төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр агаарын тээвэр салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

УЛААНБААТАР-ДАРХАН ЧИГЛЭЛИЙН АВТО ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖЛЫГ ЭХЛҮҮЛЛЭЭ

2019/06/18
УЛААНБААТАР-ДАРХАН ЧИГЛЭЛИЙН АВТО ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖЛЫГ ЭХЛҮҮЛЛЭЭ

Азийн авто замын сүлжээний АН-3 чиглэлийн хамгийн их ачаалалтай хэсэг болох Улаанбаатар-Дархан чиглэлийн 204,11 километр авто замыг дөрвөн эгнээ болгон өргөтгөн, шинэчлэх тухай Засгийн газрын шийдвэр гарсан билээ. Үүний дагуу одоо ашиглаж буй хоёр эгнээ авто замыг Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр “Бүс нутгийн авто зам хөгжүүлэх, засвар арчлалтын төсөл”-ийн хүрээнд хийгдэх бүтээн байгуулалтын ажлыг эхлүүллээ.

Дээрх чиглэлийн авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажлын нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан болон албаны бусад хүмүүс оролцов. Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Улаанбаатар-Дарханы чиглэлийн авто зам нь олон улсын хамаарал бүхий ачаалал ихтэй зам болохыг онцлоод энэ ондоо багтааж ашиглалтад оруулахыг Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгаланд үүрэг болгов.

Энэхүү авто замын бүтээн байгуулалтын ажлыг хурдан хугацаанд чанартай гүйцэтгэж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг товлосон хугацаанд бүрэн нээхийн тулд сонгон шалгаруулалтыг таван багц болгон зарласан бөгөөд БНХАУ-ын туршлага бүхий компаниуд шалгаран, ажлаа эхлүүллээ. Гүйцэтгэгч байгууллагууд зам барилгын ажлыг шуурхайлах үүднээс туслан гүйцэтгэгчээр дотоодын компаниудыг сонгож, гэрээ байгуулан ажиллаж байна.

Энэ үеэр Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан 2019 онд зам, тээврийн салбарт олон томоохон бүтээн байгуулалтын ажлууд хийгдэж байгааг дуулгаад, тэр дундаа Улаанбаатар-Налайх, Улаанбаатар-Дархан чиглэлийн авто зам нь хөдөлгөөний эрчим ихтэй, баярын өдрүүдээр ачаалал нь хэт ихэсдэг тул энэ онд багтаан ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй ажиллаж байгааг дурдав. Түүнчлэн 1939 онд анх баригдаж, 1999 оноос хойш их засвар хийгдээгүй энэхүү авто замын засвар шинэчлэлтийн ажил нь дан ганц зам, тээврийн салбар төдийгүй Монгол Улсын хувьд чухал бүтээн байгуулалт болохыг онцоллоо.

Дээрх чиглэлийн авто замын засвар шинэчлэлтийн ажлын хоёрдугаар шатны санхүүжилт болох 60 сая ам.долларын 58.5 сая нь хөнгөлөлттэй зээл, 1.5 сая ам.доллар нь буцалтгүй тусламжийн хүрээнд хийгдэж байгаа юм. Харин шинээр барих хоёр эгнээ авто замын бүтээн байгуулалтын ажил Европын сэргээн босголт хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжих бөгөөд далан, суурийн ажлыг энэ оны наймдугаар сард эхлүүлж, хучилтын ажлыг ирэх онд гүйцэтгэн, ашиглалтад өгөхөөр төлөвлөн ажиллаж байна. 

Одоо ашиглаж байгаа авто замын далангийн өргөн 9-10 метр, хучилтын өргөн 6-7 метр байсан бол авто замыг дөрвөн эгнээ болгох өргөтгөл шинэчлэлтийн хүрээнд далангийн өргөн 11 метр, хучилтын өргөн есөн метр болж өөрчлөгдөнө. Мөн хуучин асфальтыг хуулж хаях нь байгаль орчинд ихээхэн сөрөг нөлөөтэй байсан бол одоо хучилтын асфальтыг хаялгүй, газар дээр нь боловсруулж, буцаан дэвсдэг ресайкл хэмээх шинэ технологийг ашиглаж эхлээд байна. Ингэснээр цаг хугацаа, хөрөнгө мөнгө хэмнээд зогсохгүй байгаль орчинд ээлтэй зэрэг олон давуу талтай.  

УЛААНБААТАР-ДАРХАН ЧИГЛЭЛИЙН АВТО ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖЛЫГ ЭХЛҮҮЛЛЭЭ  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх