төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнэ: Агаарын тээврийн үйлчилгээний төрлийг нэмж, тийзний үнийг бууруулах боломжтой

2018/03/19
ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнэ: Агаарын тээврийн үйлчилгээний төрлийг нэмж, тийзний үнийг бууруулах боломжтой

ЗТХ-ийн сайд “Агаарын тээврийн либералчлал, иргэний нисэхийн шинэчлэл” зөвлөгөөнд оролцож, илтгэл тавилаа

 

Агаарын тээврийн салбарт тулгамдаж буй асуудал, цаашид хийж хэрэгжүүлэх ажил, арга хэмжээ, бодлого чиглэлийн талаар хэлэлцэх “Агаарын тээврийн либералчлал, иргэний нисэхийн шинэчлэл" удирдах ажилтны зөвлөгөөн өнөөдөр эхэллээ. Зөвлөгөөнийг нээж Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ илтгэл тавьсан бөгөөд түүний илтгэлийг бүрэн эхээр нь хүргэе. Тэрээр илтгэлдээ,

 

"Иргэний нисэхийн салбарын хамт олон,

 

Зөвлөгөөнд оролцогч та бүхний энэ өдрийн амгаланг айлтгая.

 

Монгол Улсын Их Хурлаас 2013 онд ”Төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлого”-ыг баталсан. Ингэснээр тус онд иргэний нисэхийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөнийг зохион байгуулсан бөгөөд үүнээс хойш 5 жил өнгөрчээ.

 

Иймд салбарт баримтлах бодлогын хэрэгжилтийн одоогийн явцыг хэлэлцэж дүгнэх, манай улсын эдийн засаг, нийгмийн бусад салбарын хөгжилд  иргэний нисэх, ялангуяа агаарын тээврийн үзүүлэх үр нөлөө, ач холбогдлыг авч үзэх, салбарт  тулгамдаж буй шийдвэрлэх шаардлагатай асуудлаа хэлэлцэн харилцан ойлголцож ойрын хугацаанд хийж, хэрэгжүүлэх ажлын чиглэлээ тодорхойлох зайлшгүй шаардлага байгаа тул өнөөдөр энэхүү зөвлөгөөнийг зохион байгуулж байна.

 

Өмнө нь зөвхөн иргэний нисэхийн салбарын удирдлагын хүрээнд зөвлөлддөг  байсан бол энэ удаагийн зөвөлгөөн нь гадаад харилцаа, байгаль орчин, аялал жуулчлалын салбарын төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн төлөөллийг урин оролцуулж илэн далангүй асуудлаа хамтран хэлэлцэж буйгаараа онцлог.  

 

Юуны өмнө энд хүрэлцэн ирсэн та бүхэнд “Төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлого”-ын хэрэгжилтийн талаар товч мэдээлэл өгөх нь зүйтэй гэж үзэж байна.

 

Манай улсын иргэний нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт, зохицуулалт дэлхийн жишигт хүрч, үнэлэгдсэн

 

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 10 бүлэг, 43 зүйл, 81 арга хэмжээ бүхий бодлогын баримт бичгийн 2013-2017 оны хэрэгжилтийн  байдалд хийсэн хяналт-шинжилгээний дүнгээр хэрэгжилт 57.6 хувьтай байна. Тухайлбал, эрх зүйн шинэчлэлт 42.2 хувь, аюулгүй ажиллагаа, аюулгүй байдлын хяналт зохицуулалт 78.5 хувь, агаарын навигацийн үйлчилгээ 60.0 хувь, нисэх буудлын бодлого 28.8 хувь, иргэний агаарын тээвэрт хамаарах бодлого 20.0 хувь, хүний нөөцийн бодлого 65.0 хувь, санхүүгийн бодлого 44.6 хувийн хэрэгжилттэй байна.

 

Салбарын энэхүү бодлогыг  хэрэгжүүлэхэд хоёр жил хүрэхгүй хугацаа үлдсэн, цаг хугацааны хувьд ач холбогдлоо алдсан арга хэмжээнүүд байгаа бөгөөд эрх зүйн шинэчлэлт хийх, нисэх буудлыг хөгжүүлэх, агаарын тээвэрт хамаарах зорилтыг хангалттай биелүүлээгүй байна. 

 

Сүүлийн 5 жилд иргэний нисэхийн салбарын хамт олон  улс төр, эдийн засаг, гадаад, дотоод хүчин зүйлээс шалтгаалсан олон сорилт, бэрхшээлтэй тулгарч ирсэн ч чамлахааргүй ололт амжилт гаргасаныг онцлон дурьдахыг хүсч байна. Тухайлбал, агаарын навигацийн үйлчилгээг олон улсын түвшинд илүү өргөжүүлж, дамжин өнгөрөх агаарын хөлгийн тоог 110 мянга болгож нэмэгдүүлсэн. Олон улсын шинэ нисэх буудлыг барьж байгуулсан. Олон улсын агаарын тээврийн сүлжээг өргөжүүлсэн, Ази, Европын олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн агаарын хөлгийн засварын үйлчилгээг экспортолж эхэлсэн, манай улсын иргэний нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт, зохицуулалт дэлхийн жишигт хүрч, үнэлэгдсэн гээд олон ажлын үр дүнгээр бахархаж байна.

 

Гэвч зарим нэг ажлын үзүүлэлт буурсныг бодлого батлагдахаас өмнөх болон хойшхи хугацаатай харьцуулан хэдхэн тоо хэлье. Тухайлбал, 2012 онд орон нутгийн 12 чиглэлд агаарын гурван тээвэрлэгч 204.2 мянган зорчигч тээвэрлэж байсан бол 2017 онд агаарын хоёр тээвэрлэгч орон нутгийн 8 чиглэлд 106.0 мянган зорчигч тээвэрлэжээ.

 

Орон нутгийн хуваарьт нислэгийн үйлчилгээ хумигдаж, үндсэндээ Ховд, Улаангом, Өлгий, Чойбалсангаас бусад чиглэлд зорчигч урсгал эрс багассан байна. Энэ байдал нь авто замын сүлжээ өргөжиж, хот хоорондын автотээврийн хүртээмж нэмэгдэж байгаа, шатахууны үнэ дэлхийн зах зээлээс даруй 20 гаруй хувиар өндөр байгаатай холбоотой гэж үзэж байна.  

 

Гэхдээ уул уурхайн захиалгат нислэгээр 2012 онд 133.6 мянган зорчигч тээвэрлэж байсан бол 2017 онд 215.7 мянга болж өссөн байна.

 

Иймд дотоодын нислэгийг нэмэгдүүлэх, нисэх буудлуудын хүчин чадлыг сайжруулах, хувийн хэвшил, орон нутгийн оролцоог нэмэгдүүлэх, зах зээлийн зарчмаар хөгжүүлэх чиглэлээр хийх ажил та бидэнд их байна.

 

Олон улсын нислэгт 2012 онд 14 чиглэлд дотоодын 4, гадаадын 5 тээвэрлэгч 758.8 мянган зорчигч тээвэрлэсэн. Харин 2017 онд 19 чиглэлд дотоодын 3, гадаадын 5 тээвэрлэгч 926.7 мянган зорчигч тээвэрлэж,  2012 оныхтой харьцуулахад зорчигч 168.0 мянгаар нэмэгджээ.  

 

“МИАТ” ТӨХК нь 2012 онд агаарын 4 хөлгөөр 414.8 мянган зорчигч тээвэрлэж, зах зээлийн 54.6 хувийг эзлэж байсан. Харин 2017 онд агаарын 6 хөлгөөр 439.4 мянган зорчигч тээвэрлэж, зах зээлийн 47.4 хувийг эзлэх болсон байна.  

 

Өөрөөр хэлбэл олон улсын агаарын тээврийн нийт зах зээл 2012 онтой харьцуулахад төдийлөн өргөжиж сайжраагүй байна.

 

Өмчийн эзэмшлийн хувь хэмжээг 51 хувь болгон бууруулах нь зүйтэй

 

Эрхэм хүндэт төлөөлөгчид өө!

 

Би энэ удаагийн удирдах ажилтны зөвлөгөөнийг “Агаарын тээврийн либералчлал, иргэний нисэхийн салбарын шинэчлэл” гэсэн сэдэвээр хийх нь зүйтэй гэж үзсэн болно.

 

Олон улсын иргэний нисэхийн байгууллагын гишүүн 192 орны 124 нь “Нээлттэй агаарын зайн хэлэлцээр” байгуулсан, байгуулах шатанд байна.

 

Монгол Улс 39 улсын Засгийн газартай Агаарын харилцааны хоёр талын хэлэлцээрийг байгуулж, эдгээр улсын 100 гаруй хот хооронд нислэг гүйцэтгэх эрх зүйн зохицуулалтыг бүрдүүлсэн байна.

 

Олон жил хөндөж ярихаас эмээж болгоомжилдог “либералчлал” гэдэг үгийн цаана юуг алдаж, бас юуг олж байна, олох боломжтой вэ, Монголд Улсад хэрхэн хэрэгжүүлэх вэ гэсэн асуудлыг мэргэжлийн явцуу хүрээнээс хальж бусдын санал бодлыг сонсож, хэлэлцэхийг цаг үе  шаардаж байна.

 

Бидний өнөөдрийг хүртэл баримлаж буй “Төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлого”-д агаарын тээвэрт чөлөөт өрсөлдөөнийг үе шаттай, төрийн хяналт, зохицуулалттай хэрэгжүүлэх, 2016 оноос эхлэн үе шаттайгаар нээлттэй болгож, АНУ-тай “Нээлттэй агаарын зайн хэлэлцээр” байгуулах хэлцлийг эхлүүлэх, Сөүл, Бээжингийн чиглэлд хоёрдогч тээвэрлэгчийг оруулахгүй байх, гадаад улсын тээвэрлэгчийн тухайд дээрх шугамд “нэг шугам-нэг тээвэрлэгч” бодлого баримтлахаар заасан. 

 

Мөн төрийн өмчит компаниа Үндэсний агаарын тээвэрлэгч болгон өргөмжилж хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар бий болсон агаарын тээвэрлэгчийг орхигдуулсан байна. Тэгвэл иргэний нисэхийн үйл ажиллагааг адилхан нуруун дээрээ үүрэлцэж яваа бусад хувийн хэвшлийн агаарын тээввэрлэгч та бүхэн ч үндэсний агаарын тээвэрлэгч мөн гэдгийг онцлон тэмдэглье.  

 

Орон нутгийн нислэгийн зах зээл бүхэлдээ хувийн хэвшлийн нуруун дээр явж байгаа, төр шууд оролцоод дэмжээд явахгүй ч үндэсний аж ахуйн нэгжүүд нийгмийн үйлчилгээ үзүүлээд, агаарын тээврийн зах зээлийг дотоод, гадаадад хөгжүүлэх гээд оролцоод явж байгааг цаашид дэмжиж ажиллана.  

 

Хоёр талт Агаарын харилцааны хэлэлцээрээр өмчлөл, хяналтын талаас нь үндэсний тээвэрлэгчийг томилохоор заасан бөгөөд манай улсын хувьд олон улсын нислэг үйлдэх агаарын тээвэрлэгчийн өмчийн эзэмшлийн 75-аас доошгүй хувийг Монгол Улсын иргэн, хуулийн этгээд эзэмших шаардлагыг Иргэний нисэхийн дүрмээр тавьдаг. Тэгвэл бид өмчийн эзэмшлийн хувь хэмжээг хоёр талт Агаарын харилцааны хэлэлцээрийн дагуу 51 хувь болгон бууруулж, гадаадын  хөрөнгө оруулалт орох сонирхолыг татах, тогтвортой ажиллах боломжийг бүрдүүлэх ёстой гэж үзэж байна.  

 

Олон улсын иргэний нисэхийн байгууллага 1994 оноос агаарын тээврийн зохицуулалтын орчинд өөрчлөлт хийх, салбарыг шинэ нөхцөлд дасан зохицоход шаардлагатай “үе шаттай” либералчлал хийх ёстойг зөвлөж байна. Мөн Дэлхийн худалдааны байгууллага 1995 оноос худалдаа, банк санхүү, харилцаа холбоо, тээвэр, аялал жуулчлал, хөрөнгө оруулалт, лиценз зөвшөөрөл олгох, тарифын бус хоригийг багасгах зэрэг чиглэлээр үйлчилгээний салбарын либералчлалыг эхлүүлсэн.

 

Монгол Улс гишүүн нь болсон дэлхийн 192 орныг эгнээндээ нэгтгэсэн Олон улсын иргэний нисэхийн байгууллага, 164 орныг нэгтгэсэн Дэлхийн худалдааны байгууллагаас 20 гаруй жилийн өмнөөс гарган хэрэгжүүлж буй бодлого, чиглэл ийм байна.

 

Либералчлал нь агаарын тээвэрлэгчидэд зах зээлд нэвтрэх өргөн боломжийг олгох, төрөөс хамааралтай, дэмжлэгтэй байдлыг багасгах, зах зээлийн зармаар өсч хөгжих, нислэгийн сүлжээгээ өргөжүүлэх, алианс, холбоонд нэгдэх, тээвэрлэлтийн үр ашиг, үйлчилгээний төрлийг нэмэгдүүлэх, үнэ тарифаа бууруулах боломжийг олгоно.

 

“Монгол Улсын эдийн засгийн бодлогын шинэтгэл, өрсөлдөх чадвар” төслийн хүрээнд 2011 онд “Монгол Улс: агаарын харилцааны либералчлалын үр нөлөө” гэсэн судалгааг  хийсэн байна.

 

Энэ судалгаагаар Монгол Улсад либералчлалыг хоёр талт хэлэлцээрийн хүрээнд  хэрэгжүүлснээр 2-3 жилийн дараа олон улсын нислэгийн тоо 2010 оныхоос 112 хувиар, зорчигч жил тутам 117 мянгаар, Хятад, Солонгосын чиглэлийн нислэг 65 хувиар тус тус өсч, Европ, Хойд Америкийн зах зээлд агаарын тээврийн үйлчилгээ үзүүлэхэд дэмжлэг болно. Зорчигчийн тийзний үнэ дунджаар 42% буурч, зорчигчид нислэгийн тийзний үнээс 121 сая ам.доллар буюу тухайн үеийн ханшаар 158,4 тэрбум төгрөг хэмнэнэ. Олон улсын ачаа тээвэр 62%-иар өсч, орон нутгийн зорчигчийн тоог 43-87%-иар, байнгын ажлын байр 21,5 мянгаар нэмэгдэнэ гэж тооцжээ.

 

Дээрх судалгааг үндэслэн либералчилсан бол ийм болох байсан гэж бүрэн хүлээн зөвшөөрөх боломжгүй ч эдийн засаг, нийгмийн хүрээний олон хүчин зүйлийг шинжлэн дүгнэж хийсэн анхаарч, авч үзүүштэй олон хүчин зүйлийг тодорхойлжээ. 

 

Либералчлалд саад болохуйц улс төр, эдийн засгийн бодит хүчин зүйлс байгаа боловч агаарын тээврийн талаар өнөөгийн баримтлаж буй байр сууриа цаашид хадгалах нь Монгол Улсын иргэд хүртэж болох эдийн засгийн дорвитой үр өгөөжийг бий болгоход саад тотгор болно гэж үзжээ. Та бүхэн судалгааны тайланг бүрэн эхээр нь манай яамны сайтаас үзэж болно.

 

Бид шийдвэрлэх арга замаа зөв сонгоогүй, “байр сууриа хадгалсаар” байгаа цагт өнөөдрийн бэрхшээл, тулгамдсан асуудал хэвээр байх болно.

 

Газар зүйн байршлын давуу талаа ашиглах ёстой

 

 

Хүндэт төлөөлөгчид өө,

 

Ази, Европыг холбосон хамгийн дөт агаарын зам манай улсаар дайран өнгөрдөг бөгөөд газар зүйн байршлын энэ давуу талыг бид ашиглах ёстой.

 

Улаанбаатар хотын Олон улсын нисэх онгоцны шинэ буудал ашиглалтад орж, энэ бүс нутагт агаарын тээврийг хөгжүүлэх тааламжтай дэд бүтэц бий болж байна. Шинэ нисэх буудлын менежментийг японы талтай хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд ингэснээр нисэхийн бус орлогыг нэмэгдүүлэх, агаарын тээврийн компанид үнийн дарамт багатай менежмент хийх, зээлийн эргэн төлөлтийг хангах, японы ноу хауг нэвтрүүлэх, бүс нутгийн хэмжээний томоохон зангилаа нисэх буудал болгон үйл ажиллагааг өргөжүүлэх боломж бүрдэнэ гэж үзэж байна.

 

Агаарын харилцааг либералчлах замаар нисэх буудлын ашиглалтыг сайжруулж шинэ нисэх буудлын зээлийг хугацаанд нь эргэн төлөх, үр ашигтай байдлыг хангах шаардлага зүй ёсоор тавигдаж байна.

 

Тээврийн хэрэгсэл дотроос хамгийн хурдтай нь агаарын хөлөг, та бид агаарын тээврийн салбарыг мөн ийм хурдтайгаар хөгжүүлэх ёстой гэж бодож байна. Харамсалтай нь хөгжлийн тэр хурдыг бид төдийлөн үзүүлсэнгүй.

 

9 жилийн өмнө УИХ Иргэний нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг боловсруулж батлуулах үүргийг өгч байсан ч энэ ажил хийгдээгүй байна. Үүний цаана ИНЕГ гэсэн нүсэр том аж ахуйн байгууллагын эрх ашиг хөндөгдөнө.

 

20 гаруй жил нэг тээвэрлэгч байгууллагыг бодлогоор дэмжиж ирлээ. Зах зээл хамгаалах бодлого үр дүнгээ өгсөнгүй. Бээжин, Сөүлийн чиглэлд  өнөөгийн “ганцаараа” байгаа “боломжийг ашиглаж” зуны улиралд зах зээлийн багтаамж нэмэгдүүлэх, үнэ тарифыг бууруулах талаар дорвитой өөрчлөлт хийлгүй, эрэлт нийлүүлэлтийг арилжааны зарчмаар бус үнийн бодлогоор барьж, маркетингаа сайжруулах идэвх суларчээ.

 

“МИАТ” компанид зах зээлийг шууд либералчлах нь, тэр тусмаа дээрх чиглэлд хоёрдогч тээвэрлэгч оруулах бодлого хүндээр тусна. Агаарын тээврийн компани дээр төрийн хувь оролцоо байх ёстой ч зах зээлийн орчинд ажиллах компанийн засаглал, менежмент, борлуулалтын тогтолцоог сайжруулах зэрэг өөрчлөлт, шинэчлэлтэд зохицож ажиллах ёстой.  

 

Бид өрсөлдөх чадвартай болно гээд найдаад, түшээд явж байгаа төрийн өмчийн агаарын тээврийн компаниа өсч өргөжихийг хүлээх үү, улс орны эдийн засгийг өргөжүүлэх, иргэдээ хямд үнээр зорчих боломжоор хангах уу гэдгийг шийдэх ёстой.

 

Хэрэв бодлого нь, эрх зүйн зохицуулалт нь хөгжлийн чиг хандлагадаа нийцэхгүй тушаа болж байгаа бол өөрчлөлт, шинэчлэлтийг хийх хэрэгтэй. Үйл ажиллагааны хувьд ч тогтолцооны хувьд ч засаж залруулах ажлуудыг цаг алдалгүй хийж байж үр дүн гарна.

 

Агаарын хөлгийн засвар үйлчилгээ, газрын үйлчилгээ, нисэхийн сургалт зэргийг хараат бус зах зээлийн зармаар нь хөгжүүлэх шаардлагатай байна.  

 

Иргэний нисэхийн салбарт ашиглалтын зардал багатай техник, тоног төхөөрөмж нэвтрүүлэх, хувийн хэвшлээр гүйцэтгүүлж болох ажил үйлчилгээнээс төр татгалзах ёстой.

 

Иргэний нисэхийн салбарын удирдлагууд аа,

 

Бидний өмнөөс агаарын тээврийг либералчлах ёстой гэж хэрэглэгчид ярьж, шүүмжилж, түүнийг хийхийг хүсэн хүлээдэг болсон байна. Иймд бид албан тушаалын эрх мэдэл, байгууллагын ашиг сонирхол бус, улс орны, хэрэглэгчийн нийтлэг эрх ашгийг нэн тэргүүнд тавьж асуудлыг цогц байдлаар шийдвэрлэх шаардлагатай.

 

Өөрөөр хэлбэл нэг хоёр байгууллагын эрх ашгийг эрхэмлэх бус бусад салбарыг хөгжих тэр боломж нөхцлөөр хангах бодлого, чиглэлийг баримталж ажиллах нь зүйтэй. Тухайлбал, олон улсын нислэгт өрсөлдөөнийг бий болгож нислэгийн тоог эрс нэмэгдүүлснээр манай улсад ирэх жуулчид нэмэгдэх бөгөөд үүнийг дагаж үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын үйл ажиллагаа өргөжих боломж бүрдэнэ. Наад зах нь ноос, ноолууран бүтээгдэхүүнээс эхлээд жижиг гар урлалын бүтээгдэхүүн үйлдвэрлэл, зочид буудал, хоолны газар, үзвэрийн газруудын үйлчилгээний цар хүрээ өргөжихийн хирээр ажлын байр, эдийн засгийн өсөлт нэмэгддэг тогтолцоотой.

 

Ийм  тогтолцооны тээг, чөдөр хэрхэвч байж болохгүй.

 

Одоо ойрын хугацаанд шийдвэрлэх асуудлыг дурдъя:

 

  • Засгийн газрын 2017 оны 322 дугаар тогтоолоор шинэ нисэх буудлын менежментийг японы талын 51, монголын талын 49 хувийн эзэмшилтэй хамтарсан компани байгуулж, хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн. Үүнтэй холбогдуулан бүтцийн томоохон өөрчлөлт хийж, Иргэний нисэхийн ерөнхий газрын харъяанд байгаа төв, орон нутгийн нисэх буудлуудыг өмчлөл, үйл ажиллагааны нэгдсэн удирдлага зохион байгуулалтаар хангах төрийн өмчийн компанийг шинээр байгуулна.

 

  • Иргэний нисэхийн салбарт нисэх буудлууд бие даан ажиллах боломжийг нь бүрдүүлэх, зах зээлийн зарчмаар ажиллахад нь чиглүүлнэ. Иргэний нисэхийн ерөнхий газрыг аж ахуйн үйл ажиллагаанаас нь салгаж, аюулгүй ажиллагааны хяналт, зохицуулалтаа дагнан хэрэгжүүлж ажиллана.

 

  • Улсын Их Хурлын 2018 оны намрын чуулганаар Иргэний нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг батлуулна.

 

  • Дэлхийн худалдааны байгууллагын “Иргэний агаарын хөлөг худалдах хэлэлцээр”-ийг соёрхон батлах хуулийг 2018 оны хавсрын чуулганаар, холбогдон гарах дотоодын хууль тогтоомжийг намрын чуулганаар батлуулна.

 

  • “Төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлого”-д өөрчлөлт оруулах, шинэчлэх асуудлыг энэ хаврын чуулганаар  шийдвэрлүүлнэ. “Нэг шугам-нэг тээвэрлэгч” зарчмыг өөрчилж зах зээлийн багтаамж, эдийн засгийн үр ашигт тулгуурласан тээвэрлэгчийн монополь байдлыг халах зохицуулалтын арга хэмжээ авна.

 

  • Ерөнхий зориулалтын нисэхийг хөгжүүлэх талаар сүүлийн 10 гаруй жил ярьж ирсэн, үүнийг ажил хэрэг болгож, “Ерөнхий зориулалтын нисэхийг хөгжүүлэх хөтөлбөр”-ийг энэ 4 дүгээр сард Засгийн газраар батлуулж 2018-2022 онд хэрэгжүүлнэ.

 

  • Мөн л сүүлийн жилүүдэд ярьсаар ирсэн, алслагдсан бүс нутагт агаарын тээврийн үйлчилгээ үзүүлэх, орон нутгийн нислэгийг өргжүүлэн тогтворжуулах зорилгоор 2019-2022 онд хэрэгжүүлэх “Агаарын тээврийн зайлшгүй үйлчилгээний хөтөлбөр”-ийг энэ 8 дугаар сард багтаан батлуулна.

 

  • Олон улсын агаарын тээврийг либералчлахад орон нутгийн нислэгийн зах зээл тогтворжиж, мөн харилцан уялдаатай хөгжих ёстой. Иймээс орон нутгийн хуваарьт нислэг, аялал жуулчлалын нислэгт татаас олгох замаар тогтворжуулах, санхүүжилтийн асуудлыг Иргэний нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад тусган шийдвэрлэнэ.  

 

  • Төрийн зохицуулалтын дарамтыг багасгана. Зөвшөөрөл олгох үйл ажиллагааны хугацааг багасгах, зөвшөөрөл олгох үйл явцыг ил тод болгох, зохицуулалтын дүрэм, журмыг тодорхой болгож, дүрэм журмын хүрээнд шаардлага тавина.

 

  • Агаарын тээвэрлэгчийн өрсөлдөх чадварыг сайжруулна. Менежмент, маркетингийн бодлогыг сайжруулж, нисэхийн бус, захиргааны зардлыг бууруулна. Үйл ажиллагааны цар хүрээтэй бүтэц орон тоог нь уялдуулна.   

 

  • Санхүүгийн дэмжлэгтэйгээр шинэ үйлчилгээний төрөл бий болгох, зах зээлд тогтвортой үйл ажиллагаа явуулахуйц татвар, татаасын бодлогоор дэмжинэ. Орон нутгийн хуваарьт нислэгийн үйлчилгээг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх зохицуулалт бүрдүүлнэ. 4-5 жилийн хугацаанд нийгмийн үйлчилгээний нислэг, жуулчин тээврийн татаастай нислэг гүйцэтгүүлснээр нийгэмд, аялал жуулчлал, агаарын тээвэр аль аль талд ач холбогдолтой, санхүүгийн хувьд бэхжинэ гэж харж байна.

 

  • Төрийн шууд шууд оролцоо, татаасаар бүхнийг зохицуулаад явахад хэцүү ч аль болох дэвшилттэй боломжит хувилбарыг сонгож, хувийн хэвшлийг дэмжиж, либералчлалыг хэрэгжүүлнэ.

 

  • Агаарын тээвэлэгчдийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ. Аяллын дугаар хуваан ашиглах, борлуулалтын сүлжээ, газрын үйлчилгээ, агаарын хөлгийн засвар үйлчилгээ, нисэхийн сургалт зэрэг чиглэлд өөрсдөөс хамаарах наад захын хамтарсан үйл ажиллагааны зохицуулалт хийнэ.

 

  • Шинээр нислэгийн чиглэл нээхэд үйл ажиллагааг тогтворжих хүртэл хугацаанд нисэх буудал, газрын үйлчилгээний тарифыг хөнгөлөх, чөлөөлөх зохицуулалт бүрдүүлнэ.

 

  • Ерөнхий зориулалтын нисэхийг хөгжүүлэхэд хувийн хэвшлийн оролцоог дэмжиж, түлхүү оролцуулна.

 

  • Хуваарьт нислэгийн агаарын тээврийн шинэ маягийн агаарын хөлгийн шинэ сургалтад нисэгч, инженер техникийн ажилтнуудыг сургадаг тогтолцоог хэвээр хадгалана.

 

  • Агаарын хөлгийн шатахуун хангалт, нийлүүлэлтэд өрсөдлдөөнийг бий болгож,  баруун, зүүн бүсэд шууд нийлүүлэх татварын болон бусад зохицуулалтыг хийнэ.  

 

    Эрхэм төлөөлөгчид өө,

 

Агаарын харилцааг либералчлах, иргэний нисэхийн салбарыг шинэчлэх талаар хийж буй ажил болон авч хэрэгжүүлэх бодлого, чиглэлээ та бүхний сонорт хүргэлээ.   

 

Тавьж буй асуудлаар та бүхний мэргэн ухаан, мэргэжлийн санал бодлыг сонсохыг хүсч байна.

 

Энэхүү зөвлөгөөнөөс олон санал, санаачилга гарна гэж хүлээж байна. Түүнийг цаашд төрийн бодлого, чиглэлд тусган, дэмжээд ажил хэрэг болно гэдэгт миний бие итгэж  байна.

 

Зөвлөгөөний үйл ажиллагаанд амжилт хүсье.  

 

Анхаарал тавьсанд баярлалаа" гэв.

ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнэ: Агаарын тээврийн үйлчилгээний төрлийг нэмж, тийзний үнийг бууруулах боломжтой  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх