Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

Ж.ЭНХБАЯР: ТАВАНТОЛГОЙ-ГАШУУНСУХАЙТЫН ТӨМӨР ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫГ ЯАРАЛТАЙ ЭХЛҮҮЛЭХ ШААРДЛАГАТАЙ

2016/05/13

“Монголын төмөр зам” ТӨХК-ийн Суурь бүтцийн албаны менежер Ж.Энхбаяртай ярилцлаа.

-Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр замын бүтээн байгуулалтад 200 сая ам.доллар олгох шийдвэрийг гаргасан байдаг. Энэхүү энэ хөрөнгөөр “Монголын төмөр зам” ТӨХК, “Самсунг Си энд Ти” компанитай бүтээн байгуулалтаа эхлүүлсэн. Тэгвэл энэ мөнгөөр одоо ямар бүтээн байгуулалт хийсэн талаар ярилцлагаа эхлэе.

-“Төрөөс баримтлах төмөр замын бодлого”-д заасан I, IIшатны төмөр замын төслийн хэрэгжүүлэгч “Монголын төмөр зам” ТӨХК-д  2013 онд Засгийн газрын 82 дугаар тогтоолоор 400 сая ам.доллар олгохоор болсон. Үүнээс эхний ээлжинд 200 сая ам.доллараар Тавантолгой-Гашуунсухайтийн чиглэлийн нийт 267 км төмөр замын суурь бүтцийн ажлыг хийж ирсэн. Үүнд нийтдээ газар шорооны ажлын 85 орчим хувийг, энэ чиглэлийн төслийн нийт ажлын 50 гаруй хувийг гүйцэтгээд байна.

-Хэвлэл мэдээлэл, олон нийтийн сүлжээгээр үүнтэй холбоотой маргаан, гүтгэлэг үе үе гардаг. Дээрх мөнгөөр юу ч хийгээгүй, шороо овоолоод хаячихсан гэх нь бий. Үүнд ямар тайлбар өгөх вэ?

- Зам тээврийн сайд энэхүү төмөр замын бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцсан. Ер нь албаны хүмүүс газар дээр нь очиж танилцаад “овоолсон шороо” гэж хэлдэггүй юм. Энэхүү бүтээн байгуулалтаар бодит ажлууд хийгдсэн байгаа. Нийтдээ 10 сая гаруй метр куб газар шорооны ажил хийгдсэн байдаг. Төмөр замын далан барих ажлын технологи маш нарийн шүү дээ. Олон улсын стандартын дагуу баригдаж байгаа нэгдүгээр зэрэглэлийн төмөр зам юм. Монгол Улсад өмнө нь барьж байгаагүй технологиор барьж байгаа төмөр зам гэж ойлгож болно. Тухайлбал, газар шорооны ажил хийгдэхэд шаардагдах материалаас 15-16 төрлийн лабораторийн дээж авч, шинжилгээ хийсэн тохиолдолд даланд ашиглах жишээтэй. Мөн гүүр хоолой, бетоны марк л гэхэд N600 маркийн бетон ашиглах зэрэг маш өндөр шаардлага тавигддаг.

-Бид сурвалжлага хийж байх явцдаа энэхүү бүтээн байгуулалтын ажилтай танилцсан. 200 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар үүнээс илүү бүтээн байгуулалт хийх боломж байсан уу?

-Тавантолгой-Гашуунсухайтын чиглэлийн төмөр зам бүтээн байгуулах гэрээний нөхцөлд хийх ёстой бүтээн байгуулалтыг хийсэн гэж бодож байна. Тус төмөр замын ерөнхий гүйцэтгэгчээр “Самсунг Си энд Ти” корпораци ажилласан. Тухайн ажлын гүйцэтгэлээр нь ажлын төлбөрийг төлдөг учраас илүү, дутуу гэсэн ойлголт гарахгүй болов уу гэж бодож байна. Өөрөөр хэлбэл, ямар ажил хийсэн, тухайн нэгж бүрээр нь гүйцэтгэлийг нь бодож олгодог журамтай.

-Тухайн бүтээн байгуулалтад мэргэжлийн үүднээс ямар байгууллага хяналт тавьж ажилласан бэ?

-Захиалагчийн хяналтыг ХБНГУ-ын “Дойче-Банн интернэйшнл” олон улсын зөвлөх компани тавьсан. Энэ бол олон улсын төмөр замуудад зөвлөгөө өгч ажилладаг томоохон компани л даа. Харин дотоодын хяналтад геодезийн хэмжилтээр Монгол Улсын “Мон мап” компани, материалын чанар, нягтыг шалгадаг багаар “Соль трэйд” зэрэг компаниуд хяналтаа тавьсан. Эдгээр компаниудын баталгаажуулсан ажилд “Монголын төмөр зам” ТӨХК болон Дойче-Бандавхар хяналтаа тавьж ажилласан байгаа.

- Бүтээн байгуулалтын ажил санхүүжилтийн асуудлаас болоод зогссон байгаа. Цаашид хэзээнээс бүтээн байгуулалт хурдацтай үргэлжлэх бол?

-Санхүүжилтийн асуудлаас болоод талбай дээрх ажил зогссон байдалтай байгаа. Одоогоор талбай дээр байгалийн хүчин зүйлээс хамаарч хамгаалалт, арчилгааны ажлууд явагдаж байна. Гэхдээ технологийн хувьд энэхүү төмөр зам хоёр жил гаруйн хугацаанд зогсчихлоо. Инженер хүний нүдээр харахад энэ ажлыг яаралтай эхлүүлэх шаардлагатай гэж харж байгаа. Энэхүү төмөр замын газар шорооны ажлын дээд үе нь нар, салхинд элэгдэх, холбогч зөөлөн эдүүд гэмтэх, байгалийн чийгээ алдах зэрэг эрсдлүүд учирч байна. Тиймээс санхүүжилтийн асуудлыг яаралтай шийдэж, нэн даруй эхлүүлэхгүй бол хүмүүсийн хардаад байгаа байдал руу ойртох магадлал үүснэ.

-“Овоолсон шороо” салхинд хийсээд дууслаа гэж яриад байна. Чанарын хувьд ямар бүтээн байгуулалт болсон бэ?

-Энэ бол олон улсын стандартад заагдсан үе шатаар хийгдэж буй төмөр зам юм. Энэ стандартад төмөр замын далангийн доод үеийг 95 хувиар, дээд үеийг 98 хувиар нягтруулах талаар зааж өгсөн байдаг. Энэ ч стандартын дагуу 98 хувь нягтруулж байгаа учраас маш нарийн технологийн дагуу бүтдэг юм. Бид төмөр замын даланг барихдаа 20см-ээр үелээд, түүнийгээ услаад нягт авах тохиромжтой чийгт хүргэж, индүүдэж, нягтруулж гүйцэтгэдэг. Тэгэхээр салхинд хийсэх гэдэг асуудал байхгүй.

 

 

Эх сурвалж: http://www.mtz.mn

Ж.ЭНХБАЯР: ТАВАНТОЛГОЙ-ГАШУУНСУХАЙТЫН ТӨМӨР ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫГ ЯАРАЛТАЙ ЭХЛҮҮЛЭХ ШААРДЛАГАТАЙ  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх