Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

МОНГОЛ, БЕЛАРУСЬ ХОЁР ОРНЫ ЗАМ, ТЭЭВРИЙН САЛБАРЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ШИНЭ ШАТАНД ГАРГАНА

2020/01/30
МОНГОЛ, БЕЛАРУСЬ ХОЁР ОРНЫ ЗАМ, ТЭЭВРИЙН САЛБАРЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ШИНЭ ШАТАНД ГАРГАНА

-Беларусийн аж үйлдвэрийн бүтээгдэхүүнийг Монгол Улсад нийлүүлэх талаар санал солилцлоо-

Монгол Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан Бүгд Найрамдах Беларусь Улсын Тээвэр, харилцаа холбооны сайд Алексей Николаевич Авраменкогийн урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийж байгаа билээ. Айлчлалын хоёр дахь өдөр Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан тэргүүтэй төлөөлөгчид Беларусь улсын Аж үйлдвэрийн сайд, Монгол-Беларусийн Засгийн газар хоорондын комиссын Беларусийн талын дарга П.В.Утюпинтэй уулзаж, Монгол Улсад Беларусийн аж үйлдвэрийн салбарын бүтээгдэхүүнийг нийлүүлэх олон талт боломжийн талаар санал солилцлоо. Тухайлбал, Беларусийн МАЗ, Белаз, Минскийн тракторын үйлдвэр зэрэг үйлдвэрлэгчид нь ачаа тээвэр, зорчигч тээвэр, уул уурхай, хөдөө аж ахуй, барилгын зориулалттай бүх төрлийн тээврийн хэрэгслийг үйлдвэрлэдэг. Тиймээс Монгол Улсын нөхцөлд нийцсэн бүх төрлийн ачааны машин, тусгай зориулалтын техник, автобус нийлүүлэх, мөн хоёр улсын хооронд байгуулсан экспортын зээлийн хүрээнд санхүүжилтийг шийдвэрлэх боломжтойг онцлон ярилцав.

-Авто замын тусгай зориулалтын техник худалдан авахаар ярилцлаа-

Сайд Б.Энх-Амгалан 2015 оноос хойш яригдаж буй Беларусийн МАЗ компанид үйлдвэрлэсэн тусгай машин болон авто зам цэвэрлэх, услах, элс болон тусгай бодис цацах зориулалттай машиныг тус бүр 21 ширхгийг худалдан авах төслийн хэрэгжилтийн талаар ярилцаж, Монголын авто замын засвар арчлалтыг сайжруулахад уг техникийн хэрэгцээ шаардлага их байгааг дуулгаад санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэж ажиллахаа илэрхийллээ.

-Беларусь Улс Монголд ачааны вагон угсрах үйлдвэр байгуулах саналыг дэмжив-

Монгол Улсад уул уурхайд түшиглэсэн төмөр замын төслүүд эрчимтэй хэрэгжиж байгаатай холбоотойгоор уул уурхайн бүтээгдэхүүний олборлолт нэмэгдэхийн хэрээр ачааны вагоны парк нэмэгдүүлэх шаардлага тулгарч байгааг юуны өмнө онцолсон. Энэ хүрээнд Беларусийн Могилевын вагоны үйлдвэртэй хамтран Монгол Улсад ачааны вагон угсрах үйлдвэр байгуулах боломжийг судалж, эдийн засгийн үр өгөөжийн тооцооллын үндсэн дээр хамтын ажиллагааг эхлүүлэх саналтай байгааг илэрхийлэв. Харин Беларусь Улсын талаас дээрх саналуудыг дэмжиж, бүх талаар хамтран ажиллах боломжтойг онцолсны зэрэгцээ санхүүжилтийг шийдвэрлэхэд Беларусийн Хөгжлийн банкны экспортыг дэмжих зээлийн үйлчилгээг авч ашиглах боломжтойг дурдав. Учир нь хоёр улсын хооронд байгуулсан 50 сая еврогийн зээлийн шугамын хүрээнд шийдэх боломж байгаа талаар ярилцлаа.   

-Нийтийн тээврийн салбарт хамтран ажиллахаа илэрхийллээ-

Беларусь Улсын Аж үйлдвэрийн сайд П.В.Утюпин хоёр улсын Засгийн газар хоорондын комиссын үйл ажиллагааны хүрээнд тээврийн салбарын хамтын ажиллагааг холбогдох баримт бичиг, ажлын төлөвлөгөөнд тусгайлан оруулбал бодит ажил хэрэг болгож хэрэгжүүлэхэд ихээхэн ач холбогдолтойг тэмдэглээд энэ жил Минск хотноо болох ээлжит хуралдаанд дээрх асуудлуудыг нарийвчлан оруулж хэлэлцүүлэхийг санал болгов. Мөн МАЗ компанийн авто замын техникийг Монголд нийлүүлэхтэй холбогдуулан уг техникийн ашиглалтад шаардлагатай хайрга болон битум эмульсийн үйлдвэрлэлийг зохион байгуулах, шаардлагатай тоног төхөөрөмжийг нийлүүлэх асуудлуудын талаар хамтарсан ажлын хэсэг байгуулж ажиллахаар тохиролцов. Түүнчлэн Улаанбаатар хотын нийтийн тээврийн автобусны парк шинэчлэлд зориулж МАЗ үйлдвэрийн автобусыг захиалагчийн техникийн шаардлагын дагуу үйлдвэрлэн нийлүүлэх, түүний дотор байгаль орчинд ээлтэй хийн болон цахилгаан хөдөлгүүрт автобусыг нийлүүлэх сонирхолтой байгаагаа танилцуулж, хоёр улсын зам, тээврийн салбарын хамтын ажиллагаа улам өргөжин хөгжинө гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.

Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалангийн энэ удаагийн айлчлалыг Монгол, Беларусь хоёр орны зам тээврийн салбарын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргасан уулзалт боллоо хэмээн хоёр тал тэмдэглэв.   

МОНГОЛ, БЕЛАРУСЬ ХОЁР ОРНЫ ЗАМ, ТЭЭВРИЙН САЛБАРЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ШИНЭ ШАТАНД ГАРГАНА  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх