Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

МОНГОЛ ИНЖЕНЕРҮҮДИЙН УГСАРСАН 100 ХУВЬ ЦАХИЛГААН АВТОБУС ҮЙЛЧИЛГЭЭНД ГАРЧ ЭХЭЛЛЭЭ

2018/10/12
МОНГОЛ ИНЖЕНЕРҮҮДИЙН УГСАРСАН 100 ХУВЬ ЦАХИЛГААН АВТОБУС ҮЙЛЧИЛГЭЭНД ГАРЧ ЭХЭЛЛЭЭ

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Зам, тээврийн хөгжлийн яамны холбогдох албаныхантай “МОН-30” загварын том оврын 100 хувь цахилгаан автобусны үйлдвэрийн үйл ажиллагаа, гүйцэтгэл, ажлын үр дүнтэй өнөөдөр танилцлаа.

Нийслэлийн нийтийн тээвэрт байгаль орчинд ээлтэй, эдийн засгийн үр ашигтай, байгаль цаг уурын нөхцөлд тохирсон Мон-30 загварын 2 ширхэг цахилгаан автобусны туршилтын загварыг “Монгол машин индустриал” ийнхүү гүйцэтгэжээ.

Монгол Улсад шинэ технологи, инноваци нэвтрүүлэх, өндөр технологийн кластерт орсон аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлэх замаар ажлын байр бий болгох төр засгийн бодлого, шийдвэрийн хэрэгжилтийг төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд хангахад чиглэсэн энэ төсөл нь Улаанбаатар хотын нийтийн тээврийн салбарт хөгжлийн цоо шинэ хуудас боллоо.

У.ХҮРЭЛСҮХ: ЭХ ОРОНДОО ҮЙЛДВЭРЛЭСЭН АВТОБУСААР АРД ИРГЭД СЭТГЭЛ ХАНГАЛУУН ЗОРЧИНО ГЭДЭГТ ЭРГЭЛЗЭХГҮЙ БАЙНА

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн дэмжлэгтэйгээр Монгол инженерүүдийн бүтээсэн Мон-30 загварын энэхүү цахилгаан автобус нь 2-3 цагийн хугацаанд цэнэглээд 180-200 км зам туулах техникийн үзүүлэлтэй аж.

Бүс нутгийн болон Европын орнуудад бүтээгдсэн ижил төрлийн цахилгаан автобуснаас үнэ өртөгийн хувьд хямдаас гадна үндэсний нэмүү өртөгийг бий болгож буйгаараа давуу талтай гэдгийг тус үйлдвэрийн удирдлагууд танилцууллаа.

Улаанбаатар хотын нийтийн тээвэрт ажилдаг 1 ширхэг дизель автобус нь жилд 46,0 сая төгрөгний импортын шатахуун, газ, шатах тослох материал ашиглаж, 1 тн гаруй хорт бодисыг агаарт цацдаг  бол Мон-30 загварын цахилгаан автобус нь дотоодын эрчим хүчний салбараас жилд 6,6 сая төрөгний эрчим хүч худалдан авч, нийтийн тээврийн салбарын зардлыг 30-40% буулгаж, ард иргэд болон улс, нийслэлийн төсөвт бага дарамт үзүүлэх эдийн засгийн үр өгөөжтэй юм байна.

Цаашид Улаанбаатар хотын нийтийн тээврийн парк шинэчлэлтийг үндэсний үйлдвэрлэгчдийн 1000 гаруй Мон-30 загварын цуврал цахилгаан автобусаар хийж, 26 гаруй жижиг дунд үйлдвэрлэл, 2000 гаруй ажлын байр бий болгохын хамт цахилгаан такси, ачааны машин, автомашины угсралт үйлдвэрлэл, хэрэглээг бий болгох зорилго тавин ажиллаж байгаа аж.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Энэхүү ажлыг бүх шатны албан тушаалтнууд, яамд, төр захиргааны байгууллагууд дэмжих ёстой. Монгол инженер, техникийн ажилтнууд гадныхнаас дутахааргүй чадвартай, хийж бүтээж чадаж байгааг энэ бүтээл батлаж байна. Гадаадаас 400 орчим мянган ам.доллараар худалдаж авах энэ автобусыг монголчууд дотооддоо 195 мянган ам.доллараар бүтээж чадаж байна. Үүнийг дагаад ажлын байр нэмэгдэх, үндэсний нэмүү өртөг бий болох зэрэг улс орны эдийн засаг, нийгэмд үр өгөөжтэй ажлын эхлэл тавигдаж буй нь ихээхэн ач холбогдолтой юм. Монгол хүн бүр эх орондоо үйлдвэрлэсэн зүйлээ амьдралдаа хэрэглэж, бахархаж байж улс орон хөгжинө. Тиймээс эх орондоо үйлдвэрлэсэн автобусаар зорчиход ард иргэдийн сэтгэл хангалуун байна гэдэгт эргэлзэхгүй байна” хэмээн хэллээ.

С.БАТБОЛД: ЦАХИЛГААН АВТОБУС АШИГЛАСНААР АВТОМАШИНААС ЯЛГАРАХ ХОРТ УТААНЫ АСУУДЛЫГ ШИЙДЭХ АЧ ХОЛБОГДОЛТОЙ

Зам, тээврийн хөгжлийн яамны Автотээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга С.Батболд “Япон Улсын ЖАЙКА төслийн хүрээнд Улаанбаатар хотын нийтийн тээвэрт ашиглагдаж буй том оврын автобуснуудад утааны шүүлтүүр суурилуулж, туршилтын ажил хийсэн. Тус туршилтаар 1 автобус 200 км-т 200 грамм орчим PM тортог ялгаруулж байгаа бөгөөд нийтийн тээврийн үйлчилгээнд явж буй том оврын автобуснууд жилд дундажаар 70 орчим тонн РМ тортог ялгаруулж байна гэсэн үг. Тиймээс цахилгаан автобус ашигласнаар автомашинаас ялгарах хорт утааны асуудлыг шийдэх ач холбогдолтой” хэмээн Ерөнхий сайдад танилцууллаа.

Нийслэлд 1200 орчим том аврын автобус байдаг бөгөөд ирэх жилээс цахилгаан болон байгалийн хийгээр ажилладаг, зөвхөн Евро-5 хөдөлгүүртэй автобусаар парк шинэчлэлт хийх зорилгоор энэхүү цахилгаан 2 автобусыг жил орчим хугацаанд туршиж үзэх юм байна.

Туршилтаар цаг агаарын нөхцөлд тохирох эсэх, ашиглалтын хугацаанд юуг анхаарах зэргийг туршсаны үндсэн дотооддоо цахилгаан болон байгалийн хийгээр ажилладаг автобусыг үйлдвэрлэх ажлыг далайцтайгаар эхлүүлэхээр төлөвлөж байгаа талаараа салбарын яамнаас мэдээлэл өглөө.

МОНГОЛ ИНЖЕНЕРҮҮДИЙН УГСАРСАН 100 ХУВЬ ЦАХИЛГААН АВТОБУС ҮЙЛЧИЛГЭЭНД ГАРЧ ЭХЭЛЛЭЭ  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх