Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

ТАЙЛБАР МЭДЭЭЛЭЛ

2020/02/12
ТАЙЛБАР МЭДЭЭЛЭЛ

Улс орны хөгжлийг тэтгэх зам, харгуйн ажил нь төр ард түмний хоорондын нэгдмэл зорилго, ойлголт дор хийгддэг эдийн засаг, техник, технологи, цаг хугацаа, хүн хүчний чадамж шаардсан ажил юм.

Зам тээврийн салбарт удаашралтай байсан 133 төсөл арга хэмжээг 2019-2020 онд идэвхжүүлж, ажлын уялдааг сайжруулж, нэгдсэн удирдлага, зохион байгуулалтад оруулснаар нийт 748.5 километр хатуу хучилттай авто зам, 896.3 урт метр төмөр бетон гүүрийг ашиглалтад оруулаад байна.

Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.11 километр авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажил Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжиж буй “Бүс нутгийн авто зам хөгжүүлэх, засвар арчлалтын төсөл”-ийн хүрээнд 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдрөөс бүтээн байгуулалтын ажил эхэлсэн. 

Гүйцэтгэгчийг АХБ-ны Худалдан авах ажиллагааны журмын дагуу 5 багц хэсэгт хувааж, тус банкны зөвлөхүүдийн хяналтан дор сонгон шалгаруулалтыг явуулж, АХБ-ны зөвшөөрлийг үндэслэн 2019 оны 06 дугаар сард гэрээ байгуулсан. Тус авто замын бүтээн байгуулалтын ажлын техник, технологийн хяналтыг олон улсын инженерүүдийн нийгэмлэгээс гаргасан гэрээ, эрх зүйн хүрээнд БНЭУ-ын “Интерконтинентал Консалтантс энд Технократс” компани болон АХБ-ны төслийн нэгж хамтран хэрэгжүүлж байна.

Төслийн гүйцэтгэгч компаниуд нь 2019 онд 06 сарын 21-ний өдрөөс 11 сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд 207 километр хайрган хучилттай түр замыг барьж байгуулан авто замын барилгын үндсэн ажлын 30 гаруй хувийг хийж гүйцэтгэсэн. 2019 онд нийт зам барилгын ажлын 60 орчим хувийг гүйцэтгэхээр төлөвлөсөн боловч өнгөрсөн зуны улиралд 29 хоногт нь цаг агаарын хүндрэлтэй нөхцөл байдал нөлөөлсний зэрэгцээ, зарим гүйцэтгэгч нарын ажлын зохион байгуулалт хангалтгүй байснаас болж тодорхой хэсгийн ажил удааширсан.

Зам барилгын ажлыг хангалтгүй гүйцэтгэж буй компаниудтай гэрээ эрх зүйн хүрээнд хариуцлага тооцох чиглэлээр Монгол Улсад суугаа АХБ-ны суурин төлөөлөгчийн газраар дамжуулан Манила хот дахь АХБ-ны төвд албан ёсоор хандаад байна. АХБ нь Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын бүтээн байгуулалтад онцгой анхаарч, төслийн үйл ажиллагааг амжилттай хэрэгжүүлэхийн төлөө Монгол Улсын Засгийн газар, Зам, тээврийн хөгжлийн яамтай нягт хамтран ажиллаж, манай улс дахь суурин төлөөлөгчийн газраас нөхцөл байдлыг хянан, зохион байгуулалтаар хангахаар болоод байна.

Зам барилгын ажлын гэрээнд өвлийн улиралтай холбогдуулан барилгын ажлыг түр зогсоож, 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр үндсэн трассаар тээврийн хөдөлгөөнийг нээсэн. Барилгын ажлыг төлөвлөгөөний дагуу 2020 оны 03 дугаар сарын 01-ний өдөр эхлүүлж, 2020 оны 06 дугаар сард дуусгахаар төлөвлөсөн.

БНХАУ-д гарсан коронавирусын дэгдэлт, тархалтын улмаас товлосон хугацаандаа гадаад ажиллах хүчийг оруулж ирэх боломжгүй нөхцөл байдал үүсэх эрсдэлтэй байгааг харгалзан дотоодын аж ахуйн нэгжүүдийн нөөц, хүчээр гүйцэтгүүлэх боломжийг судалж, Зам, тээврийн хөгжлийн яам, санхүүжүүлэгч АХБ, төслийн гүйцэтгэгчид, Зөвлөх баг, Төслийн нэгж хамтран төлөвлөгөө боловсруулан ажиллаж байна.

Замын барилгын ажил хэрэгжиж эхэлснээс хойш Улаанбаатар-Дарханы чиглэлд зам тээврийн ослын тоо нэмэгдсэн мэтээр ташаа мэдээллийг зориудаар олон нийтэд түгээж байгаа нь зохисгүй үйлдэл юм. Тээврийн цагдаагийн албаны албан ёсны мэдээллээр зам барилгын ажил эхэлсэн 2019 оны 06 сарын 17-аас 2019 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замд бүртгэгдсэн осол, хэргийн тоо нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 19.8 хувиар буурсан үзүүлэлттэй байгаа юм. 

Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг цаашид хоёр урсгал бүхий дөрвөн эгнээ авто зам болгож өргөжүүлэх бөгөөд шинээр баригдах хоёр эгнээ авто замын төслийг Европын сэргээн босголтын хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлэхээр болж, зам барилгын ажлын гүйцэтгэгч болон зөвлөхийг сонгох олон улсын тендерийн шалгаруулалт явагдаж байна.

Эх орныхоо зам тээврийн дэд бүтцийг хөгжүүлэх их бүтээн байгуулалтын ажлыг нэгдсэн зорилго, зорилтын төлөө, улстөржихгүйгээр хамтдаа хийж бүтээх нь Монголын ард түмний эрх ашигт нийцэх юм.

Зохих хууль тогтоомжийн хүрээнд зохион байгуулагдаж буй үндэсний бүтээн байгуулалтын ажилд саад учруулж, үндэслэлгүй сөрөг мэдээлэл олон нийтэд түгээж байгаа зохисгүй үйлдлээ зогсоохыг зарим хэвлэл мэдээллийн байгууллагад мэдэгдэж байна.

ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН ЯАМ

ТАЙЛБАР МЭДЭЭЛЭЛ  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх