭНЬРУЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх