Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

МОНГОЛ, ВЬЕТНАМ ХОЁР УЛС ЗАМ, ТЭЭВРИЙН САЛБАРТ ХАРИЛЦАН АШИГТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХААР САНАЛ СОЛИЛЦЛОО

2019/04/01
МОНГОЛ, ВЬЕТНАМ ХОЁР УЛС ЗАМ, ТЭЭВРИЙН САЛБАРТ ХАРИЛЦАН АШИГТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХААР САНАЛ СОЛИЛЦЛОО

Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай Доан Тхи Хыөнг-ийг хүлээн авч уулзлаа.

Б.Энх-Амгалан сайд уулзалтын эхэнд Монгол, Вьетнам хоёр улсын хооронд 1954 оны 11 дүгээр сард дипломат харилцаа тогтоосноос хойш 65 жил болж байгааг дурдаад, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа нийгэм, эдийн засгийн олон салбарт амжилттай өргөжин хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв.

Энэхүү уулзалтаар талууд хоёр улсын агаарын тээвэр, автотээвэр, далайн тээвэр, төмөр замын тээврийн салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Монгол Улсын Засгийн газар, БНСВУ-ын Засгийн газар хоорондын “Агаарын харилцаа тогтоох тухай хэлэлцээр”-ийг 2000 оны 06 дугаар сарын 28-ны өдөр байгуулснаар хоёр талын нутаг дэвсгэрт нислэг гүйцэтгэх болон агаарын орон зайгаар дамжин өнгөрөх нислэгийн эрх зүйн зохицуулалт бүрдсэн. Уг хэлэлцээрийн хүрээнд хоёр талын нислэг гүйцэтгэх цэгээр Улаанбаатар, Ханой хотуудыг тохирсон бөгөөд хоёр талаас энэ чиглэлд нислэг үйлдэх агаарын тээвэрлэгчдийг томилоогүй байгаа юм.

Монгол Улсын энгийн гадаад паспорттай иргэд Вьетнам Улсад визтэй зорчиж байгаа тул Улаанбаатар-Ханой чиглэлд шууд нислэг үйлдэх тохиолдолд зорчигчийн тоог нэмэгдүүлэх зорилгоор энэ асуудалд анхаарч ажиллах шаардлагатай талаар Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан онцлон хэлэв.

Мөн тэрээр, хоёр тал эхний ээлжинд аяллын дугаар хамтран эзэмших буюу code sharing ашиглаж нислэг үйлдэх боломжийн талаар хэлэлцэн, энэ чиглэлээр хоёр улсын хоорондын Агаарын харилцааны хэлэлцээрт өөрчлөлт оруулахаар баримт бичгийн төсөл дээр ажиллаж байгааг дурдаад энэ асуудалд Элчин сайдыг анхаарч, дэмжин ажиллахыг хүслээ.

Автотээврийн салбарын тухайд, Монгол Улс, БНХАУ, ОХУ нь "Азийн авто замын сүлжээгээр олон улсын автотээвэрлэлт гүйцэтгэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр"-т анх нэгдэн орж, 2016 оны 12 дугаар сард гарын үсэг зурж баталгаажуулсан бөгөөд хэлэлцээрийг гурван улс 2018 онд тус тус соёрхон баталснаа харилцан мэдэгдэж, хэлэлцээр хүчин төгөлдөр болсон талаар мэдээлэв.

Энэхүү хэлэлцээрт бусад улс орнууд нэгдэн орох асуудал нээлттэй бөгөөд БНХАУ-тай хиллэдэг БНСВУ нь уг хэлэлцээрт нэгдэн орсноор БНХАУ-ын нутаг дэвсгэрээр дамжин Монгол Улс, ОХУ-ын нутаг дэвсгэрт автотээвэрлэлт гүйцэтгэх боломжтой юм.

Монгол, Вьетнам хоорондын далайн тээврийн салбарын хамтын ажиллагааг амжилттай эхлүүлж, хоёр улсын Далайн захиргаа хооронд хамтран ажиллах Санамж бичгийг 2018 онд байгуулсан. Энэ хүрээнд хөлөг онгоц бүртгэлийн агентыг Вьетнам Улсад томилон, үйл ажиллагааг эхлүүлээд байгаа талаар талууд онцоллоо. Цаашид дээрх Санамж бичгийн хүрээнд Монголын далайчдыг Вьетнамд сургах, хөлөг онгоцны хамтарсан хяналт шалгалт хийх, далайн тээврийн аюулгүй байдлыг хангах, далайчин бэлтгэхэд хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.

Элчин сайд хатагтай Доан Тхи Хыөнг-ийн зүгээс хоёр улсын төмөр замын тээврийн салбарын хамтын ажиллагааг эхлүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлж, Монгол-Хятад-Вьетнамыг дамжин өнгөрөх төмөр замын сүлжээг өргөжүүлэн хөгжүүлэх боломжийн талаар судлан үзэж, дэмжин ажиллахыг ЗТХ-ийн сайдаас хүслээ. 

Уулзалтын төгсгөлд, талууд хоёр улсын зам, тээврийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд гар нийлэн хамтарч ажиллахаа илэрхийлэв.

МОНГОЛ, ВЬЕТНАМ ХОЁР УЛС ЗАМ, ТЭЭВРИЙН САЛБАРТ ХАРИЛЦАН АШИГТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХААР САНАЛ СОЛИЛЦЛОО  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх