Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

Ё.Манлайбаяр: Дамжин өнгөрөх транзит тээвэр 90 сая тоннд хүрвэл дахиад нэг “Оюутолгой”-той болно

2016/09/14
Ё.Манлайбаяр: Дамжин өнгөрөх транзит тээвэр 90 сая тоннд хүрвэл дахиад нэг “Оюутолгой”-той болно
МОНГОЛ, ОРОС, ХЯТАД ГУРВАН УЛСЫГ ДАМНАСАН ТӨМӨР ЗАМЫН ТЭЭВРИЙН КОРИДОРЫГ ХӨГЖҮҮЛЭХ АСУУДЛААР ГУРВАН ТАЛТ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ГУРАВ ДАХЬ УДААГИЙН ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ ТӨМӨР ЗАМЫН УДИРДАХ ГАЗАРТ ӨЧИГДӨР БОЛЛОО
 
 
 

Энэхүү уулзалтад Зам тээвэр хөгжлийн сайдын зөвлөх Ё.Манлайбаяр, БНХАУ-ын улсын төмөр замын газрын гадаад харилцааны газрын дарга Ван Жа Юу, ОХУ-ын холбооны төмөр замын орлогч дарга В.И.Мицука, Монголын төмөр зам ТӨХК- ийн төлөөлөл, Улаанбаатар төмөр зам ХНН нар оролцсон юм.

Гурав дахь удаагийн зөвлөлдөх уулзалтаар талууд гурван улсын төрийн тэргүүн нарын өнгөрсөн зургаадугаар сард Ташкент хотноо “Эдийн засгийн коридор” байгуулах хөтөлбөрийг баталсныг сайшааж, гурван улсын нутаг дэвсгэрийг дамнасан төмөр замын тээврийн коридорыг хөгжүүлэх талаар санал солилцож, хамтарсан төлөвлөгөө, протоколын төслийг хэлэлцсэн.

Түүнчлэн энэ удаагийн зөвлөлдөх уулзалт гурван улсыг дамнасан төмөр замын тээврийн коридорыг хөгжүүлэхэд хөрөнгө оруулж хамтран ажиллах сонирхол бүхий гурван талын хувийн хэвшлийн томоохон компаниудын төлөөллийг урьж, саналыг нь сонсож буйгаараа онцлогтой аж.

Тухайлбал, Эрдэнэт-Овоот чиглэлийн төмөр замын төслийн концессын хэлбэрээр хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа Нортерн рейлвейс компани, Замын-Үүд-Эрээний хилийн боомтод хийн түлш шилжүүлэн ачих байгууламж барьж, хий дамжуулан тээвэрлэх сонирхол бүхий оросын “Сибур” зэрэг компани оролцов.

Тус зөвлөлдөх уулзалтаар хэлэлцэж тохиролцсон баримт бичгийн төслүүдийг 2016 оны аравдугаар сарын 20-нд гурван талын тээврийн дэд сайд нар Улаанбаатар хотод уулзах үеэр газрын үсэг зуран албажуулах юм байна. 

Уулзалтын үеэр Зам тээвэр хөгжлийн сайдын зөвлөх Ё.Манлайбаяртай уулзаж, ярилцлаа. 

-“Эдийн засгийн коридор” байгуулах хөтөлбөрийн хүрээнд гурван улсын уулзалт хийж байна. Энэхүү уулзалтын хүрээнд ямар ажил хийгдэх вэ? 

-“Эдийн засгийн коридор”-ын хөтөлбөрт Эрдэнэтээс ОХУ руу холбох, Монголын зүүн болон баруун хэсгээр шинэ төмөр зам бий болгох, зүүн хэсгээс цаашаа БНХАУ-ын нутгаар дамжиж ОХУ-ын алс, дорнодын боомтууд руу холбох, “Москва- Бээжин” чиглэлийн хурдны төмөр замыгМонголын нутгаар дамжуулан тавих зэрэг 8 коридорын асуудал бий.

Энэхүү хөтөлбөрийн хүрээнд Засгийн газрын 2016-2020 оны мөрийн хөтөлбөрт “Эрдэнэт- Овоот”, “Улаанбаатар хотыг тойрсон Богдхан төмөр зам”, “Хөөт-Бичигт” чиглэлийн төмөр замыг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. “Эдийн засгийн коридор”-ын хөтөлбөрт багтсан зарим төслүүдэд судалгаа хийх, ТЭЗҮ боловсруулах шаардлагатай байгаа. Мөн бүх юм нь бэлэн болсон төслүүд ч бий. 

-Төслийн санхүүжилтийг хэрхэн шийдвэрлэх вэ? 

-Төслүүдийг Засгийн газар, хувийн хэвшил эсхүл концессын гэрээгээр санхүүжүүлж болно гэж заасан. Нөгөө талаасаа эхний ээлжид санхүүжүүлэх бололцоотой банк, санхүүгийн байгууллагуудыг тодорхойлсон.

Тухайлбал, Азийн дэд бүтцийн хөгжлийн банк, БРИКС-ийн банк, “Silk road fund”, шинээр байгуулагдаж буй Шанхайн хамтын ажиллагааны банк зэргээс эхний удаа санхүүжүүлэлт босгохыг хичээнэ.

Санхүүжилтийн хүрээнд зарим газруудтай тодорхой уулзалт хийж эхэлсэн. Хэрэгжүүлэх төслөө өнөөдөр тодорхойлж банк, санхүүгийн байгууллагуудад хандах юм. 

-Эдийн засгийн коридорыг хөгжүүлэх нь ямар ач холбогдолтой вэ. Манай улсад ямар боломжууд нээгдэх вэ? 

-Эдийн засгийн коридорыг хөгжүүлснээр манай улсаар дамжин өнгөрөх тээврийг нэмэгдүүлэх өндөр ач холбогдолтой. Дамжин өнгөрөх тээвэр нь хэд хэдэн давуу талтай.

Хэрвээ Улаанбаатар төмөр замаар явж буй транзит тээврийн хэмжээ 10 сая тоннд хүрвэл орлого хоёр дахин нэмэгдэх юм. Монгол Улсаар дамжин өнгөрөх транзит 40 сая тоннд хүрвэл бид дахиад нэг “Эрдэнэт”-тэй болно. Цаашлаад 90 саяд хүрвэл бид дахиад нэг “Оюутолгой”-той болох боломжтой гэсэн үг.

Гэхдээ бид хүний ачааг тээвэрлэж өгөөд “Эрдэнэт”, “Оюутолгой”-н хэмжээний орлого олох юм. Энэ нь эдийн засгийн шинэ салбар болох олон урсгалтай бодлогын нэг хэсэг. Зөвхөн уул уурхай бус тээврээр ийм их хэмжээний орлого олох боломжтойг харуулж байгаа юм.

Монгол Улс бол хоёр хөрш гүрнийг холбосон хамгийн дөт зам. Бид газарзүйн байршлаа ашиглаад их хэмжээний орлого олох боломжтой. Үүнийгээ хөгжүүлж, хөрөнгө оруулалтын шинэ коридор байгуулах талаар ярьж байгаа юм. 

-Замын-Үүдээс Алтанбулаг хүртэлх төмөр замыг хоёр шугамтай болгох асуудал ярьж байгаа. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу? 

-Эдийн засгийн коридорын хөтөлбөрт “Төв шугамыг давхар болгож цахилгаанжуулах” тухай орсон. Энэ асуудлыг бид судлах шаардлагатай. Давхар болгох санал 1970-аад оноос явж байсан. Гол нь юу ачих вэ, эдийн засгийн үндэслэл нь хаана байгаа вэ гэдэг дээр бий.

Бид хойд Аспайр руу, цаашаа Кизил рүү холбогдсоноор Аспайраас 10 сая тонн, Кизилээс 20-30 сая тонн ачаа шинээр нэмэх юм. Энэ нь хоёр дахь төмөр замыг барих эдийн засгийн үндэслэл болно. Ер нь яригдаж буй коридорууд бүгд дундаа уялдаа холбоотой.

 

 

 

Ё.Манлайбаяр: Дамжин өнгөрөх транзит тээвэр 90 сая тоннд хүрвэл дахиад нэг “Оюутолгой”-той болно  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх