Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

Б.ЭНХ-АМГАЛАН САЙД АНУ-ЫН ЭЛЧИН САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

2019/06/13
Б.ЭНХ-АМГАЛАН САЙД АНУ-ЫН ЭЛЧИН САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, Америкийн Нэгдсэн Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Майкл С.Клеческиг хүлээн авч уулзлаа.

Сайд Б.Энх-Амгалан, Монгол Улс, АНУ хоорондын зам, тээврийн салбарын хамтын ажиллагаа амжилттай өрнөж буйд баяртай байгаагаа илэрхийлээд, хоёр улсын Засгийн газар хооронд байгуулсан “Мянганы сорилтын гэрээ”-ний хүрээнд хэрэгжүүлсэн Чойр-Сайншанд чиглэлийн 176.4 километр авто зам одоог хүртэл Монгол Улсын эдийн засаг, ард иргэдийн амьдралд чухал хувь нэмэр оруулсаар байгааг онцлон тэмдэглэв.

АНУ-ын талтай цаашид зам, тээвэр тэр дундаа агаарын тээврийн салбарт хамтран ажиллах олон боломжууд байгаа талаар дурдаж АНУ-руу гуравдагч орны агаарын тээвэрлэгч компанитай нислэгийн код хамтран эзэмших замаар шууд нислэг гүйцэтгэх, Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх буудал ашиглалтад орсны дараа одоогийн Чингис хаан олон улсын нисэх буудлын барилга байгууламжийг түшиглэн АНУ-ын БОИНГ компанийн Ази тив дэх “Агаарын хөлөг онгоцны засвар үйлчилгээний төв” байгуулах, ерөнхий агаарын тээврийг хөгжүүлэх, бага оврын агаарын хөлгийн угсралт, ашиглалтын чиглэлээр хамтран ажиллах саналаа илэрхийлэв.

Мөн Монгол Улс төмөр замын бүтээн байгуулалтын ажилд онцгойлон анхаарч байгаа бөгөөд анх удаа өөрсдийн хүч бололцоог дайчлан төмөр замыг барьж байгуулж байгаа тухай дурдаж, Монгол Улсад ач холбогдол бүхий Тавантолгой-Гашуунсухайт, Алтанширээ-Чойбалсан, Тавантолгой-Зүүнбаян, Зүүнбаян-Ханги Мандал, Хөөт-Бичигт чиглэлийн төмөр замууд, цаашлаад улсын шинж чанартай авто замуудыг өргөтгөх, засварлах чиглэлээр хамтран ажиллах боломж байгааг дурдлаа.

Түүнчлэн хоёр орны зам, тээврийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд салбарын боловсон хүчин чухал үүрэгтэйг онцлоод, ялангуяа агаарын тээвэр, төмөр зам, далайн тээврийн чиглэлийн мэргэжилтнүүдийг АНУ-д бэлтгэх, мэргэжил дээшлүүлэх, туршлага судлуулах, дадлагажуулах, чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийллээ.

Элчин сайд Майкл С.Клечески, АНУ-ын Засгийн газар Монгол Улс болон Америк Улсын хоорондын найрсаг хамтын ажиллагааг өндөр түвшинд, олон салбарт өргөжүүлэн хөгжүүлэх сонирхолтой байгаа бөгөөд хоёр орны харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагаанд зам, тээврийн салбар чухал үүрэгтэй болохыг онцлов.

Тэрбээр Сайд Б.Энх-Амгаланг хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлаар санал, бодлоо хуваалцсан явдалд талархал илэрхийлж, эдгээр ажлуудад анхаарал хандуулан цааш нь уламжилж, хамтран ажиллах боломжуудын талаар судалж үзэхээ илэрхийллээ. 

Б.ЭНХ-АМГАЛАН САЙД АНУ-ЫН ЭЛЧИН САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх