Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

Нисэх онгоцны шинэ буудлын талаар авах арга хэмжээний тухай тогтоол гаргав

2017/03/30
Нисэх онгоцны шинэ буудлын талаар авах арга хэмжээний тухай тогтоол гаргав

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, зам, тээврийн салбартай холбоотой дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

 

Олон улсын онгоцны шинэ буудлын ажлыг эхлүүлэх, ашиглалтад оруулах бэлтгэл ажлыг хариуцах Ашиглалтын өмнөх нэгж байгуулан ажиллуулах, үүнтэй холбогдуулан Иргэний нисэхийн ерөнхий газрын шууд харьяа алба, байгууллагуудын орон тооны хязгаарыг шинэчлэн тогтоож, шаардлагатай санхүүжилтийг нь шийдвэрлэхийг холбогдох сайд, агентлагийн даргад даалгалаа.

 

 Буудлын аюулгүй ажиллагаа, аюулгүй байдлын хангалтыг олон улсын стандарт шаардлагад нийцүүлэх, гэрчилгээжүүлэх, буудлын эзэмшилд олгосон тусгай хэрэгцээний газрыг Иргэний нисэхийн ерөнхий газрын мэдэлд шилжүүлж, нисэхийн үйлчилгээний зориулалтаар ашиглахыг зөвшөөрөв.

 

 Нисэх онгоцны шинэ буудлыг даган хөгжих хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний тодотгол болон хот байгуулах арга хэмжээний төлөвлөгөөний төслийг боловсруулж, энэ оны хоёрдугаар улиралд багтаан Засгийн газарт танилцуулахыг холбогдох сайд, нийслэл, аймгийн Засаг дарга нарт үүрэг болголоо.

 

 Нисэх онгоцны шинэ буудлыг агаарын замын олон улсын боомт болгох, боомтын хяналт, шалгалтын бүсийн хэмжээ, хилийн заагийг тогтоох тухай асуудлыг хоёрдугаар улиралд багтаан танилцуулах, гуравдугаар улиралд багтаан буудлыг цахилгааны нэмэлт эх үүсвэрээр хангах эрчим хүчний дэд станц барьж, шугам сүлжээнд холбох, Замын-Үүд дэх Шингэн түлш шилжүүлэн ачих байгууламжид нисэхийн шатахуун шилжүүлэн ачих технологийн шугам бий болгож өргөтгөхийг даалгалаа. 

 

Жилд дунджаар зам, тээврийн 32 мянга гаруй осол гарч байна

 

 Сүүлийн таван жилийн статистик үзүүлэлтээс харахад манай улсад жилд дунджаар 32100 зам, тээврийн осол гарч, 1289 хүн гэмтэн, 558 хүн нас барж 10 тэрбум гаруй төгрөгийн хохирол учирчээ.

 

 Өнгөрсөн онд гэхэд л амиа алдсан хүмүүсийн 73.5 хувь буюу 352 нь орон нутагт байсны 136 нь жолооч, 149 нь зорчигч байжээ. Тэгвэл Улаанбаатар хотод  нас барсан 127 хүний 84 нь явган зорчигч байна.

 

 Энэ тухай Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат “Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг 2012-2020 онд хангах үндэсний стратеги”-ийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтийн талаар танилцуулахдаа дурдлаа.

 

 Цаашид зам, тээврийн ослоос сэргийлэх зорилгоор хурд хэмжих багаж, мансуурал шалгах тестээр Замын цагдаагийн ажилтнуудыг хангах, орчин үеийн дэвшилтэт техник, технологи ашиглан орон нутгийн замын хөдөлгөөнд хяналт тавих тооцоо, судалгаа хийх, стандартын шаардлага хангахгүй мотоцикль, түүний сэлбэг хэрэгслийг импортлохыг хориглох талаар санал боловсруулж Засгийн газрын хуралдаанд оруулахыг холбогдох сайд нарт даалгав.

 

 Үндэсний стратегийг хэрэгжүүлэх төлөвлөгөөнд тусгасан 48 арга хэмжээний биелэлт өнгөрсөн оны байдлаар 72 хувьтай гарсан байна. Буруу талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслийн хүрдний байрлалыг солих, гэрлийн тусгалыг өөрчлөх, тээврийн хэрэгслийн паркийг шинэчлэх, ослын улмаас хохирсон хүмүүст тусламж үзүүлэх тогтолцоог бүх суурин газарт бий болгох, жолоочийн төв байгуулах дөрвөн арга хэмжээ хангалтгүй буюу 30 хувийн биелэлттэй байна.

 

 Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш 2016 оны байдлаар улсын хэмжээнд тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 1782 бүртгэгдсэн. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 11.3 хувиар, нас барсан хүний тоо 399 байгаа нь 7 хувиар, гэмтсэн хүний тоо 1247 байгаа нь 9.8 хувиар буурсан гэсэн үг юм.

 

 Гэвч орон нутгийн замд хурд хэтрүүлэх, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох нь буурахгүй байгаа бөгөөд мансууруулах бодис хэрэглэх, хүний амь хохирсон тохиолдол хотод буурч орон нутагт нэмэгджээ.

Нисэх онгоцны шинэ буудлын талаар авах арга хэмжээний тухай тогтоол гаргав  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх