Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

А.Гансүх: Энэ удаа миний үйлчлүүлэгч Монгол Улс байлаа

2014/08/27
А.Гансүх: Энэ удаа миний үйлчлүүлэгч Монгол Улс байлаа

 

 

-Танай салбарын асуудлууд нийгмийн анхааралд байдаг. Төмөр зам, цариг гээд. Салбарын сайдын байр суурийг олон нийт яг одоо ид сонирхож байна. Тиймээс асуух асуулт ч олон байна.

-Та асуу. Би товч, тодорхой хариулт өгөхийг бодъё.

 

Тяньжин боомт дээр зургаан боомт нэмэгдлээ

-БНХАУ-ын дарга Си Жинпинь Монгол Улсад айлчлаад буцлаа. Танай салбарт транзит тээвэр гэхчлэн олон чухал асуудал шийдэгдэж гэрээ байгууллаа. Яг ямар ач холбогдолтой гэрээ хийв?

-БНХАУ-ын даргын айлчлалаар “Транзит тээврийн хамтын ажиллагааны тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”, “БНХАУ-ын нутгаар далайд гарах буцах, дамжин өнгөрөх Засгийн газар хоорондын хэлэлцээр”, “Төмөр замын хилийн боомтын  тухай протокол”, “Төмөр замын салбарын хамтын ажиллагааны тухай Засгийн газар хоорондын санамж бичиг” гэсэн 4 баримтад гарын үсэг зурлаа.  Хамгийн гол нь бид Хятад улсын нутгаар дамжин гуравдагч улстай худалдаа хийх боломжоо баталгаажууллаа. Хятад улсын хойд болон зүүн хойд нутгийн далайн боомтуудыг ашиглах эрхтэй болсон.

-Тухайлбал, ямар боомтуудаар дамжин худалдаа хийхээр болсон бэ?

-Дандон, Далиан, Жинжоу, Ингкоу, Чинхундао, Хунхуа зэрэг боомтуудыг ашиглахаар боллоо. Өмнө нь Монгол Улс зөвхөн Тяньжин боомтыг ашиглах гэрээтэй байсан. Одоо дээрх боомтууд нэмэгдэж байна.

-Транзит тээврийн гэрээний тухайд?

-Энэ бол сая шинээр байгуулсан гэрээ. Өмнө нь байгаагүй, хамгийн чухал гэрээ гэж хэлж болно. Дээр дурьдсан далайн боомт руу очих Монгол Улсын бараа бүтээгдэхүүнийг Хятад улсын нутаг дээгүүр төмөр замаар тээвэрлэх нөхцлийг тохирсон. Тээврийн тариф, экспортлох хэмжээ, хугацаа зэргийг Монгол Улсад маш ашигтай байдлаар тохирсон. Уншигчдад ойлгомжтой байдлаар товчхон хэлэхэд, Монгол Улсын бараа бүтээгдэхүүн Хятад улсын нутгаар дамжин татвар төлөхгүйгээр нэр дурьдсан далайн долоон боомтоор дамжин бусад улсад экспортлоход өрсөлдөх чадвартай байхуйц худалдааны нөхцөл, эрх зүйн орчин бүрдсэн гэж хэлмээр байна.

-Өмнө нь яагаад ийм гэрээ хийгдээгүй юм бол?

-Бид бэлэн байсан. Бэлтгэлээ ч сайн хангасан байсан. Харин хэлэлцээрийг эхлүүлэх нөхцөл хоёр талдаа бүрдээгүй байсан гэж хэлнэ. 2013 оны есдүгээр сараас эхлэн бүтэн жил үргэлжилсэн ажлын үр дүн сая гарч байна. Манай ажлын хэсэг 11 удаа Бээжин явж, 20 удаа хэлэлцээрт орлоо. Миний хувьд гэхэд БНХАУ-ын Зам, тээврийн сайдтай 4 удаа биечлэн хэлэлцээр хийсэн. Ярихад амархан болохоос маш их хүч хөдөлмөр зарцуулсан гэрээ хэлэлцээрүүд хийгдсэн.

-Төмөр замын царигийн асуудлаа яаж тохирсон бэ?

-Эдгээр хэлэлцээрт цариг гэсэн нэг ч үг байхгүй.

-Салбарын сайдтай уулзсаных. Төмөр замын царигаа яаж шийдэх гэж байна вэ гэж асуумаар байна?

-Mанай 2 хөрш их гүрэн, улс төр, эдийн засгийн тодорхой бодлоготой. Тиймээс бид ч  бас бодлоготой байх ёстой. Царигийн хувьд Зам, тээврийн яамнаас бодлого боловсруулж ҮАБЗ-д танилцуулсан. ҮАБЗ хэлэлцээд дэмжсэн. Тэр бодлогыг хэрэгжүүлэх ажлыг бид хийж байна.

-Тэр нь ямар бодлого вэ?

-Төрийн бодлогыг хэдэн хүн нийлж суугаад телевиз, сониноор ярихгүй л дээ.

-Хаалттай хуралдаан дээр яригдсан уу?

-Яригдсан.

-УИХ-ын гишүүд хаалттай хуралдаж байгаад УИХ-аас баталж гаргасан төмөр замын бодлогыг хойшлууллаа. Яагаад ?

-Хаалттай хийсэн хуралдаан тул хэвлэлээр ярих боломжгүй. Ямар ч байсан Зам, тээврийн сайдын хувьд миний баримталж байгаа байр суурь зөв гэдгийг УИХ баталсан. Чуулганд оролцсон гишүүд бүгд дэмжиж саналаа өгсөн.

-Тийм үү. Энэ талаараа тодорхой ярих боломжгүй юу?

-Асуудал шийдэгдсэний дараа тодорхой ярина аа. Бид хоёр хөршийн бодлогыг тэнцвэржүүлсэн торгон ирмэг дээгүүр явж байна.

-Та УИХ-д өргөн барьсан төмөр замын тогтоолд гарын үсэг зураагүй шалтгаанаа хэрхэн тайлбарлах вэ?

-Маш тодорхой үндэслэл, шалтгаан  байгаа. Гэхдээ бас л хэвлэлээр олон нийтэд зарлаад байх асуудал биш.

-Бас л болохгүй юу. Олон нийт үнэнийг мэдмээр байна?

-Бүх асуудлыг хэвлэлийн шоу болгож болохгүй. Олон нийт заавал мэдэх ёсгүй асуудал байна. Үндэсний аюулгүй байдлын бодлогоор улс төрийн пиар хийх хэрэггүй.

-Нууц юм уу?

-Тусгаар улс нууцтай байх ёстой. Хувийн пиар хийх гээд төрийн нууцыг задруулж болохгүй. Хамаа замбараагүй ярьж болохгүй зүйл гэж байна. Тэгээд ч надад тийм эрх байхгүй дахиад хэлье.

Бид эхлээд хийдэг, дараа нь дуугардаг

-Ажлаа тухай бүр ярьж тайлбарлаад байвал олон нийт харин ч эерэг мэдээлэлтэй болох юм биш үү?

-Манай салбар онцлогтой. Бүтээн байгуулалт хийдэг. Тиймээс эхэлж хийгээд дараа нь дуугарах  ёстой болдог.

-Тэгээд одоо яана гэсэн үг вэ?

-Яах вэ гэдгийг УИХ шийднэ. Хууль нь тийм. УИХ-ын гишүүдийн эрх мэдэл рүү халдаж ярих нь зохимжгүй.

-Х.Баттулга гишүүний хийсэн тусгаар тогтнолын талаархи нэвтрүүлгийн тухай таны тайлбарыг сонсмоор байна?

-Түүхээ эргэж харсан нэвтрүүлэг байсан. “Ирсэн замаараа буцаж яах гэсэн юм бэ, буцах байсан юм бол яах гэж энэ хүртэл  явсан юм бэ?” гэсэн утгатай нэвтрүүлэг гэж би ойлгож байгаа.

-Гэхдээ Ерөнхийлөгч Х. Баттулга гишүүнийг зэмлэсэн шүү дээ?

-Тэгсэн. Гэхдээ Х.Баттулга гэдэг хувь улс төрчийнх нь хувьд Ерөнхийлөгч түүнийг зэмлэсэн гэж ойлгосон. Тэгээд ч Ерөнхийлөгч энэ бол уран бүтээл гэж үзэж нэвтрүүлэг хийсэн хүмүүст эрүүгийн хэрэг үүсгэх тухай асуудлыг буруушаасан.

-Үндэсний үзэл гаргах нь одоо үед хэр зохимжтой асуудал вэ. Ингэж болохгүй, энэ бол фашизм гэдэг биз дээ?

-Үндэсний үзэл биш, эх оронч үндэсний үзэл юм.  2010 онд УИХ-аар баталсан Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын Үндэсний аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааны зарчмын 1.2 дахь зүйлийн 1.2.1-д “Эх оронч үндэсний үзлийг дээдлэх” гэж заасан байдаг.

-Тийм гэж үү, Та үнэн хэлж байна уу?

-Өөрөө уншаарай. Ийм асуудлаар худлаа хэлж болох уу?

-Та үргэлж үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнол, эх оронч үзэл гэсэн үг хэрэглэдэг. Ийм үгээр хаалт хийгээд мэдээлэл өгөхгүй байна гэж олон нийт хардаг?

-Яагаад гэвэл Монгол Улсын олон хуульд эдгээр үгс байгаа. Үндсэн хууль, Үндэсний аюулгүй байдлын тухай хууль, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тухай хуульд байна. 2010 онд УИХ-аар баталсан Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд байна. Ийм байхад яагаад энэ үгсийг хэлж болохгүй гэж?

-Та хууль их ярих юм. Ингэхэд та улс төрч үү, өмгөөлөгч үү?

-Эрэмбэлэх юм бол би эхлээд өмгөөлөгч, улс төрч гэдэг нь дараагийн асуудал.

-Яагаад?

-Улс төр хийхэд заримдаа популизм хийх, хааяа хуурамч дүр гаргах болдог. Хуульч хүн ийм дүрд тоглоход их хэцүү (инээв).

-Та дан дээлтэй сайд, гишүүний эрх мэдэл байхгүй учир ажил хийхэд бэрхшээл их гардаг байх?

-Дан дээлтэй гэдэгтээ биш. Ажил хийж байхад бэрхшээл үргэлж байдаг. Бэрхшээл тоочихоос илүү хийх, шийдэх гэсэн зарчмаар ажиллаж байна. Зарим хүний хувьд байдаг бэрхшээл бол миний хувьд ердийн ажил. Би 1997 оноос хуульчаар ажиллаж эхэлсэн туршлагатай.

Төмөр замыг удаан барьж байна гэдэг нь улстөрийн тоглолт

-Шинэ төмөр замын ажлын мөнгийг өгөхгүй байна гэж УИХ дээр хэлж байсныг тань санаж байна. Энэ бас бэрхшээл үү?

-Наадах чинь харин жинхэнэ бэрхшээл. Миний шийдэж чадахгүй асуудал. Би өгсөн мөнгөөр нь л бүтээн байгуулалт хийж байна. Уг нь Чингис бондын мөнгөнөөс 400 сая доллар өгөхөөр шийдвэрлэсэн. 200 саяыг өгсөн. Одоо 200 сая доллар авах ёстой. Тэрийг өгөхгүй гэсэн учир би энэ асуудлыг ярихаас аргагүй болсон. Төмөр зам чухал гэнэ. Гэсэн атлаа мөнгөө өгөхгүй, тэгээд хурдан барих хэрэгтэй гэж шаардана. Ийм юм байж болох уу даа.

-Төмөр зам удаан барьж байна гэсэн шүүмжлэл бол байнга л сонсогддог?

-Наадах чинь улс төр хийх гэсэн хүмүүсийн тоглолт. Засгийн газраас төмөр зам барихад зориулж эхний ээлжийн 200 сая долларыг 2013 оны гуравдугаар сард л өгсөн. Энэ бага мөнгө. Төмөр зам бол асар том бүтээн байгуулалт. Их хэмжээний хөрөнгө хэрэгтэй. Үүнийг би өмнө нь ч хэлж л байсан.

-Хөрөнгө оруулагч нар хэр сонирхож байна?

-Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдлаас болоод хөрөнгө оруулагч нар болгоомжилж байна. Хөрөнгө босгодог Олон улсын загварын дагуу явах хэрэгтэй. Товчлох ямар ч зам байхгүй. Тэр тусмаа ийм их мөнгөн дээр.

-Төмөр замын инженерүүд гэх нэр бүхий хүмүүс байсхийгээд л таны эсрэг чиглэсэн ямар нэг юм бичих юм. Та тэдэнд ямар хариу өгөх вэ. Тухайлбал, дээрх хүмүүс 70 сая ам.доллартай холбоотой асуудлаар таныг АТГ-т гомдол гаргаж шалгуулах болсон талаараа мэдээлж байсан. Бас шинэ төмөр замын ТЭЗҮ-ийг “Mckenzie” компани хийгээгүй гэж байсан?

-УБТЗ дээр явагдаж байгаа 70 сая долларын дохиолол холбооны тендертэй холбоотой асуудлыг АТГ-т шалгуулахаар өгсөн хүн нь би өөрөө. Тэд биш. Төмөр замын инженерүүдийн холбоо бол ТББ. “Mckenzie” бол дэлхийд алдартай олон улсын компани. Нэр хүндтэй компаниар ажлаа хийлгэчихээд араас нь шороо цацаад, дотоодын улс төрдөө  ашиглаад байхаар бусад хөрөнгө оруулагчид монголчуудад итгэхгүй шүү дээ. Ийм үйлдлээрээ энэ хүмүүс  хөрөнгө оруулагч нарт эргэлзээ төрүүлж байна. Энэ холбооныхон асуудлыг АТГ-т хурдхан өгөөд шалгуулчихмаар байгаа юм. Би зөвшөөрч байна.

-Энэ хүмүүсийн ярьж байгааг сонсох ёстой биш үү?

-Төр бодлогоо тодорхойлсон. Энэ хүмүүс алдаа хийж байгаа.  Шүүмжлэл байсан бол ч яахав гэхсэн. Тэгээд ч төрийн бодлогыг саармагжуулах үйлдэл хийж байгаа хүмүүст хэлэхэд Үндэсний аюулгүй байдлын тухай хууль, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тухай хуулийг унш гэж л хэлнэ.

-Хурдан хугацаанд ахиу мөнгө ольё гэж байгаа нь буруу юу. Эдийн засаг хямралтай байхад мөнгө чухал биз дээ?

-Наадах чинь бас бидний хоорондох бас нэг ялгаа. Мөнгө ярихдаа мөнгөөр үнэлэх аргагүй бусад үнэт зүйлсээ мартаж болохгүй. Хугацаатай хаших албан тушаалын төлөө 3 сая хүний эрх ашиг, улс орны ирээдүйг золиосолж болохгүй.

-УИХ яаж шийдээсэй гэж та бодож байна?

-Монголчууд бид бүгд нэг завин дээр байгаа. Улс төржилт нь бага байгаасай гэж бодож байна.

-Хоёр хөрштэйгөө сайн харилцаатай байх ёстой биз дээ?

-Мэдээж. Гэхдээ хөрш улсуудтай өөрийн эрх ашгаа зөв тохирох ёстой гэж боддог. Бид үргэлж хоёр хөршийн бодлогыг тэнцвэржүүлсэн торгон ирмэг дээгүүр алхаж байдаг. Манай улстөрчид хоёр хөрштэй асуудлаа ярихдаа өөрийн эрх ашгаа тодорхой, ойлгомжтой тавиад шийдэх санал, гарцаа хэлэх хэрэгтэй байдаг.

Би чадахгүй гэж хэлдэггүй, оролдоод үзье л гэдэг

-Та Зам, тээврийн салбарыг удирдаж байна. Энэ бол маш том салбар. Таны хамгийн эхэнд баримталдаг чухал зарчим юу вэ?

-Би чадахгүй гэж хэлдэггүй. Оролдоод үзье гэдэг. Энэ миний зарчим.

-Таныг ажлаа мэддэг хуучин сайд гэдэг. Зам, тээврийн сайдаар ажилласан хугацаандаа багагүй ажлыг хийлээ. Төмөр зам, агаарын тээвэрийн талаар төрөөс баримтлах бодлогын баримт бичгүүдийн автор нь та. Одоо чухал бодлогын ямар бичиг баримт гаргах вэ?

-Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгасан шинэчлэлийг бид салбартаа хийж байна. Тээврийн талаар төрөөс баримтлах бодлогын бичиг баримтыг УИХ-д өргөн барьсан. Энэ бол миний боловрсуулсан 3 дахь бодлогын бичиг баримт. Намрын чуулганаар батлагдах байх. Ингэснээр дэд бүтцийн 3 том салбар төрийн бодлоготой болох юм. Өнгөрсөн бүх хугацаанд МИАТ компани гадаадын 5 орон руу нислэг үйлддэг байсан бол сүүлийн 2 жилд Эрээн, Бангкок, Шанхай, Франкфурт, Парис, Сингапур гэсэн 6 чиглэл шинээр нэмэгдлээ. 2015 оноос Катар Монголын хооронд нислэг хийж эхлэнэ. 2016 онд шинэ нисэх буудал ашиглалтад орно. УБТЗ-ын шинэчлэл эхэлсэн. Санхүүжилтээ шийдвэрлэж чадвал 2015 онд УБТЗ-ын шинэчлэлийн эхний үе шат дуусна.

-Гурван улсыг дамжсан транзит тээврийн тухайд жаахан дэлгэрүүлж ярихгүй юу?

-Маш чухал асуудал. 2013 оны 12 сард манай яамны санаачилгаар 1955 оноос хойш анх удаа Монгол, ОХУ, БНХАУ-ын Зам, тээврийн яамны төвшинд төмөр замын транзит тээврийн асуудлыг ярилцаж хамтран ажиллах болсон. Сая бас энэ асуудлаар хамтран ажиллах Засгийн газар хоорондын санамж бичгийг Хятад улстай байгууллаа.

Би төрийн дархлааг хамгаалж байна

-Та их заргач хүн үү. Асуудал гаргах бүрт АТГ-т хандаж байна. Бас таныг твиттерээр гүтгэсэн хүн шүүхээр шийтгүүлсэн гэж сонссон?

-Заргачдаа биш. Би төрийн дархлааг хамгаалж байна. Бас өөрийн хувь хүний нэр төр болон ажил хэргийн нэр хүндээ хамгаалж байна. Тийм учраас би гүтгэлэг бүрийг шалгуулж, үнэн зөвийг тогтоолгож, олон нийтэд ханддаг. Жишээ нь, намайг шинэ төмөр замын төслөөс 3.6 тэрбумаас хол давсан мөнгө луйвардсан гэж твиттерт бичсэн. Хүмүүс юу гэж ойлгох вэ. Тиймээс ийм асуудлыг хуулийн байгууллагаар шалгуулж, үнэн худлыг нь тогтоолгох нь зөв гэж боддог.

-Инженер Ц.Бат гэгчтэй холбоотой асуудал тань нэлээд дуулиан шуугиан тариад байна?

-Энэ хүн эхлээд ИНЕГ-ын дарга, дараа нь МИАТ-ийн дарга болмоор байна гэж 2 удаа орж ирсэн. Би зөвшөөрөөгүй. Учир нь тэр хүн Үндэсний аудитын газрын актаар тогтоогдсон МИАТ компаниас хууль бусаар авсан 50 гаруй сая төгрөгийн өртэй хүн байсан. Өрөө төл гэдэг шаардлага тавьсан. Тэгээд ч би ганцаараа шийдэж, энэ хүнийг ИНЕГ, МИАТ-ийн даргаар тавих субъект биш. Албан тушаал, эрх мэдэл өгсөнгүй гэж энэ хүн жил хагас хэртэй гүтгэж, доромжиллоо. Юманд хэмжээ хязгаар гэж байх ёстой.

-Яагаад ийм асуудал үүсгээд байгааг та юу гэж бодож байна?

-Тэд өөрсдөө ийм асуудал үүсгэж байгаа. Би гомдлоо тухайлсан хүн дээр гаргасан. Гэхдээ тэр хүнийг твиттер хуудас ашигласан гэж гомдол гаргаагүй. Твиттер хуудсан дээрээ бичсэн зүйл нь гүтгэлэг гэж хандсан. Цагдаа шалгаад, прокурор хянаад, шүүх шийдсэн. Шүүхийн шийдвэр гарахдаа тодорхой хүн дээр гарснаас бусад иргэдийн твиттер хуудас хэрэглэх эрхийг хаасан шийдвэр гараагүй. Одоо ч гэсэн тэр хүн твиттер хуудсаа ашиглаж л байгаа биз дээ. Ц.Бат над руу 2 хүн явуулж өргөдлөө татаач гэсэн. Би твиттерээр уучлалт гуй гэдэг шаардлага тавьсан. Гэтэл Ц.Бат үгүй, шүүх дээр учраа олъё гэдэг хариу өгсөн. Ингээд л шүүхээр шийдэгдсэн асуудал. Ер нь хүмүүстэй ажлын хариуцлага тооцоод эхлэхээр хэвлэлээр элдэв хов жив зохиож тараах ажил зохион байгуулдаг болчихсон байна. Энэ хүмүүс намайг сайд болж баяжаад, төрийн өмчийг хувьчилж аваад, уяач болоод явдаг хүмүүстэй адилтгаад байх шиг. Тэгээд сүрдүүлж айлгах замаар мохоох, эсвэл албан тушаал авах санаатай. Ийм арга барилаар амьдраад сурчихсан.

-Эцэст нь миний асуугаагүй, танд хэлэх зүйл юу байна?

-Би өмгөөлөгч. Өмгөөлөгч хүн үйлчлүүлэгчдээ хуулийн зөвлөгөө өгч, түүний хууль ёсны эрх ашгийг хамгаалж ажилладаг. Энэ удаа миний үйлчлүүлэгч Монгол Улс байлаа. Хятад улстай транзит тээврийн гэрээг маш ашигтай нөхцлөөр байгууллаа. Би салбар хариуцаж  байгаа сайдын хувьд Монгол Улсын эрх ашгийг хамгаалж, эх орондоо тус болж ирээдүйн хөгжилд хувь нэмэр оруулж чадлаа.

-Ярилцсанд баярлалаа. Танд улам их амжилт хүсье. Олон хүн таныг дэмжиж байгаа гэдэгт итгэлтэй байна. 

 

А.Гансүх: Энэ удаа миний үйлчлүүлэгч Монгол Улс байлаа  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх