төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

Сар шинийн мэндчилгээ

2013/02/08

Монгол түмэн, монгол туургатан та бүхэндээ билгийн тооллын XVII жарны “Тийн ялгуусан” хэмээх усан могой жилийн хаврын Тэргүүн сарын шинийн мэнд хүргэхийн сацуу хотол олноороо амар амгалан, энх тунх байхын ерөөлийг дэвшүүлж байна. Харьж буй “Баясгалан” хэмээх усан луу жилд АН шинэчлэлийн Засгийн газраа байгуулж, Монгол Улсын түүхэнд Зам, тээврийн яам хоёр дахь удаагаа байгуулагдсан гээд шинэчлэл, өөрчлөлтийн салхийг улам бадраасан жил боллоо.

Сар шинийн босгон дээр “Төрөөс иргэний нисэхийн салбарт баримтлах бодлого”-ыг боловсруулж, УИХ-ын намрын чуулганаар батлуулснаар Монгол Улс анх удаагаа агаарын тээврийн салбарт бодлоготой болж байгааг дуулгахад таатай байна. Зам, тээврийн яамны хувьд эдийн засгийн өсөлтийг хангахуйц зам, тээврийн сүлжээг өргөжүүлэн хөгжүүлэх, хэрэглэгчийн эрэлт хэрэгцээнд нийцсэн аюулгүй, ая тухай үйлчилгээг үзүүлэхийн тулд салбар бүртээ асуудлыг жижиг гэж орхилгүй шинэчлэлийг эхлүүлж байгаа билээ.

Хаврын урь орж байгаа энэ цаг мөчөөс эхлээд Зам, тээврийн салбар бүрт амсхийх завгүй ажиллаж, тухлан суух хоромгүй хөдөлмөрлөх бүтээн байгуулалтын их аян өрнөнө Монголчууд та бидний хувьд ч эх орныхоо бүтээн байгуулалтад гар бие оролцох томоохон хувь тохиогоод байна. Тухайлбал, УИХ-аас баталсан “Төрөөс төмөр замын тээврийн талаар төрөөс баримтлах бодлого”-ын хүрээнд шинээр 1800 км төмөр замын суурь бүтэц барих нөр ажил эхэлж, түүхэнд тэмдэглэгдэх томоохон бүтээн байгуулалтын гэрч, бас эзэд нь болох юм. Түүнчлэн Засгийн газрын үйл ажилллагааны хөтөлбөрийн хүрээнд 2016 он гэхэд нийслэл хоттой бүх аймгийн төвийг хатуу хучилттай авто замаар холбох бодлогыг хэрэгжүүлэхээр бид бэлтгэл ажлаа хэдийнэ хангачихаад байна.

Энэ жил зургаан аймгийн төвийг нийслэл хоттой хатуу хучилттай авто замаар холбосноор эдгээр аймгийн иргэд аятай тавтай зорчих боломж нөхцөл бүрдэх юм. Үүний сацуу УИХ-ын хаврын чуулганаар Авто тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, “Төрөөс авто тээврийн салбарт баримтлах бодлогын баримт бичиг”-ийг хэлэлцэн батлуулж, авто тээврийн салбарыг хөгжлийн шинэ шатанд гаргахын төлөө шамдангуй ажиллаж байна. Мөн Монгол Улс түрээсийн онгоцоор нислэг үйлддэг байдалдаа цэг тавьж, худалдан авахаар зэхсэн гурван онгоцны эхнийх нь энэ зун зорчигчиддоо үйлчилж эхэлнэ. Ирэх жилийн сар шинийн босгон дээр бид салбар бүртээ Төрөөс баримтлах бодлогын баримт бичигтэй, түүхэнд тэмдэглэгдэх бүтээн байгуулалтын ажлынхаа ихийг нугалсан жил байлаа гэж дүгнэх тийм ерөөлөөр эргэн учрах биз ээ. Хотол түмэн та бүхэндээ элгээрээ энх амгалан төрлөөрөө түвшин амгалан байхын ерөөлийг Зам, тээврийн салбарын хамт олны өмнөөс болон хувиасаа өргөн дэвшүүлж байна

ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН, ЗАМ, ТЭЭВРИЙН САЙД           А.ГАНСҮХ

Сар шинийн мэндчилгээ  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх