Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

НАР АРГАМЖСАН НИСЛЭГ

2014/06/12
НАР АРГАМЖСАН НИСЛЭГ

“Хүннү эйр” компани Улаанбаатараас Парис руу шууд нислэгээ амжилттай хийлээ.  Төрөөс иргэний нисэхийн салбарын үйл ажиллагааг өргөжүүлэх, тэлэхийн тулд Улаанбаатар хотыг дэлхийн улс орон, хотуудтай холбосон нислэгийн чиглэлийг хоёр дахин нэмэгдүүлэх бодлогыг хэрэгжүүлж эхэлсний нэгээхэн жишээ нь энэхүү нислэг байлаа. Нийтдээ 56 зорчигчтой “Аэрбус 319” хөлөг энэ сарын 9-ний өглөөний 08.10 цагт “Чингис хаан” олон улсын нисэх буудлаас хөөрсөн юм. “Чингис хаан” олон улсын нисэх буудлаас  “Хүннү эйр” компанийн удирдлагууд болон Зам, тээврийн яам, Соёл, спорт аялал жуулчлалын яамны холбогдох албаны хүмүүс үдэн гаргаж, аяны дөрөөнд сүү өргөн үдсэн. УИХ-ын гишүүн, Монгол-Францын найрамдлын бүлгийн дарга Н.Батцэрэг, ЗТЯ-ны Агаарын тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн дарга Б.Туяа, ССАЖЯ-ны дэд сайд Түмэнжаргал, Франц улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ив Дэлүнэ, МАК группийн дэд ерөнхийлөгч Д.Хулан, “Хүннү эйр” компанийн гүйцэтгэх захирал Б.Маргад нар нислэгийн багийнхан болон анхны нислэгийн хүндтэй зорчигчдод амжилт хүсэж, баяр хүргэлээ.

Алга ташуулан, амжилт хүсүүлэн хөөрсөн “Аэрбус 319” хөлөг бүтэн 15 цагийн турш ниссээр зургаадугаар сарын 10-ны 14.35 цагт Францын нийслэл Парис хотын “Шарль де Голль”-ийн олон улсын нисэх буудалд газардлаа. Олон улсын нисэх буудлуудын уламжлалт хүндэтгэл “Хүннү эйр”-ийн агаарын хөлгийг ч тойрсонгүй. Францчууд анхны нислэгээ амжилттай үйлдэн, анх удаа нисэх буудалд нь бууж буй “Аэрбус 319” хөлгийг усан буугаар шүршин хүлээж авсан юм. “Шарль де Голль”-ийн олон улсын нисэх буудалд биднийг газардахуйд Атлантын далайн ширүүн салхи онгоц чичиргэж, аадар бороо шаагиж, цахилгаан цахиж  угтлаа. Монгол хүний “хувьтай хүн хур борооноор” гэж аливааг эерүүлж, зөөлрүүлдэг зангаар, зорчигчид алга ташин, битүүхэн айдсаа нуун баярласан.  Аялал “Чингис хаан” олон улсын нисэх буудлаас эхэлж Хөвсгөл дээгүүр нисэн ОХУ-ын Екетаринбург хотноо газардаж, шатахуунаа цэнэглээд шууд Парисыг чиглэх төлөвлөгөөтэй байсан ч ОХУ-ын “Аэрофлот” компани орон нутаг дээгүүрээ нислэг үйлдэхийг зөвшөөрөөгүй гэсэн шалтгаанаар маршрут өөрчлөгдөж, Узбекстаны Ташкент, Туркийн Анкара хотуудын нисэх буудлыг дайран өнгөрөхөөр болсон юм. Ингэснээр 11 цаг орчим үргэлжлэх байсан нислэгийн хугацаа 4 цагаар уртасч, бүтэн 15 цаг үргэлжиллээ.  “Аэрбус 319” агаарын хөлгийн нисэгч Б.Даваанямын хэлснээр “Онгоц шууд ОХУ дээгүүр ниссэн бол 7000 орчим км агаарын замыг туулах байсан боловч тойруу замаар 9300 км зам туулжээ, бид”. Баруун Европын улс руу зорчих монголчуудын урсгал, гарцыг нэмэх, тэдгээр орнуудаас манай улсад ирэх жуулчдын тоог нэмэгдүүлэх, соёл, эдийн засаг, бизнес, аялал жуулчлал зэрэг олон талын ач холбогдолтой энэхүү нислэгийг үйлдэж эхлэх болсонд францчууд ам сайтай байлаа. “Хүннү эйр” компанийн гүйцэтгэх захирал Б.Маргад Парист очсоны маргааш Францын албаны хүмүүс, авиа компанийн холбогдох албаны хүмүүст, Парис дахь Монголын ЭСЯ-ны ажилтнуудад өөрийн компанийн талаар товч танилцуулга хийсэн юм.

Баруун Европын орнууд руу зорчих монголчуудад шинэ боломж, шинэ гарц нээж өгсөн тэдэнд францчууд баяр хүргэж, улам улам амжилтыг хүсэж байлаа. Францын Үндэсний ассамблейн гишүүн, Франц-Монголын найрамдлын бүлгэмийн дарга ноён Массе Шахтей “Би Франц-Монголын найрамдлын бүлгэмийн даргын хувиар 13 жилийн өмнөөс хоёр л зүйлийг ажил хэрэг болгох гэж шаргуу хөөцөлдсөн. Энэ хоёр мөрөөдөл маань хоёулаа биелсэнд маш их баярлаж байна. Францад Монголын байнгын ЭСЯ ажиллуулах, Элчин сайд суулгах, Парис-Улаанбаатарын хооронд агаарын тээврийн шууд нислэгтэй болгох гэж их хичээсэн. Бүтсэн. Анх Парис-Улаанбаатарын хооронд шууд нислэг үйлддэг болъё гэж ярьж байхад хүмүүс шоолж инээлддэг байсан. Гэтэл үүнийг 13 жилийн дараа “Хүннү эйр” компани ажил хэрэг болголоо. Монгол хүмүүс чадлаа” хэмээн баярласан сэтгэгдлээ илэрхийлэв.  Тэрбээр Монголд элэгтэй нэгэн гэдэг нь ярианаас нь тодорхой байсан. Монголчуудын уламжлалт эрийн гурван наадмаар Парист байгаа монголчууддаа зориулан наадам зохион байгуулна хэмээн хэлнэ лээ.

Харин Монгол Улсаас Франц улсад хоёронтоо Элчин сайдаар сууж байсан, дипломатч Н.Бэхбат “Мөрөөдөл биелж байна. Би маш их баярлаж байна. “Хамгийн чухал нь ирэх биш эхлэх” гэж Францын нэртэй нэгэн зохиолч хэлсэн байдаг юм. Би энэ үгэнд дуртай. Мөрөөдлөө биелүүлэхэд их үүрэг гүйцэтгэсэн МАК групп, “Хүннү эйр” компанийнханд баярлалаа” гэж энгүүнээр хэлж байсан. Мэдлэг боловсролтой, туршлагатай дипломатч хүний байр суурь, хэлж ярих, босож суух нь ийм байдаг аж.

“Хүннү эйр” компанийн  Коммер эрхэлсэн захирал Б.Маргад “Улаанбаатар-Парисын нислэг бол бидний олон жилийн мөрөөдөл. Бас манай компанийн хувьд нэлээд эрсдэлтэй бизнесийн үйл ажиллагаа. Гэхдээ бид зорчигч урсгалаа яаж нэмэгдүүлэх вэ,  маркетингаа яаж хийх вэ, Францын жуулчдыг хэрхэн татах вэ гэдэг нь чухал. Манай компани ойрын жилүүдэд холын зайн нислэг үйлдэхийн тулд парк шинэчлэл хийхээр төлөвлөж байна. өөрөөр хэлбэл, том онгоц авах юм. Аэрбус А330, А200 онгоц авахаар гэрээ хэлэлцээрүүдээ хийж байгаа. Энэ онгоцоор УБ-Парис болон 10-аас дээш цагийн нислэгийг буулгүйгээр үйлдэх боломжтой болох юм. Мөн суудал олонтой учраас зорчигчдын тоогоо нэмэгдүүлэх боломж бүрдэнэ. Зуны улиралд, аялал жуулчлалын цагаар онгоцны суудал олддоггүй, нислэгийн тийз үнэтэй байдаг, шууд нислэггүй учраас явдал чирэгдэл ихтэй гэсэн гомдол аялал жуулчлалын компаниудад их ирдэг. Одоо энэ асуудал Европ тивд байхгүй болох нь гэж ойлгож болно. МИАТ компани  нислэгийн давтамж, чиглэлээ нэмэгдүүлж, удахгүй Франкфурт руу шууд нислэг үйлдэх гэж байна. “Аэрофлот” Москвагаар дамжиж өдөр бүр шууд нислэг үйлдэж байна. Парис-Улаанбаатарын шууд нислэгтой болсноор Монгол Улс Европ руу таван гарцтай болж байна.  Бид олон жуулчин хүлээж авах, олон хүнд үйлчлэхийн тулд үнээ хямдруулах зэргээр өрсөлдөөний зарчмаар ажиллана”  гэдгээ хол, ойрын зорчигчдод болон Франц, Монголын төлөөлөгчдөд хэлсэн юм. “Хүннү эйр” компани энэ зун Парис-Улаанбаатарын чиглэлийн нислэгийн давтамжаа долоо хоногийн даваа, баасан гараг бүрт үйлдэх бөгөөд тийзийн үнээ 1.320.000 төгрөг байхаар тооцоолсон байна. Тус компани саяхан Шанхай, Бангкок, Манжуурын чиглэлийн нислэгүүдээ нээсэн билээ.

Парис-Улаанбаатарын шууд нислэгийн “Аэрбус 319” хөлгийг “Хүннү эйр” компанийн онгоцны нисэгч Б.Жавхлан даргалж, хамтран нисэгчээр Б.Давааням, багш нисэгчээр Мексикийн иргэн, нисэгч Энрике Арелано, үйлчлэгч нарын ахлагчаар Н.Цэнгэл гээд нийт 10 хүний бүрэлдэхүүнтэй явсан юм. Тэд анх удаа тасралтгүй 15 цагийн нислэг үйлдсэн. Харин хэн нь ч ядарсан шинжгүй ирцгээсэн. Хөлгийн дарга Б.Жавхлангаас “Ядарч байна уу. Парисын анхны шууд нислэг үйлдэх багаа хэрхэн сонгож явуулсан бэ” гэхэд “Ядраагүй ээ.  Бид зүгээр л ээлж таараад энэ удаагийн шууд нислэгт явж байгаа юм” гэж хэзээний нисэгч хүн шиг хариулсан.  Багш нисэгч Энрике Ареланогийн хувьд Мексикийн “Мехикано”, Эквадор зэрэг улсын авиакомпаниудад нийтдээ 34 жил нисэгчээр ажилласан туршлагатай. Хамтран нисэгч Б.Давааням ч мөн адил туршлагатай мэргэжилтэн, “Изинис эйрвэйз” компанид ажиллаж байгаад 2012 оноос тус компанид орж ажилласан юм билээ.  Онгоцны үйлчлэгчдийн багийг Н.Цэнгэл гэгч залуу удирдаж явсан. Нас залуу тэрбээр “Бидний хувьд анхны түүхэн нислэг маань болж байна” гээд баярласан сэтгэгдлээ нуугаагүй билээ.

Улаанбаатараас Парис, Парисаас Улаанбаатар орох нислэгт хоёуланд нь өлгийтэй шахам нялхас зорчсон. Өхөөрдөм, энхрий тэд хэзээний онгоцоор зорчоод сурчихсан аятай явсан. Хүн хүний өвөр дамжин эрхэлсээр ниссэн. Билэгшээж явлаа. Хэл, хөлд ороогүй нялхсыг хүрэх газарт нь саадгүй хүргэсэн “Хүннү эйр”-ийнхэндээ баярлалаа. Монголын иргэний агаарын тээврийн салбарт үргэлж цойлж, гялалзаж явахыг ерөөе.

Өглөөний нартай уралдан Улаанбаатараас хөх тэнгэрт цойлсон “Аэрбус 319” хөлөг нарыг аргамжин ниссээр Парист орон нутгийн цагаар 14.35 цагт бууж, эргээд нэг хоногийн дараа од сартай ханьсан ниссээр эх орондоо зөөлөн газардлаа.

Тэмдэглэсэн Б.Оюунгэрэл

 

 

НАР АРГАМЖСАН НИСЛЭГ  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх