Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

Европ руу шинэ хаалга нээсэн айлчлал

2014/03/11
Европ руу шинэ хаалга нээсэн айлчлал

Зам, тээврийн сайд замд гарч явна. Энэ удаа Бүгд Найрамдах Беларусь улсын Тээвэр, холбооны сайд А.А.Сивакийн урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийхээр явж буй нь энэ. Айчлалын гол зорилго нь хоёр орны тээврийн салбарын хамтын ажиллагааны талаар хэлэлцээр хийж, Монгол Улсын Зам тээврийн яам болон Беларусийн Тээвэр, холбооны яам хоорондын хамтран ажиллах тухай санамж бичгийг байгуулах юм. Эл санамж бичгийн эхлэл нь өнгөрсөн онд тавигдсан бөгөөд энэ удаа сайдаар ахлуулсан ажлын хэсгийнхэн ажил хэрэг болгохоор ийнхүү Беларусь улсын Минск хотыг зорилоо. Хуучин ЗХУ-ыг задран унах үед Беларусь улс тусгаар тогтнолоо албан ёсоор зарласнаас хойш 20 гаруй жилийн нүүрийг үзээд байгаа аж. Энэ хугацаанд тус улсад аж

үйлдвэрийн салбар ихээхэн хөгжсөн төдийгүй машин механизмын үйлдвэрлэл асар хурдтай хөгжжээ. Нөгөө талаар Беларусийн нутаг дэвсгэр дээр Европ руу явж байгаа транзит тээвэр дайрч өнгөрдөг нь манай тээврийн салбарт зайлшгүй үр дүнгээ өгнө гэдгийг Зам тээврийн яамныхан хэлж байв. Ялангуяа зам тээврийн тоног төхөөрөмжийг дэлхийн төвшинд үйлдвэрлэдэг энэ улсаас манайх сурах зүйл их, туршлага солилцох нь хамгийн чухал гэдгийг ч онцолж байлаа. Бүхий л зүйлээ барууны орнуудаас хуулбарлаж байгаа энэ үед Беларусь улсын өнөөгийн тээврийн салбарын хөгжил Монголын нөхцөлд тохирч байгаа нь яах аргагүй анхаарал татаж байлаа.

Тухайлбал, авто тээврийн салбарт автобус угсрах саналыг Монголын талаас тавьсан нь нүдээ олсон саналын нэг байж чадсан юм. Заавал Беларусьтай хамтран ажиллах санал тавьж, үүнийгээ ажил хэрэг болгохоор яаравчлаад байгаа нь шалтгаантай аж. Энэ талаар Зам, тээврийн сайд А.Гансүх тайлбарлахдаа, “ Бид нэг зүйлийг хармаар байна. Манай эдийн засаг өсч, энэ хэмжээгээр олон улсын интеграцид орж байна. Ийм үед дэд бүтэц үнэхээр чухал. Бид ямар улсуудтай наймаа хийх үү, ямар бэрхшээл байгааг урьдчилан харах шаардлагатай. Европын холбоо гээд дэлхийн том зах зээл. Энэ зах зээлд яаж өрсөлдөгч болох уу. Өнөөдрийн байдлаар гэхэд долоон мянган нэр төрлийн бараанд ямар ч квот байхгүй байна. Бид үүнийгээ ашиглаад экспортод гаргах юм бол асар том боломж бидний өмнө нээлттэй. Иймэрхүү зүйлээ үзэхээр хамгийн түрүүнд дэд бүтэц хэрэгтэй байгаа юм. Юугаар явах вэ. Төмөр замын тээвэр, нисэх гээд аль нь хүрч чадах вэ. Төмөр замаар гэхээр ОХУ, Беларусаар дамжаад Европын холбоо руу ачаа бараагаа гаргаж байна. Беларусийн Тээвэр, холбооны сайд хэлэхдээ, жил-дээ 50 сая тонн ачаа бараа Брестээр дамжин өнгөрч бай-на. Үүний ердөө 146 мянган тонн нь л Монголынх байдаг. Өөрөөр хэлбэл, энэ тоог бага, нэмэгдүүлэх шаардлагатай гэж үзэж буй. Бидний хувьд зам дагуу улстайгаа хамтарч тээврийнхээ орчинг сайжруулах зайлшгүй цаг үеийн шаардлага байна. Үүнийг нэгэнт олж харсан учраас энэ асуудлыг чухалчлаад байгаа хэрэг” гэв. Үнэндээ ч сайдын энэ байр суурь томилолтын яв-цад бодит байдлаар харагдаж байлаа.

Яагаад заавал Беларусь гэж...

Тус айлчлалын хүрээнд Брест дээр ачаа барааг дамжин өнгөрүүлэх асуудлыг зөвхөн хөндөөгүй юм. Тухайлбал, агаарын тээвэр, авто тээвэр, төмөр зам гэсэн гурван салбарт өргөн хэмжээний тохиролцоо хийж чадсан билээ. Энэхүү тохиролцоог хийхийн тулд Монголын талын ажлын хэсгийнхэн багагүй чармайлт гаргасан. Гадаадын улс оронд тэр бүр өгөөд байдаггүй тавдугаар эрх гэж байдаг аж. Энэхүү тавдугаар эрхийг авахын тулд Зам, тээврийн сайд А.Гансүх “шаггүй нүүдэл” хийж харагдсан. Ингэсний хүчинд Беларусийн тал тавдугаар эрхийг Монголд өгч цаашид хамтарч ажиллана гэдгээ амласан юм. Мөн Беларусийн талынхан Брест дээр Монголын ачаа бараа уддаг асуудлыг манайх хариуцахгүй гэсэн тайлбарыг хэлж, гаалийн байгууллага энэ ажлыг хариуцна хэмээн саналаас эвтэйхэн бултахыг оролдсон. Харин Зам, тээврийн яамныхан санамж бичигтээ үүнийг заавал тусгаж оруулах шаардлагатай гэдгийг хэлээд тус улсын гаалийн байгууллагын удирдлагуудтай биечлэн уулзахаар тохиролцов. Санамж бичиг гэдэг бол зөвхөн сануулаад, гарын үсгээ зураад өнгөрөх асуудал биш, ажил хэрэг болгож үүнийхээ үр дүнг үзэхэд л асуудлын гол нь байгаа гэдгийг Зам, тээврийн сайд онцолж байлаа. Энэ удаагийн санамж бичигт Монголын талын эрх ашигт нийцсэн хэд хэдэн асуудлыг шийдэж чадсан бөгөөд ажлын хэсгийнхний хэлснээр гэрээний дайтай санамж бичиг болж чадсан юм. Нөгөө талаар Монгол Улсын тээврийн салбарт шинэчлэл хийх гэсэн оролдлогыг салбар хариуцсан сайд нь илүү анхааран ажиллаж, ач холбогдол өгч байгааг харж болохоор байв. Дараагийн нэг чухал асуудал бол онгоцны түлш. Гадаадаас 100 хувь онгоцны түлшээ авдаг манай улсын хувьд зөвхөн нэг улсаас түлш авах биш, хоёр гуравдагч эх үүсвэрийг хайх нь зөв гарцын нэг байв. Одоогийн байдлаар Солонгос улсаас онгоцны түлшээ авч байгаа аж. Харин дараагийн түншлэгчээр Беларусь улсыг сонгохоор төлөвлөж буй. Тиймээс санамж бичигт үүнийгээ тусгаж Беларусийн талаар зөвшөөрүүлж чадсан юм. Онгоцны түлш өндөр үнэтэй, өндөр үнэтэйгээс болоод тасалбар өндөр байдаг учраас Иргэний нисэхийн салбар өнөөдөр ашиггүй ажиллаж байгаа гэдгийг салбарынхан нуухгүй байлаа. Үнэндээ ч иргэдийн халааснаас гарах мөнгийг хэрхэн хэмнэх нь төрийн бодлого, түүнийг хэрэгжүүлэгч яам нь бодлогын хэмжээнд ямар зөв гаргалгаа хийхийг тэдний оюун ухааны цар хүрээ мэдлэг тэнд уралдаж байсныг энд тэмдэглэн хэлмээр байна. Агаарын тээвэрт тулгамдсан нэг чухал асуудлыг ийнхүү шийдсэн бол дараагийнх нь төмөр зам байв. “ Улаанбаатар төмөр зам”-ын асуудал дээр хоёр асуудлыг хөндсөн. Нэгдүгээрт нь, Беларусийн нутгаар дамжин өнгөрөх төмөр замын ачаа тээврийг нэмэгдүүлэхэд хоёр талынхан анхаарч ажиллана. Гэхдээ зөвхөн Беларусь Монгол гэж хязгаарлахгүй бөгөөд Европ Азийг холбосон транзит тээврийг хөгжүүлэх чиглэл дээр хамтарч ажиллах талаар зарчмын чухал тохироог хийж чадсан билээ. Хоёрдугаарт нь, Беларуст төмөр зам өндөр хөгжсөн болохоор үүнийг Монголд нутагшуулахад онцгой анхаарч ажиллахаар болов. Өнөөдөр төмөр замд дутагдаж байгаа, олон жил хийх гээд хийж чадахгүй байгаа зүйлүүдийг тус улсын төмөр замынхан аль хэдийнэ хийчихсэн байв. Ингэж хийхдээ Европын стандартад түшиглээд хийсэн нь төмөр замынхныг багагүй гайхшралд оруулаад амжсан. Энэ үеэр салбарын сайд А.Гансүх төмөр замыханд хатуухан үг чулуудаад авна лээ. “Манай төмөр зам Оросын тоног төхөөрөмжид суурилсан, мэргэжилтнүүд нь бүгд Орост суралцсан, орос хэлтэй хэрнээ Беларусийн төмөр замын-хантай яагаад одоо хүртэл ха-рилцаа холбоо байдаггүй юм. Тус улсын төмөр замын хөгжил аль хэдийнэ Европын стан-дартад очсон байхад манайх хэдэн эрэг шураг, боолт яриад яваад байгаа нь хэ-тэрхий хариуц-лагагүйнх. Ажлыг амаар биш, хэзээ гүйцэтгэлээр хийж сурах юм" хэмээн нэлээд бухимдангуй хэлж байв. Тиймээс сайд олон удаа дахин, дахин ирж явдал чирэгдэл болоод байхгүйгээр төмөр замын асуудлаар сайдтай нь өөрийн биеэр уулзах санал хүргүүлэхийг ажлын хэсгийнхэнд даалгасан. Ийнхүү яаравчлан уулзаж, ажил хэрэгч санал тавьсны үр дүнд Беларусийн инженер, техникийн багийг Монголд авчрахаар болж тэдний туршлагыг бодитоор нь суралцах боломж олдсон юм. Үүний зэрэгцээ төмөр замд техникийн дүн шинжилгээ хийж өгөөч гэсэн хүсэлт тавихаа ч мартсангүй. Учир нь, тус улсын үйлдвэрлэж буй бүтээгдэхүүн нь орчин үеийн төвшинд хүрсэн, өртөг хямд байсан нь эдийн засгийн хувьд ихээхэн үр өгөөжтэй гэдэг нь харагдаж байв. Мөн тус улсад тээвэр ложистик, авто зам, замын сүлжээ өндөр хөгжсөн нь онгоцны буудлаас буухад л мэдрэгдсэн. Өнгөрсөн намар Монголд ажлаар ирсэн тус улсын Тээвэр, холбооны яамны мэргэжилтэн биднийг тосч авсан. Тэрээр манай замын талаар хэлэхдээ, “Монголын зам маш хэцүү. Машинд суугаад явж байхад ойж буугаад л” гээд толгой сэгсэрч байна лээ. Энэ нь цаад утгаараа та бүхэн яагаад замаа засдаггүй юм бэ гэдэг үгийг давхар дайх шиг санагдсан. Беларусийн эдийн засгийн 30 хувь нь авто тээврээсээ бүрддэг аж. Авто тээврийн ложистикийн систем үнийн бүрдэл цахимжуулсан байдал, түүнийгээ нэгдсэн зохион байгуулалтад оруулж хянаж байгаа тээврийн хяналт зохицуулалт зэрэг нь Европын өндөр төвшинд хүрсэн байсан. Тиймээс энэ сүлжээг зохион байгуулж байгаа ноу хауг хуулбарлаж авах хэрэгтэй гэдгийг сануулж байлаа. Манайд авто тээвэр, төмөр замаа тус тусд нь хөгжүүлдэг бол харин Беларусь улс хамтад нь уялдаатай хөгжүүлж чаддагаараа бусад орноос ялгарч, үүний үр дүнд хөгжлийн гарц хурдан, чанартай байсныг газар дээр нь очиж танилцсан нь энэ юм. Зам тээврийн яамныхан ч гэсэн нэгдсэн тээвэр ложистикийн системийг бий болгохоор бичиг баримт боловсруулаад байгаа бөгөөд ирэх дөрөвдүгээр сард УИХ-аар батлуулахаар болоод байгаа аж. Өөрөөр хэлбэл, нэгдсэн тээврийн бодлоготой болсноор Монгол Улс анх удаа нэгдсэн ложистикийн системтэй болно гэсэн үг.

А.А.Сивак: Монголын онгоц манайд нисээсэй гэж хүсч байна

Беларусийн Тээвэр, холбооны яамныхан Зам тээврийн сайд А.Гансүхээр ахлуулсан айчлалын бүрэлдэхүүнийг хүлээн авч уулзсан. Уг уулзалт ажил хэргийн гэхээсээ илүү дотно сайхан үг хэлэлцэж, халуун дулаан орчныг бий болгож байлаа. Беларусийн Тээвэр, холбооны сайд А.А.Сивак, “Энэ айлчлал бие биеэ ойлгож, нууж хаах зүйлгүйгээр болж байгаа нь надад таалагдаж байна. Нүдээ олсон, сэтгэлээ уудалсан ийм сайхан уулзалт байх болно” гэж байв. Ингээд түүнтэй цөөн хором ярилцлаа.

-Ноён Сивак, Монгол Улсын Засгийн газар, Беларусь улсын Засгийн газар хамтран тээврийн салбарт хамтрах санамж бичигт гарын үсэг зурлаа. Та ач холбогдлыг нь хэрхэн дүгнэж байна вэ?

-Би хэлэлцээрийн явцад хэлж байсан. Санамж бичигт өндөр ач холбогдол өгч байгаа гэж. Манай хоёр орны хамтын ажиллагаанд их ирээдүй байгааг энэхүү санамж бичгээс харж болно. Манай хоёр улс их төстэй. Миний бодлоор хоёр улсын тавьсан зорилго адилхан санагдсан. Ялангуяа бидний харилцан бие биеэ ойлгож нууж хаах зүйлгүй байгаа нь таалагдаж байна. Манай мэргэжилтнүүд хүртэл Монголын мэргэжилтнүүдтэй хэл амаа амархан ололцож байх шиг байна. (инээв). Уг санамж бичгийг ажил хэрэг болгосноор цаашид хамтарч ажиллахад ихээхэн түлхэц болно. Өөрөөр хэлбэл, энэхүү санамж бичиг Беларусийн Тээвэр холбооны яаманд ч боломж олгож байгаа. Тиймээс бид Монголын талд нээлттэй байж цаашдаа хамтран ажиллахад бэлэн байгаагаа хэлмээр байна.

-Санамж бичигт агаарын тээврийн хэлэлцээрийг тусгасан. Ингэхдээ танай талаас нэмэлт өөрчлөлт оруулах саналыг оруулав уу?

-Бид хамгийн гол нь Монголын онгоц Беларуст нисээсэй гэж бодож байна. Монголын иргэний агаарын тээврийн үйл ажиллагааг ихээхэн сонирхож үйлчлүүлэх сонирхол их байна. Агаарын тээврээс гадна авто тээвэр, төмөр замын асуудлыг ажил хэрэг болгоход ч анхаарал хандуулж ажиллана.

-Танай улс замын төхөөрөмж үйлдвэрлэдэг. Замын чиглэлээр хамтран ажиллах ямар боломж байна вэ?

-Монголын зах зээл дээр Беларусийн техник өрсөлдөх боломжтой гэж бид харж байна. Манай улсын бүтээн байгуулалт бол өөрсдийн мэргэжилтнүүдийн хүч, хөдөлмөрөөр бүтсэн. Бид үргэлж шинийг санаачилж улсынхаа техник төхөөрөмжийн хөгжилд анхаарал хандуулдаг. Ингэснээр манай улсын техник төхөөрөмж дэлхийн стандартад хүрч чадсан. Тиймээс замын төхөөрөмж нийлүүлэх тал дээр хамтарч ажиллахад бэлэн.

-Монгол Улсын хувьд уул уурхай ид хөгжиж байгаа орон. Энэ утгаараа танай улс Монгол улсад техник технологи нийлүүлэх сонирхол байна уу?

-Санамж бичигт тусгаснаар олон салбарт хамтарч ажиллах санал тавьсан. Хамгийн гол нь байгалийн баялагтай улс оронд таарч тохирох машин механизм, тоног төхөөрөмж манайд бий. Та бүхэн “Белаз”-ийн үйлдвэртэй танилцсан байх. Бид хамгийн сүүлд гэхэд хамгийн том буюу 450 тонн ачааг нэг удаа даах чадвартай машин бүтээсэн. Бидний хамтын үйл ажиллагаа бие биеэ нөхөж харилцан түншлэх нь чухал. Хоёр улсын яамд байгалийн баялгийг гаргахад хамтран ажиллаж чадвал Европын зах зээл дээр бүтээгдэхүүнээ гаргах олон талын ашигтай байж чадна гэлээ.

Беларусийн Тээвэр, холбооныхон дээрх байр суурийг илэрхийлж байна. Манай МИАТ энэ жилээс эхлэн Парис, Франкфурт, Сингапур руу шинэ чиглэл нээхээр төлөвлөөд байгаа аж. МИАТ Франкфурт шууд нислэг үйлдэх үед Беларусийн Минскийн нисэх буудал дундын цэг болох юм. Өөрөөр хэлбэл, ирээдүйд агаарын тээврийн салбарын хөгжил Европ руу зүглэж, энэ үед Минскээр дамжиж нисэх боломжийг Зам тээврийн сайдаар ахлуулсан ажлын хэсгийнхэн анх удаа нээж өгснөөрөө санамж бичгийн ач холбогдол өндөр, аяны богц дүүрэн байж чадлаа.

Үргэлжлэл бий.

Европ руу шинэ хаалга нээсэн айлчлал  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх