Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

ЭМГЭНЭЛ

2017/11/01
                     ЭМГЭНЭЛ

Автотээвэрчдийн ахмадын хорооны дарга Шагдарын Самбуу 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр таалал төгсч бидэнд нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо.

Шагдарын Самбуу нь 1941 онд Сэлэнгэ аймгийн Зүүн хараа хотын “Элсний ам” гэдэг газар төрсөн.

Тэрээр 1961 онд Сэлэнгэ аймгийн 10 жилийн сургууль, 1965 онд Эдийн засгийн дээд сургуулийг санхүү, эдийн засагч мэргэжлээр төгсч, автотээврийн 5-р баазад ахлах нягтлан бодогч, 1966-1978 онд Тээврийн яаманд мэргэжилтэн, 1978-1980 онд Хотын тээврийг удирдах газарт Төлөвлөгөө, хөдөлмөр, цалин хөлсний хэлтсийн дарга, 1980-1997 онд Тээврийн яаманд Санхүү, тайлан бүртгэлийн хэлтсийн дарга, Санхүүгийн хянан байцаах хэлтсийн дарга, 1997-2005 онд Авто тээврийн газарт эдийн засагч, бүртгэлийн мэргэжилтэн, 2005 оноос Автотээвэрчдийн ахмадын хорооны даргаар тус тус ажиллаж байлаа.

Ш.Самбуу нь улсад 52 жил ажиллахдаа автотээвэр, авто засварын үйлдвэр, усан зам, нефть сэлбэг хангамжийн  байгууллагуудын  үйл ажиллагаанд хөтлөгдөх нягтлан бодох бүртгэлийн анхан шатны 155 маягтыг боловсруулан эдийн засгийн төв байгууллагаар батлуулж, өмч хөрөнгөд бүртгэлээр тавих хяналтыг сайжруулснаар өмчийн ашиглалт, үр өгөөжийг дээшлүүлэхэд ихээхэн хөшүүрэг болсон юм. Түүнчлэн байгууллагуудын зардалд хэсэгчилсэн болон бүрэн хэмжээний судалгаа хийж сэлбэг, шатахуун, эд материалд норм, норматив тогтоон мөрдүүлэх, автобаазад зэрэглэл тогтоох, салбарт мөрдөж байгаа үнэ тарифын үндэслэлийг сайжруулан мөрдүүлэх зэрэгт үнэтэй хувь нэмэр оруулж, хамт олноо үлгэрлэн манлайлж ажилладаг шилдэг эдийн засагч байлаа.

Тэрээр Автотээвэрчдийн ахмадын хорооны даргаар ажиллах хугацаандаа ахмад настанд үзүүлэх халамж үйлчилгээний талаарх төрийн бодлого, хууль тогтоомж, шийдвэрийг хэрэгжүүлэх, ахмад настнуудад хүндэтгэл, хөнгөлөлт, тусламж үзүүлэхэд ихээхэн идэвх санаачилгатай ажилласныг Монголын ахмадын холбоо үнэлж “Ахмадуудад ээлтэй байгууллага” гэрчилгээ олгосон юм.

Ш.Самбуу гуайн хөдөлмөр зүтгэлийг төр, засгийн байгууллага өндрөөр үнэлж “Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон”, “Алтан гадас одон”, “Хөдөлмөрийн хүндэт медаль”, Ардын хувьсгалын 60, 70, 80, 90 жилийн ойн медаль, Засгийн газрын “Хүндэт жуух бичиг”, “Санхүү банкны тэргүүний ажилтан” цол, тэмдэг, “Автотээврийн тэргүүний ажилтан” цол, тэмдэг, “Онц тээвэрчин” цол тэмдгээр тус тус шагнагдсан байна.

Ш.Самбуу нь ёс зүйтэй, хүнлэг энэрэнгүй шударга зан чанар, холч ухаан, мэдлэг, боловсролдоо эзэн болсон, хамт олондоо нөмөр түшигтэй, ажилсаг, хичээнгүй байдал нь бидний сэтгэл зүрхэнд үүрд хадгалагдан үлдэж, Монгол Улсын автотээврийн салбарт оруулсан бүтээлч ажил үйлсийг нь үргэлжид дурсах болно.

               Ум сайн амгалан болтугай.

                                                                  

ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН ЯАМ

“АВТОТЭЭВРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ” ТӨҮГ        

НИЙСЛЭЛИЙН ТЭЭВРИЙН ГАЗАР

“АВТОТЭЭВЭРЧДИЙН АХМАДЫН ХОРОО”

 

 

 

Сэтгэгдэл бичих:

Нэмэх