Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

“Төрөөс автотээврийн салбарт баримтлах бодлого”-ын баримт бичиг батлагдлаа.

2018/10/24
“Төрөөс автотээврийн салбарт баримтлах бодлого”-ын  баримт бичиг батлагдлаа.

Засгийн газрын 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн хуралдаанаар “Төрөөс автотээврийн салбарт баримтлах бодлого”-ын баримт бичгийн төслийг хэлэлцэн, баталлаа. Ингэснээр автотээврийн салбар анх удаа бие даасан бодлогын баримт бичигтэй болж байна.

Монгол Улсын тээврийн салбар нь эдийн засаг, нийгмийн хөгжилд онцгой ач холбогдол бүхий үүргийг гүйцэтгэдэг. Тээврийн бусад төрлүүдтэй харьцуулахад өргөн уудам нутаг дэвсгэртэй, дэд бүтэц сул хөгжсөн манай улсын хувьд автотээврийн хэрэгцээ, шаардлага өсөн нэмэгдэж, тээвэрлэлтийн гүйцэтгэлээс харахад тээврийн төрлүүдээр гүйцэтгэсэн нийт зорчигч тээврийн 98 хувийг, ачаа тээврийн 65 хувийг автотээврийн хэрэгслээр тээвэрлэж байна.

Өсөн нэмэгдэж буй тээвэрлэлтийн эрэлт хэрэгцээг хангах, автотээврийн салбарын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох зорилгоор тус яамны зүгээс “Төрөөс автотээврийн салбарт баримтлах бодлого”-ын баримт бичгийг боловсруулсан.  

Уг ажлын хүрээнд хоёр ч судалгааны баг ажиллан, хот, аймаг, сум суурин газруудад ачаа, зорчигч тээврийн судалгааг хийхийн зэрэгцээ аж үйлдвэрлэл, хүнс, хөдөө аж ахуй, ашигт малтмалын чиглэлээр холбогдох байгууллагуудтай хамтран ажиллалаа.  

Олон улсын байгууллагууд, Европын холбоо болон бусад орны тээврийн хөгжлийн стратеги, бодлогын баримт бичгүүдийг судлан үзэж, шаардлагатай судалгаа шинжилгээг хийсний үндсэн дээр “Төрөөс автотээврийн салбарт баримтлах бодлого”-ын баримт бичгийг Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуульд нийцүүлэн 6 бүлэг, 57 заалттайгаар боловсруулан гаргалаа.

Бодлогын хүрээнд автотээврийн салбарын эрх зүйн орчныг сайжруулах, бизнесийг дэмжих, автотээврийн ажил үйлчилгээг нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангах, хүний нөөцийн болон тээврийн байгууллагуудын чадамжийг дээшлүүлэх, тээврийн сүлжээ төлөвлөлтийг хот, тосгоны ерөнхий төлөвлөлтөд нийцүүлэх, аюулгүй, найдвартай, хосолсон, үр ашигтай, ая тухтай, байгаль орчинд ээлтэй тээврийн үйлчилгээг үзүүлэх, автотээврийн дэд бүтэц, тээвэр логистикийн сүлжээг хувийн хэвшлийн оролцоотой барьж байгуулах, дэвшилтэт техник технологийг нэвтрүүлэх, судалгаа шинжилгээ, баталгаажуулалт, хяналтын тогтолцоог нэвтрүүлэх чиглэлээр үндсэн 8 стратегийн зорилтыг дэвшүүлсэн.

Бодлогыг хэрэгжүүлснээр  автотээврийн салбарыг хөгжүүлэх, тээврийн бусад төрлүүдтэй уялдах, хослох боломж бүхий үндэсний тээврийн нэгдсэн сүлжээг бүрдүүлэх, үүгээр дамжуулан олон улсын болон бүс нутгийн тээврийн сүлжээнд нэгдэх боломж бүрдэнэ гэж үзэж байна.

“Төрөөс автотээврийн салбарт баримтлах бодлого”-ын баримт бичиг татах

 

ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН ЯАМ

“Төрөөс автотээврийн салбарт баримтлах бодлого”-ын баримт бичиг батлагдлаа.  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх