Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

Монгол - Хятад-Орос гурван улсын анхны транзит тээврийн цуваа Улаанбаатар хотноо ирлээ

2016/08/21
Монгол - Хятад-Орос гурван улсын анхны транзит тээврийн цуваа Улаанбаатар хотноо ирлээ
Ташкент хотод өнгөрсөн зургаадугаар сард Монгол, ОХУ, БНХАУ-ын төрийн тэргүүний уулзалтаар манай гурван улсын хооронд “Эдийн засгийн коридор байгуулах” хөтөлбөрт гарын үсэг зурсан. Энэхүү хөтөлбөрт тусгагдсаны дагуу “Азийн авто замын сүлжээгээр олон улсын автотээвэр гүйцэтгэх тухай” Монгол, Орос, Хятад гурван улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулах ажлын хүрээнд гурван улсын тээврийн асуудал хариуцсан яамд хамтран “БНХАУ-ын Тяньжин боомт – Монгол Улсын Улаанбаатар хот – ОХУ-ын Улаан-Үд хот” чиглэлд туршилтын ачаа тээвэрлэлтийг 2016 оны 8 дугаар сарын 13-25-ны өдрүүдэд зохион байгуулж байгаа билээ. 
 
Энэхүү хөтөлбөр бодитоор хэрэгжиж, гурван улсын тээврийн анхны цуваа өнөөдөр Улаанбаатар хотноо ирж, угтан авах ёслолын үйл ажиллагаа зохион байгуулагдлаа. 
Олон улсын дамжин өнгөрөх транзит тээврийн энэхүү үйл ажиллагаа нь гурван улсын эдийн засаг, худалдаа, тээврийн хамтын ажиллагаанд ихээхэн ач холбогдолтой бөгөөд Монгол Улсын тээвэрчид, гуравдагч улс орнууд руу тээвэрлэлт хийх, дэлхийн зах зээлд өрсөлдөх, дамжин өнгөрөх тээвэрлэлтийн шинэ гарц нээгдэх боломжийг олгож буй юм. 
Монгол-Хятад-Орос гурван улсын зам, тээврийг төлөөлөн Монгол улсын Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат, БНХАУ-ын Тээврийн яамны газрын дарга Ван Шао Пин, ОХУ-ын Тээврийн яамны Төрийн бодлогын газрын дарга Бакерей Алексей Сергеевич болон албаны бусад хүмүүс оролцлоо. 
Д.Ганбат: Олон улсын транзит тээвэрлэлтийн үйл ажиллагааг тогтвортой хөгжүүлнэ
Монгол Усын Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат ёслолын арга хэмжээг нээж, улс орнуудын оршин байгаа газар нутгийн байршлаас үл хамааран, улс  хоорондын эдийн засаг, хамтын ажиллагаа эрчимтэй хөгжиж байгаа өнөө үед тээврийн салбарын гүйцэтгэх үүрэг өсөн нэмэгдэж байгааг онцлов. Тэрээр “Эдийн засгийн коридорыг байгуулснаар бүс нутгийн эдийн засгийн интегралчлалыг гүнзгийрүүлэх, хөгжлийн бодлогыг уялдуулах болон дэд бүтцийн харилцан холбогдох нөхцөлийг бүрдүүлэх, худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх тогтвортой орчин бүрдэнэ. Тиймээс энэхүү тээвэрлэлтийн үйл ажиллагааг тогтвортой хөгжүүлэхийн тулд цаашид дамжин өнгөрөх тээврийг хөгжүүлэхэд үүсч болзошгүй саад бэрхшээлийг хамтдаа шийдвэрлэн тээвэрлэлтийн таатай нөхцөлийг бүрдүүлэх нь нэн тэргүүнд шийдвэрлэх асуудал юм” хэмээн хэллээ.
 
БНХАУ-ын Тээврийн яамны газрын дарга Ван Шао Пин Монгол Улсын Засгийн газар 1991 онд БНХАУ-ын Засгийн газартай хоёр талын автотээврийн хэлэлцээр байгуулсан анхны хөрш орон гэдгийг арга хэмжээний үеэр онцолж байв. Үүнээс хойш 20 гаруй жилийн хугацаанд БНХАУ нь 15 оронтой олон улсын автотээврийн хэлэлцээр байгуулсан бөгөөд 7,1 сая зорчигч, 37,4 тонн ачаа тээвэрлэснээс Монгол Улс нийт зорчигч тээврийн 31, ачаа тээврийн 60,2 хувийг эзлэж байгаа аж.
 
ОХУ-ын Тээврийн яамны Төрийн бодлогын газрын дарга Бакерей Алексей Сергеевич энэхүү үйл ажиллагаа нь гурван улсын худалдаа тээврийг хөнгөвчлөх, тээврийн төрлүүдийн харилцан уялдааг хангах чухал ач холбогдолтой талаар дурдаад цаашдын хамтын ажиллагаа улам өргөжинө гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ. 
 
Зам дагуух сум орон нутгийн хөгжилд ихээхэн ач холбогдолтой
Монгол болон гуравдагч орнуудын хооронд TИP конвенцийн хүрээнд ачаа тээвэрлэлтийг зохион байгуулснаар Монгол Улсын гадаад худалдаа өргөжиж, эдийн засагт эерэгээр нөлөөлөх, Ази Европыг хамарсан худалдаа, тээвэр, гааль, татвар, даатгалын асуудлууд хөнгөвчлөгдөх зэрэг олон талын ач холбогдолтой юм. Мөн зам дагуух сум орон нутгийн хөгжилд дэмжлэг болж замын арчлалт хамгаалалт, тэмдэг тэмдэглэгээний чанар нэмэгдэх давуу талтай.
Туршилтын тээврийн үеэр газар орон, замын нөхцөл байдал, үйлчилгээний газар, автомашины засвар, бензин шатахуун түгээх газрын байршил зэргийг нэг бүрчлэн тогтоох тул Монгол Улс, ОХУ, БНХАУ гурван улсын авто тээврийн салбарын холбогдох шатны албан тушаалтнууд, Замын цагдаагийн газар, эмнэлгийн анхан шатны тусламж, авто машинд засвар үйлчилгээ үзүүлэх баг зэрэг өргөн бүрэлдэхүүнтэйгээр оролцож байна.
Транзит тээврийн үед хил, гаалиар нэвтрэхэд хөнгөн шуурхай ажиллагаа шаардлагатай бөгөөд Монгол, ОХУ олон улсын Тээврийн конвенцод нэгдсэн бөгөөд энэхүү Тээврийн конвенцид нэгдсэнээр тухайн улс, орон өөрийн хил, гаалиараа түргэн шуурхай нэвтрүүлэх үүрэг хүлээдэг билээ. БНХАУ-ын хувьд энэхүү баримт бичигт нэгдэхээр хүлээгдэж байгаа юм.
Ази, Европын хоорондын чингэлэг тээврийн 90 гаруй хувь нь далайн тээврээр, хоёр дахин урт замыг 2-3 дахин их хугацаанд тээвэрлэдэг. Зүүн Ази, Европыг холбосон хуурай газрын тээврийн дөрвөн гол замнал байдгаас хамгийн дөт нь Монгол улсаар дайран өнгөрдөг тул эдийн засгийн хэмнэлт бүхий тээвэрлэлт бөгөөд өнөөдрийн байдлаар Ази, Европын хоорондын чингэлэг тээврийн 90 гаруй хувь нь далайн тээврээр 45 хоногийн хугацаанд тээвэрлэдэг.
Харин Ази, Европ хооронд төмөр замаар ачаа тээвэрлэхэд 10 хоногийн хугацаа зарцуулагддаг бөгөөд авто замаар тээвэрлэлт хийхэд 7 өдрийн дотор туулах бүрэн боломжтой юм. Зүүн Ази-Европыг холбосон тээврийг хөгжүүлснээр зөвхөн БНХАУ-д экспортлохоос гадна Солонгос, ОХУ, Казахстан улсад ч нийлүүлэх боломж бүрдэж байгаа юм.
 
 
Монгол - Хятад-Орос гурван улсын анхны транзит тээврийн цуваа Улаанбаатар хотноо ирлээ  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх