төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр агаарын тээвэр салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

ЗАВХАН АЙМГИЙН ДОНОЙ НИСЭХ БУУДЛЫН ХАТУУ ХУЧИЛТТАЙ ЗУРВАСЫГ УЛСЫН КОМИСС ХҮЛЭЭН АВЛАА

2019/08/25
ЗАВХАН АЙМГИЙН ДОНОЙ НИСЭХ БУУДЛЫН ХАТУУ ХУЧИЛТТАЙ ЗУРВАСЫГ УЛСЫН КОМИСС ХҮЛЭЭН АВЛАА

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн албан даалгаврын дагуу Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан өнгөрөгч долоо хоногт баруун бүсийн аймгуудад ажиллаж, Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн хэрэгжилттэй танилцан, салбарын зарим бүтээн байгуулалтыг ашиглалтад орууллаа.

Тэрбээр наймдугаар сарын 24-ний амралтын өдөр Завхан аймагт ажиллаж, тус аймгийн Доной нисэх буудлын хүчин чадлыг нэмэгдүүлэх ажлын хүрээнд хөөрч, буух хатуу хучилттай зурвас, явгалах зам бүхий аэродромын иж бүрэн барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авав. Тус нисэх буудлын аэродром 3С хяналтын код бүхий агаарын хөлөг хүлээн авах хүчин чадалтай 2860х30 метр хэмжээтэй хөөрч буух зурвас, 300х15 метрийн хэмжээтэй явгалах зам бүхий тоосгүйжилтийн талбай, тоормозлох зурвас бүхий иж бүрэн аэродром болон 5400 метр үерийн ус зайлуулах суваг зэрэг ажлыг “Хурдны зам” ХХК гүйцэтгэв.

Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан энэ онд Зам, тээврийн салбарт томоохон бүтээн байгуулалтын ажлууд эрчимтэй өрнөж буйг дурдаад, Доной нисэх буудлын хүчин чадлыг нэмэгдүүлж, аэродромыг өргөтгөсөн нь нислэгийн аюулгүй ажиллагааг хангаж, Монгол Улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөрт туссан орон нутгийн агаарын тээврийн үйлчилгээг өргөжүүлэх, нислэгийн тоог нэмэгдүүлэх, үнэ тарифыг бууруулах бодлогод дэмжлэг болохуйц үйл явдал боллоо хэмээн онцлон тэмдэглэв.

Завхан аймгийн Доной нисэх буудал нь 1956 оны 6 дугаар сард Улиастай хотоос 32 километрийн зайд орших Алдархаан сумын нутаг Донойн хөндийд байгуулагдаж байжээ. 1999 онд сансрын холбооны төхөөрөмжүүдээр бүрэн тоноглогдож МИАТ, ТАС, Блю Скай зэрэг компаниудын агаарын хөлөг нислэг үйлдэж эхэлсэн байна. 1987-1994 онд АН-24, АН-26, АН-30 зэрэг онгоц хүлээн авч байгаад 1994-2002 онд аймгийн урд дэнжид шилжиж очсон бөгөөд 2002 онд Донойн хөндийд шинээр онгоц хөөрч, буух сайжруулсан шороон зурвас бүхий нисэх буудлын барилга байгууламж баригдсанаар нисэхийн аюулгүй ажиллагаа болон нислэгийн аюулгүй байдлыг ханган ажиллах нөхцөл бололцоог бүрдүүлж, зорчигчдод тав тухтай үйлчлэх таатай орчинг бий болгон, үйл ажиллагаа нь тогтмолжсон юм.

ЗАВХАН АЙМГИЙН ДОНОЙ НИСЭХ БУУДЛЫН ХАТУУ ХУЧИЛТТАЙ ЗУРВАСЫГ УЛСЫН КОМИСС ХҮЛЭЭН АВЛАА  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх