Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

НИЙТИЙН ТЭЭВРИЙН САЛБАРЫГ ХӨГЖҮҮЛЭХ ОЛОН ТӨРӨЛТ ЦОГЦ ШИЙДЛИЙГ ТАНИЛЦУУЛЛАА

2020/01/21
НИЙТИЙН ТЭЭВРИЙН САЛБАРЫГ ХӨГЖҮҮЛЭХ ОЛОН ТӨРӨЛТ ЦОГЦ ШИЙДЛИЙГ ТАНИЛЦУУЛЛАА

Өнөөдөр /2020.01.21/ Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан нар НЗДТГ-аас хэрэгжүүлэхээр төлөвлөж буй хотын авто замын түгжрэлийг бууруулах, нийтийн тээврийг 2025 он хүртэл хөгжүүлэх цогц шийдлүүдтэй танилцлаа.

Уулзалтын эхэнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан “Нийслэлийн нийгэм, эдийн засгийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-д тусгагдсаны дагуу Улаанбаатар хотын авто замын ачааллыг бууруулах, нийтийн тээврийн салбарыг хөгжүүлэх олон төрөлт нийтийн тээврийн үйлчилгээг нэвтрүүлэх зорилтуудтай холбоотой товч танилцуулгыг хийв.

Нийтийн тээврийн үйлчилгээг шинэчлэх, чанарыг сайжруулах, төрөл хүртээмжийг нэмэгдүүлэх, автозамын түгжрэлийг бууруулах зорилгоор агаарын такси тээвэр, цахилгаан соронзон галт тэрэг, тусгай замын автобус зэрэг үндсэн гурван чиглэлд ажиллахаар төлөвлөж байгаа аж.

Тухайлбал, “Баянхошуу-Ханын материал-3, 4 дүгээр хорооллын эцэс”, “7 буудал-Дарь эх-сансар” гэсэн чиглэлд агаарын такси тээврийг явуулахаар төлөвлөжээ. Агаарын такси тээврийн /Cable car/ нэг бүхээг 8-10 хүний багтаамжтай, цагт 3000 зорчигч тээвэрлэх хүчин чадалтай, хүлээлгийн хугацаа 3-5 минут бөгөөд дээрх чиглэлүүдэд явах хугацаа 16 минут байх юм.

Харин цахилгаан соронзон галт тэргийг эхний ээлжинд Энхтайвны өргөн чөлөөний дагуу, Амгалангаас Таван шар хүртэл үйлчилгээнд нэвтрүүлэх бөгөөд 12.2 километр урттай, 14 зогсоол бүхий байгууламж барихаар төлөвлөж байна. Ингэснээр Энхтайвны өргөн чөлөөний авто замын ачаалал 68 хувиар буурах боломжтой хэмээн тооцоолжээ. Энэхүү галт тэрэг нь өдөрт 210 мянга хүртэл зорчигч тээвэрлэх хүчин чадалтай бөгөөд хүлээлгийн хугацаа нь ойролцоогоор 3-5 минут байх юм. Цаашлаад Их тойруугаар цахилгаан соронзон галт тэргийг явуулахаар тооцоолж байгаа аж.

Тусгай замын автобус /BRT/ нь Канад, Америк, Франц, Герман, Финлянд, Англи зэрэг дэлхийн 40 гаруй оронд ашигладаг тээврийн хэрэгсэл юм. Автобус явах тусгай замын зурвасыг эхний ээлжинд Нисэх-Долоон буудал чиглэлд 15 буудалтайгаар байгуулахаар төлөвлөж байна. Дараагийн ээлжийн тусгай замын автобусны зурвасыг хотыг тойрог хэлбэрээр хамарсан маршруттай болгож, 60 орчим буудалтайгаар байгуулах аж. Энэхүү үйлчилгээг нэвтрүүлснээр авто замын түгжрэл 20-30 хувь буурч, үүний үр дүнд үндсэн зорчих хэсгийн хөдөлгөөний хурд 2-3 дахин нэмэгдэнэ хэмээн үзэж байна.

Энэ үеэр ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулахын тулд Хотын захиргаа, Улсын Их Хурал, Засгийн газар, Зам, тээврийн хөгжлийн яам, Барилга хот байгуулалтын яам хамтран зөв гарц шийдлийг шат дараатай хэрэгжүүлэхээр зорьж ажиллаж байгааг сайшаагаад үүрэг даалгавар өгснөөс хойш богино хугацаанд бүрэн хэмжээний шийдлийг танилцуулж байгаад холбогдох албаны хүмүүст талархал илэрхийллээ.

Өнгөрсөн 11 дүгээр сараас Сургуулийн автобусыг үйлчилгээнд нэвтрүүлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар  33 чиглэлд 5000 хүүхдэд үйлчилж байгаа ба иймэрхүү байдлаар хотын автозамын түгжрэлийг бууруулах, нийтийн тээврийг хөгжүүлэх цогц төслийг 2025 он хүртэл хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа аж.

НИЙТИЙН ТЭЭВРИЙН САЛБАРЫГ ХӨГЖҮҮЛЭХ ОЛОН ТӨРӨЛТ ЦОГЦ ШИЙДЛИЙГ ТАНИЛЦУУЛЛАА  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх