төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр агаарын тээвэр салбарын шагнал Өргөдөл, гомдол

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын бүртгэл, мэдээллийн нэгдсэн сан болон түүний төрөлжсөн санг хөтлөх, уг сангаас мэдээлэл, лавлагаа өгөх журмын төсөлд санал авч байна.

2019/06/14

Журмын төсөлд тусгах саналыг Зам, тээврийн хөгжлийн яамны Автотээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн А.Энхболдод ирүүлнэ үү.  И-мэйл: enkhbold.a@mrtd.gov.mn, Утас: 92263205 

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын үндэсний зөвлөлийн 2019 оны

 1 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралт
ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН БҮРТГЭЛ, МЭДЭЭЛЛИЙН НЭГДСЭН САН БОЛОН ТҮҮНИЙ ТӨРӨЛЖСӨН САНГ ХӨТЛӨХ, УГ САНГААС МЭДЭЭЛЭЛ, ЛАВЛАГАА ӨГӨХ ЖУРАМ

Нэг. Нийтлэг зүйл

1.1. Төрийн байгууллагын мэдээллийн сангийн аюулгүй байдал, найдвартай ажиллагааг хангах, мэдээлэл солилцох, төрөөс иргэдэд үзүүлэх үйлчилгээтэй холбогдсон мэдээллийг шуурхай, нэг цэгээс үзүүлэх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор төрийн байгууллагуудад байршиж байгаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх, мэдээлэл солилцох системийг бий болгох, замын хөдөлгөөний аюулгүй байдлын бүртгэл мэдээллийн сан болон түүний төрөлжсөн сан /цаашид мэдээллийн нэгдсэн сан гэх/-г баяжуулах, ашиглах, түүний байнгын ажиллагааг хангах асуудлыг энэхүү журмаар зохицуулна.

1.2. Мэдээллийн нэгдсэн сан нь Төрийн цахим мэдээллийн сангийн бүрэлдэхүүн хэсэг байна.

1.3. Мэдээллийн нэгдсэн сангийн мэдээлэл солилцох систем нь төрийн үйлчилгээний Хур болон Дан системтэй холбогдож ажиллах боломжтой байна.

1.4. Мэдээллийн нэгдсэн сангаас авах лавлагааг төрийн үйлчилгээний цахим машинаас авах боломжтой байна.

 

1.5. Мэдээллийн нэгдсэн сан болон түүний төрөлжсөн сан, уг сангийн мэдээлэл, лавлагаа нь Монгол Улсын замын хөдөлгөөний аюулгүй байдалд нөлөөлж буй хүчин зүйл, холбогдох мэдээллийг боловсруулж, технологийн үйл ажиллагааг нэгдсэн удирдлага, зохион байгуулалт, арга зүйн үндсэн дээр орчин үеийн тооцоолох  техник хэрэгсэл ашиглан хэрэглэгчдийг бодит мэдээллээр хангах зорилготой.  

 

1.6. Мэдээллийн нэгдсэн сан хөтлөх, мэдээллийг боловсруулах, мэдээлэл лавлагаа өгөх  хэрэглэгчдэд үйлчлэх ажлыг  улсын хэмжээнд Тээврийн цагдаагийн алба, Автотээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагууд хамтран хэрэгжүүлж, мэргэжлийн удирдлагаар хангах ажлыг Замын хөдөлгөөний аюулгүй байдлын үндэсний зөвлөлийн ажлын алба хариуцна.

1.7. Аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, яам, тусгай газар, төрийн бусад байгууллагууд өөрсдийн чиг үүрэгтэй холбоотой мэдээллийн сантай байж  болох  бөгөөд түүнийг мэдээллийн нэгдсэн сантай холбон ашиглаж болно.

1.8. Мэдээллийн нэгдсэн санг хариуцан хөтөлж байгаа байгууллагын зөвшөөрөлгүйгээр уг сангийн мэдээллийг байгууллага, иргэнд хуулбарлан өгөх, засварлах, устгахыг хориглоно.

1.9. Мэдээллийн нэгдсэн сангийн анхан шатны бүртгэлийн маягт, түүнийг хөтлөх зааврыг Замын хөдөлгөөний аюулгүй байдлын үндэсний зөвлөлийн ажлын алба болорвсруулж мөрдүүлнэ.

 

Хоёр. Сангийн мэдээ ирүүлэх, тайланг гаргах

2.1. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан бүртгэл, мэдээллийн санг хөтлөх байгууллага сар бүрийн 20-ны өдөрт багтаан мэдээллийн нэгдсэн санд холбогдох мэдээллийг албан бичиг болон цахим хэлбэрээр ирүүлнэ.

2.2. Мэдээллийн нэгдсэн сангийн мэдээ баримтын эх хувийг Архивын тухай хуульд зааснаар хадгална.

2.3. Мэдээллийн нэгдсэн сангаас замын хөдөлгөөний аюулгүй байдлын холбоотой мэдээг сар бүрийн 25 дотор боловсруулан Үндэсний статистикийн хороонд мэдээлж  байна.

2.4. Мэдээллийн сангаас гаргасан мэдээ, тайланд эрх бүхий албан тушаалтан гарын үсэг зурж, тэмдэг дарж  баталгаажуулсан байна.

 

Гурав. Мэдээллийн нэгдсэн санг баяжуулах, мэдээлэл боловсруулах

3.1. Хуульд заасан эрх бүхий байгууллагаас ирүүлсэн мэдээг ажлын 3 хоногт багтаан Мэдээллийн нэгдсэн санд тусгаж, санг баяжуулах ажлыг Замын хөдөлгөөний аюулгүй байдлын үндэсний зөвлөлийн ажлын алба хариуцна.

3.2. Шаардлагатай гэж үзвэл бусад хууль тогтоомжид заасны дагуу нэмэлт өгөгдлүүдийг мэдээллийн нэгдсэн санд төвлөрүүлж болно.

3.3. Мэдээлэл боловсруулах, дүн шинжилгээ хийх ажлыг Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан байгууллагууд хамтран хэрэгжүүлнэ.  

Дөрөв. Мэдээллийн  санг ашиглах

4.1.  Мэдээллийн нэгдсэн санг байгууллага, иргэдэд Замын хөдөлгөөний аюулгүй байдлын  холбогдолтой тоо, мэдээ гаргаж өгөх, судалгаа хийх мэдээллийн эх үүсвэр болгон ашиглаж болно.

4.2. Эрдэм шинжилгээний болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн хүсэлтээр мэдээллийн нэгдсэн сангаас тоо, материал гаргаж өгөх, судалгаа, шинжилгээ хийх ажлыг зохих төлбөртэйгээр гүйцэтгэж болно.

4.3. Байгууллага, иргэдэд албан бичиг, иргэний үнэмлэхийг үндэслэн  мэдээллийн нэгдсэн сангаас лавлагааг албан бичээр болон цахим хэлбэрээр хуулбарлан өгч болно.

4.3. Цахим мэдээлэл солилцох системийг ашиглахдаа “Төрийн байгууллагын цахим тэдээллийн сан ашиглах журмыг баримтлана.

4.4. Мэдээлэл, Лавлагааг,  телефон утас, нийгмийн сүлжээгээр өгөхийг хориглоно.

Тав.Мэдээллийн нэгдсэн сангийн нууцлал, аюулгүй байдал

5.1. Мэдээллийн нэгдсэн сан нь Үндэсний дата төвд байршина. Мэдээллийн сангийн хадгалалт, хамгаалалт, нууцлалын найдвартай байдлыг хариуцан ажиллах ажилтныг Замын хөдөлгөөний аюулгүй байдлын үндэсний зөвлөлийн ажлын албаны зөвшөөрлийг үндэслэн томилно. 

5.2. Мэдээлийн нэгдсэн сангийн хадгалалт, хамгаалалт, нууцлалын найдвартай байдлыг Үндэсний дата төв хариуцна.

5.3. Үндэсний дата төв нь мэдээллийг цахим хэлбэрт оруулах, мэдээллийн сан үүсгэх, түгээх, ашиглах болон түүний байнгын тасралтгүй үйл ажиллагаа, хадгалалт, хамгаалалт, нууцлалын найдвартай байдлыг хангах чиглэлээр Замын хөдөлгөөний аюулгүй байдлын үндэсний зөвлөлийн ажлын алба, бусад байгууллагын албан хаагчдад зориулан сургалт зохион байгуулж, тэдгээрт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлж ажиллана.

5.4. Мэдээллийн нэгдсэн санг ашиглах, түүний хадгалалт, хамгаалалт, нууцлалын найдвартай байдлыг хангах ажиллагаа нь Төрийн нууцын тухай хууль, Байгууллагын нууцын тухай хууль, Хувь хүний нууцын тухай хууль, Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль болон Засгийн газрын 2017 оны 159 дугаар тогтоолоор баталсан  “Төрийн байгууллагуудын цахим мэдээллийн санг ашиглах журам”, мэдээллийн аюулгүй байдал, технологийн талаарх Монгол Улсын холбогдох стандартад нийцсэн байна.

5.5. Мэдээллийн нэгдсэн санд нэвтрэх хэрэглэгчид дараах түвшинд хуваагдана.

5.5.1. Төрийн байгууллагын хэрэглэгч

5.5.2. Байгууллагын дотоод хэрэглэгч

5.5.3. Энгийн хэрэглэгч

3.7. Мэдээллийн систем нь тоон гарын үсэг ашиглах боломжийг хангасан байх ба байгууллагууд өөрсдийн сонголтоор тоон гарын үсэг ашиглах эсэхийг шийдвэрлэнэ.

Зургаа. Бусад зүйл

6.1. Байгууллага, иргэдээс мэдээллийн сангаас хийлгэсэн судалгаа, шинжилгээний Үйлчилгээний хөлсний хэмжээг Цагдаагийн ерөнхий газар, Автотээврийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага Сангийн яамтай хамтарч тогтооно.

6.1.2. Үйлчилгээний хөлсийг хууль тогтоомжид заасан бусад үйлчилгээний хөлстэй давхардуулан авахгүй.

6.1.3. Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийн 3.1-д заасан байгууллага нь иргэн, хуулийн этгээдэд амаар болон цахим хэлбэрээр өгөх мэдээллийг үнэ төлбөргүй өгнө.

6.1.4. Үйлчилгээний хөлс нь уг мэдээллийг өгөхтэй холбогдон гарах хэвлэх, хувилах, шуудангаар  хүргүүлэх зэрэг шууд зардлаас хэтэрч болохгүй. Шуудангийн үнийг тооцохдоо “Монгол шуудан” компанийн үнийн тарифыг баримтална.

6.1.5. Иргэн, хуулийн этгээдэд мэдээлэл өгөхдөө энэ журмын 5.4-т зааснаас өөр хэлбэрээр үйлчилгээний хөлс авахыг хориглоно.

6.1.6. Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн үйлчилгээний хөлсийг төлөхгүй.

6.2. Байгууллагын цахим хуудсанд байрлуулсан мэдээллийг тухайн байгууллага хэвлэж, олшруулж өгөхгүй.

6.3. Сангийн мэдээ, тайлан, лавлагааг алдаатай гаргасан, хугацаа хожимдуулсан албан хаагчдад холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.

-----оОо--------

 

 

 

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын бүртгэл, мэдээллийн нэгдсэн сан болон түүний төрөлжсөн санг хөтлөх, уг сангаас мэдээлэл, лавлагаа өгөх журмын төсөлд санал авч байна.  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх