төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр агаарын тээвэр салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

УБТЗ “УТААГҮЙ ВАГОН” ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА

2019/03/25
УБТЗ “УТААГҮЙ ВАГОН” ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА

Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Зорчигчийн вагон депо дээр “Утаагүй вагон” төслийн нээлт боллоо. Тус үйл ажиллагаанд Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, Дэд сайд Л.Халтар, УБТЗ ХНН-ийн дарга Д.Жигжиднямаа болон албаны бусад хүмүүс оролцов.

Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэг нь зорчигчийн 282 вагоноор олон улсын болон орон нутгийн чиглэлд зорчигч тээвэрлэлтийн үйл ажиллагааг явуулдаг. Уг вагонуудыг галлагааны улиралд дунджаар 10 000 тн түүхий нүүрсээр галлан халаадаг нь 3500 айлын яндангаас гарах хэмжээний агаарын бохирдлыг Баянгол дүүргийн нутаг дэвсгэр орчимд үүсгэдэг.

Үүнээс үүдэн УБТЗ ХНН нь сүүлийн 5 жилийн хугацаанд зорчигчийн вагоны яндангаас гарах утааг бууруулах ажлуудыг шат дараатай хийж ирсэн бөгөөд олон удаагийн туршилт, судалгаа, төслийг боловсруулан ажилласны дүнд 2017 оны 01 дүгээр сараас эхлэн “Japan Flare” төслийн багтай хамтын ажиллагаагаа эхлүүлсэн байна. Улмаар "Утаагүй вагон" төслийн эхний шатны 20 вагоныг Japan Flare төхөөрөмжөөр тоноглож аялалд гаргахад бэлэн боллоо.

Нээлтийн үеэр уг төхөөрөмжийг суурилуулсан болон суурилуулаагүй вагоны зуухны яндангаас гарах угаарын хий буюу нүүрстөрөгчийн дутуу ислийн хэмжээг хэмжиж үзүүлэв. Төхөөрөмж суурилуулсан вагоны зуухны яндангаас гарах угаарын хийн хэмжээ 825 мг/м куб байхад суурилуулаагүй вагоных 6689 мг/м куб байв. Монгол улсын MNS 5457:2005 стандартаар зуухны яндангаас гарах хортой утааны хүлцэх дээд хэмжээ 4000 мг/м кубээс хэтрэхгүй байх ёстой юм.

Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, “Утаагүй вагон” төслийг хэрэгжүүлэхэд гар бие оролцож, дэмжлэг үзүүлсэн бүх хүнд талархсанаа илэрхийлээд, цаашид 300 вагонд нэмж суурилуулах шаардлага байгааг дурдаж, үүнийг ажил хэрэг болгоход яамны зүгээс шаардлагатай бүх арга хэмжээг авч ажиллахаа илэрхийлэв.

УБТЗ “УТААГҮЙ ВАГОН” ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх