Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

Ж.Энхбат: Хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээнд өвөлжилтийн бэлтгэл бүрэн хангагдсан

2016/09/28
Ж.Энхбат: Хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээнд өвөлжилтийн бэлтгэл бүрэн хангагдсан

 

 

Хүйтний улирал ирж буйтай холбогдуулан хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээний өвөлжилтийн бэлтгэл ажил хэрхэн хангагдаж буй талаар Автотээврийн үндэсний төвийн Тээвэр зохицуулалтын газрын дарга Ж.Энхбатаас тодрууллаа.

- Бичин жилийн хүйтэн өвөл айсуй. Автотээврийн үндэсний төвөөс хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээнд өвөлжилтийн бэлтгэл ажлыг хэрхэн хангуулж байна вэ?

- Автотээврийн үндэсний төвөөс өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангуулахаар Ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар хот хоорондын нийтийн зорчигч тээврийн үйлчилгээг 51 аж ахуйн нэгж, байгууллагатай гэрээ байгуулан 71 чиглэлд 901 тээврийн хэрэгсэл, 1154 мэргэшсэн жолоочтойгоор тээвэрлэлтийг гүйцэтгэж байгаа. Автотээврийн үндэсний төвтэй гэрээ байгуулсан нийт аж ахуйн нэгжүүдийн хувьд өвөлжилтийн бэлтгэл бүрэн хангагдсан.

2016 оны 09 сарын 20-ны байдлаар 46,2 мян. рейсээр 1,634.0 мянган зорчигч тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеэс 7,4%-иар өссөн үзүүлэлттэй байна. Иймд бид бүхэн зорчигчдын ая тухтай зорчих байдлыг хангах үүднээс хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээнд явж буй автобусанд нэмэлт паар суурилуулах арга хэмжээ аван ажиллаж байна. Зарим зорчигчид маань хүйтэн байна, хол замд даарч байна зэрэг гомдол гаргадаг. Одоо үйлчилгээнд явж байгаа автобуснуудыг дөрвөн радиаторын тусламжтайгаар халааж байгаа. Нэмж хоёр радиатор суулгаснаар илүү дулаахан болно.

- Цас ороод эхлэхээр замын халтиргаа, гулгаа нэмэгдэнэ. Энэ тал дээр ямар арга хэмжээ авч байна вэ?

- Өнгөрсөн хугацаанд хот хоорондын нийтийн зорчигч тээврийн үйлчилгээнд техникийн саатал 127, осол 13  гарсан байна. Цас орж, халтиргаа, гулгаа нэмэгдэх үед техникийн осол, саатал гарах тохиолдол нэмэгддэг. Иймд Улаанбаатар хотыг тойрсон таван постон дээр техникийн түргэн тусламж байршуулан ажиллаж байна. Хөдөө замд явж байгаад аливаа техникийн асуудал үүслээ гэхэд аль өөрт ойр байрлах постноос техникийн түргэн тусламж авах боломжтой.

- Сүүлийн үед Автотээврийн үндэсний төвөөс өөр ямар шинэлэг ажил хийж хэрэгжүүлж байна вэ?

- Бид бүхэн хот хоорондын зорчигч тээвэрлэлтийн үйлчилгээг иргэдэд илүү ойртуулах үүднээс онлайнаар тасалбар захиалах үйлчилгээг шинэчилсэн. Өмнө нь зөвхөн онлайн гүйлгээ хийх эрхтэй картаар төлбөрөө төлдөг байсан бол одоо дансаар шилжүүлэх бүрэн боломжтой болсон. Ингэснээр иргэд хаанаас ч төлбөрөө төлөөд билетээ захиалаад авах боломжтой болж байгаа юм.

Мөн Автотээврийн нэгдсэн лавлах 1900-1234 иргэдэд автотээврийн салбартай холбоотой бүхий л мэдээ мэдээллийг шуурхай дамжуулан ажиллаж байна. Хэрвээ та болон таны ойр дотны хэн нэгэн хол замд явж байгаад холбоо тасарлаа гэхэд манай Автотээврийн нэгдсэн лавлах таны дотны хүний суусан автобус яг хаана явж байгаа байршлыг хэлж өгөх юм.

- Ярилцсанд баярлалаа.

Ж.Энхбат: Хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээнд өвөлжилтийн бэлтгэл бүрэн хангагдсан  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх