Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

Олон улс, улсын чанартай болон тусгай зориулалтын авто зам, замын байгууламж ашигласны төлбөр авах журмын төсөл

2018/09/04

Олон улс, улсын чанартай болон тусгай зориулалтын авто зам, замын байгууламж ашигласны төлбөр авах журмыг шинэчлэж байгаа тул

та бүхэн журмын төсөлд өгөх санал аа 2018 оны 10 дугаар сарын 01-ны дотор  АЗБХЗГ-ын ахлах мэргэжилтэн Д.Оюунбилэгт дараах утас, цахим шуудангаар илгээнэ үү.

Утас: 99861240

Цахим шуудан: oyunbileg@mrtd.gov.mn

ТӨСӨЛ

Нэг. Ерөнхий зүйл

1.1. Олон улс, улсын чанартай болон тусгай зориулалтын авто зам, замын байгууламжаар зорчиж байгаа тээврийн хэрэгслээс өмчийн хэлбэр, харьяаллыг үл харгалзан авто зам, замын байгууламж ашигласны төлбөр авахтай холбогдон үүсэх харилцааг энэхүү журмаар зохицуулна.

1.2. Олон улс, улсын чанартай авто зам, замын байгууламж ашигласны төлбөрийн орлогыг улсын авто замын санд төвлөрүүлж, төлбөр авах цэг байгуулах, засварлаж тохижуулах, төлбөр авах үйл ажиллагааны зардлыг санхүүжүүлэх болон Авто замын тухай хуулийн 24 дүгээр зүйлд заасны дагуу зарцуулна.

1.3. Тусгай зориулалтын авто замаар зорчиж буй тусгай зориулалтын тээврийн хэрэгслээс авах төлбөрийн хэмжээг тухайн авто замыг эзэмшигч болон Авто замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын зөвшилцсөн саналыг үндэслэн Засгийн газар тогтоох бол бусад тээврийн хэрэгслээс авах төлбөр нь олон улс, улсын чанартай авто замаар зорчиж буй тээврийн хэрэгслээс авах төлбөрийн хэмжээтэй ижил байна.

1.4. Олон улс, улсын чанартай авто зам, замын байгууламжаар зорчиж байгаа тээврийн хэрэгслээс авто зам ашигласны төлбөр авах үйл ажиллагааг авто замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын эрх олгосноор авто замын судалгаа, шинжилгээ хөгжлийн асуудал эрхэлсэн байгууллага (цаашид “Зам, тээврийн хөгжлийн төв” гэх) зохион байгуулж хэрэгжүүлнэ.

Хоёр. Төлбөр авах үйл ажиллагаанд тавигдах шаардлага

2.1. Олон улс, улсын чанартай болон тусгай зориулалтын хатуу хучилттай авто зам ашиглах тээврийн хэрэгслээс төлбөр авна. Төлбөр авахдаа тээврийн хэрэгслийн төрөл, ангилал, бүх жинг харгалзан Засгийн газраас тогтоосон хэмжээг баримтална.

2.2. Тусгай дуут болон гэрлэн дохио хэрэглэн албан үүргээ гүйцэтгэж байгаа эмнэлгийн түргэн тусламж, зэвсэгт хүчин, хил хамгаалах, цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, онцгой байдлын алба, төрийн тусгай хамгаалалтын тээврийн хэрэгсэл болон хөгжлийн бэрхшээлтэй иргэний зориулалттай тээврийн хэрэгслийг төлбөрөөс чөлөөлнө.

2.3. Энэ журмын 2.2-т зааснаас бусад бүх тээврийн хэрэгсэл энэхүү журамд заасны дагуу төлбөр төлнө.

2.4. Төлбөр авах үйл ажиллагааг авто замын ашиглалтын болон хөдөлгөөний аюулгүй байдалд хяналт тавих ажиллагаатай уялдуулж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулахгүй шуурхай зохион байгуулна.

2.5. Төлбөртэй авто замаар зорчиж буй тээврийн хэрэгслээс авах төлбөрийн хэмжээг заасан тасалбар хэвлэж, төлбөр авах цэгүүдийг хангах, холбогдох санхүүгийн тооцоо хийх ажлыг олон улс, улсын чанартай авто замд Зам, тээврийн хөгжлийн төв, тусгай зориулалтын авто замд хөрөнгө оруулагч буюу эзэмшигч хариуцна. Төлбөр төлсөн тасалбарт авто замын чиглэлийн нэр, дугаар, төлбөр авах цэгийн нэр, төлбөрийн хэмжээ, огноог тусгаж, санхүүгийн тэмдгээр баталгаажуулсан байна.

2.6. Авто зам ашигласны төлбөр авах цэг нь (цаашид “төлбөр авах цэг” гэх) мэдээллийн цахим нэгдсэн санд холбогдсон, шаардлагатай техник, тоног төхөөрөмжөөр тоноглогдсон байна. Олон улс, улсын чанартай авто замын нэгдсэн цахим санг Зам, тээврийн хөгжлийн төв, тусгай зориулалтын авто замын цахим санг хөрөнгө оруулагч буюу эзэмшигч эрхэлж хөтөлнө.

2.7. Төлбөр авах цэг нь байнгын ба байнгын бус ажиллагаатай байж болох бөгөөд тэдгээрт төлбөр авах цэгийн ахлагч, төлбөр хураагчид, авто пүү ажиллаж байгаа цэгт жин хэмжигч ажилтан ажиллах ба шаардлагатай тохиолдолд авто замын ашиглалтын инженер, авто тээврийн улсын хяналтын байцаагч, замын цагдаа, тээвэр зохицуулагч, гэрээт харуул, хамгаалагч нар байрлан ажиллана.

2.8. Төлбөртэй авто замын эхлэл төгсгөл нь хоёр төлбөр авах цэгийн хооронд үргэлжлэх бөгөөд тээврийн хэрэгсэл дараагийн төлбөртэй авто замаар зорчих бол дахин төлбөр төлнө. Төлбөртэй авто замын төгсгөлийн цэг нь эсрэг урсгалдаа эхлэлийн цэг болно.

2.9. Төлбөр  авах цэгийн орох хэсэгт тээврийн хэрэгслээс төлбөр авсныг нотлох тасалбар олгон бүртгэлжүүлж, дараагийн төлбөр авах цэгээр гарахад нь тасалбарыг хурааж авна. Тасалбар байхгүй тохиолдолд өмнөх зорчсон замын төлбөрийг төлөөд дараагийн зорчих замын төлбөрийг дахин төлж төлбөр авах цэгээр нэвтэрнэ.

2.10. Төлбөр төлөх боломжийг бүрдүүлэх зорилгоор төлбөр тооцооны олон хэлбэрийг ашиглана. Төлбөрийг урьдчилан төлөх тохиолдолд 30 хүртэл хувийн хөнгөлөлт үзүүлж болно.

2.11. Бүх төрлийн ачааны тээврийн хэрэгсэл, механизмын жинг шалгаж, тухайн тээврийн хэрэгслийн бүх жинд харгалзах төлбөрийг авна.

2.12. Зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтэрсэн жин, овортой тээврийн хэрэгслийг тухайн авто замаар нэвтрүүлэхийг хориглоно.

2.13. Төлбөр авах цэгээс 500 метрийн ойр зайд аливаа үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэн явуулахыг хориглоно.

Гурав. Авто замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын эрх үүрэг

3.1. Авто замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь авто зам ашигласны төлбөр авах үйл ажиллагааг тодорхой бодлого чиглэлээр хангаж, олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрөөс олох орлого, хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг батлан тэдгээрийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана.

3.2. Энэхүү журмын 5.1-д заасан үйл ажиллагаа, төсөл арга хэмжээний зардлыг батлан, Зам, тээврийн хөгжлийн төв, зам хариуцагч нар болон бусад холбогдох байгууллагад үүрэг, чиглэл өгч биелэлтийг хангуулах арга хэмжээ авна.

3.3. Авто замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь төлбөртэй авто зам, замын байгууламж, төлбөр авах цэгийн байршлыг авто замын сүлжээний зурагт тэмдэглэж, олон нийтэд мэдээлнэ.

Дөрөв. Авто замын судалгаа, шинжилгээ хөгжлийн асуудал эрхэлсэн байгууллагын эрх үүрэг

4.1. Авто замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас гаргасан бодлого чиглэлийн дагуу олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөр авах үйл ажиллагаа зохион байгуулж, авто зам ашигласны төлбөрөөс олох орлого, хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг биелүүлж, үйл ажиллагааны зардлыг үр ашигтай зарцуулах арга хэмжээ авч ажиллана.

4.2. Төлбөр авах цэгийн байр, хяналтын байр, авто пүү, түр саатуулах авто зогсоолын барилга байгууламжийн бүрэн бүтэн үйл ажиллагаа,  ажиллагсдын аюулгүй байдал, эрүүл ахуйн нөхцөлийг хангаж, хөдөлгөөний хурд сааруулагч, түр зогсоох хаалт, тэмдэг тэмдэглэгээ болон хууль тогтоомж, үйл ажиллагааг суртчилсан мэдээллийн самбарыг замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн холбогдох заалт, дүрэм, журмын дагуу байрлуулан төлбөр авах ажиллагааны үед автотээврийн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж ажиллана.

 

4.3. Зам, тээврийн хөгжлийн төв нь төлбөр авах үйл ажиллагааг цахимжуулах, шинэ дэвшилтэд техник, технологи нэвтрүүлэх ажлыг судлан хэрэгжүүлж, төлбөр авах цэгээр нэвтэрч байгаа тээврийн хэрэгсэл бүрийг төрөл, улсын дугаараар бүртгэж, цахим сан бүрдүүлнэ.

4.4. Төлбөр авах цэгүүдийн орлогын нэгдсэн тайлан, сар бүрийн гүйцэтгэлийг 25-ны өдрийн дотор гарган авто замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ. Мөн төлбөр авах үйл ажиллагаатай холбоотой жилийн орлогын төлөвлөгөө, зардлын тайланг зохих хууль, тогтоомжид заасан хугацаанд холбогдох байгууллагад хүргүүлнэ.

4.5. Төлбөр авах цэг нь хөдөлгөөний эрчмийн тооллогыг “Хөдөлгөөний эрчмийн тооллого” хийх журамд заасны дагуу гүйцэтгэж болно. Хөдөлгөөний эрчмийн тооллогын автомат төхөөрөмж тавьсан тохиолдолд ашиглалтын байдалд хяналт тавьж ажиллана.

Тав. Авто зам ашигласны төлбөрийн орлогын зарцуулалт

5.1. Олон улс, улсын чанартай авто замаар зорчиж буй тээврийн хэрэгслээс тогтоосон тарифын дагуу авсан авто зам ашигласны төлбөрийн орлогыг дараах үйл ажиллагаа, төсөл арга хэмжээг санхүүжүүлэхэд зарцуулна.

5.1.1. Олон улс, улсын чанартай авто зам, замын байгууламжийн урсгал засвар, арчлалтын ажлын зардалд;

5.1.2. Олон улс, улсын чанартай авто зам хариуцагч төрийн өмчит байгууллагын үйлдвэрлэлийн баазыг хөгжүүлэх, авто замын салбарт шинэ дэвшилтэд техник, технологийг нэвтрүүлэх үйл ажиллагааны зардалд;

5.1.3. Төлбөр авах цэгийн барилга, авто пүү, хяналтын байр барих, засварлах, зам талбайн өргөсөлт, зогсоол хийх, шаардлагатай тоног төхөөрөмж, техник хэрэгсэл худалдан авах, ажлын байрыг тохижуулах арга хэмжээний зардалд;

5.1.4. Төлбөр авах үйл ажиллагааны талаарх хууль эрх зүйн баримт бичиг, цэгүүдийн үйл ажиллагааг олон нийтэд тайлбарлан таниулах, тухайн чиглэлийн авто замын талаарх мэдээ, мэдээллээр зам хэрэглэгчдийг хангах зардалд;

5.1.5. Төлбөр авч байгаа тухайн чиглэлийн авто замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, авто замын техник ашиглалтын түвшин тогтоох, хөдөлгөөний эрчмийн тооллого хийх болон бусад судалгаа, шинжилгээний ажлын зардалд;

5.1.6. Цахим санд шаардлагатай техник, тоног төхөөрөмж, программ хангамж, өгөгдлийн санд мэдээлэл төвлөрүүлэх зардалд;

5.1.7. Олон улс, улсын чанартай авто зам, замын байгууламжийн ашиглалтын бэлэн байдал, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах “Хөдөлгөөнт эргүүл” ажиллуулах зардалд.

5.2. Төлбөр авах үйл ажиллагааны удирдлага зохион байгуулалт, төлбөр авах цэгийн зардлыг тухайн сар бүрийн авто зам ашигласны төлбөрөөс төвлөрүүлсэн нийт орлогын дүнгээс 40 хувиар тооцож санхүүжүүлнэ. Энэ зардалд төлбөр авах үйл ажиллагааны удирдлага зохион байгуулалт, ажиллагсдын цалин, урсгал зардал, хяналт шалгалт, төлбөр авах цэгийн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, цахим сангийн бүрдэлтийг гүйцэтгэх, зорчигчдыг мэдээ мэдээллээр хангах зэрэг төлбөр авах үйл ажиллагаатай холбоотой бүх зардал багтана.

5.3. Журмын 5.1.3-5.1.7-д заасан зардлыг Зам, тээврийн хөгжлийн төвөөс төсөл арга хэмжээний санал боловсруулж, авто замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаар батлуулан хэрэгжүүлнэ.

5.4. Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөр авах үйл ажиллагааны орлогоос санхүүжих төсөл, арга хэмжээний хэрэгжилтэд эрх олгосон байгууллага хяналт тавих бөгөөд захиалагчийн хяналтын зардлыг тус байгууллагад олгоно.

5.5.   Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн жилийн орлогын төлөвлөгөөг давуулан биелүүлсэн тохиолдолд давсан орлогын 30 хүртэл хувийг төлбөр авах цэгийн үйл ажиллагааг зохион байгуулж буй эрх олгосон байгууллагад шагнал урамшуулал хэлбэрээр олгож болно. Тухайн жилд давсан орлогоос тооцож олгох урамшууллын хувь хэмжээг авто замын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тогтооно.

Зургаа. Бусад

6.1. Төлбөр авах цэгийн ажиллах дотоод журмыг тухайн үйл ажиллагааг зохион байгуулж буй байгууллага тогтооно.

6.2. Төлбөр авах цэгийн хэвийн ажиллах, ажиллагсдын аюулгүй орчинд ажиллах нөхцөлийг тухайн үйл ажиллагаа зохион байгуулж буй байгууллага түүнээс томилогдсон ажилтан, төлбөр авах цэгийн ахлагч бүрэн хариуцна.

6.3. Авто замын тухай хууль болон энэхүү журмын заалтыг зөрчсөн хувь хүн, хуулийн этгээдэд холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.

 Журмын төсөл татах

 
                                                                                                      ---о0о---

 

 

Олон улс, улсын чанартай болон тусгай зориулалтын авто зам, замын байгууламж ашигласны төлбөр авах журмын төсөл  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх