төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр агаарын тээвэр салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

"Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хариуцагч байгууллагуудын чадавхыг сайжруулах нь" техникийн туслалцааны төслийн товч танилцуулга

2020/09/19

Зам, тээврийн хөгжлийн яам болон Азийн хөгжлийн банк “Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хариуцагч байгууллагуудын чадавхыг сайжруулах нь” техникийн туслалцааны төслийг хамтран хэрэгжүүлж байна. Тус техникийн туслалцааны төслийн олон улсын зөвлөх компаниар Итали болон Испанийн Вант улсын Фред инженеринг ажиллаж байгаа ба төслийг дотоодын зөвлөхүүдийн хамт амжилттай хэрэгжүүлж байна.

Төслийн баг замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хариуцагч байгууллагуудын чадавхыг сайжруулах замаар өмнөх техникийн туслалцааны төслийн хүрээнд боловсруулсан замын хөдөлгөөний аюулгүй байдлын бодлого, үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтийг хангахад холбогдох байгууллагуудад дэмжлэг үзүүлэхийг зорьж байгаа ба дараах гурван үндсэн зорилтын хүрээнд холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Үүнд:

  1. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын менежментийг сайжруулах
  2. Зам, тээврийн ослын мэдээлэлд дүн шинжилгээ хийх чадавхыг сайжруулах
  3. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын бодлогын зарим баримт бичгийг хянаж зөвлөмж боловсруулах

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын менежментийг сайжруулах ажлын хүрээнд дараах ажлуудыг хийж гүйцэтгэв. Үүнд:

  1. Ерөнхий боловсролын сургуулийн сурагч нарт замын хөдөлгөөний аюулгүй байдлын хичээлийг заах арга зүй, сургууль орчмын бүсийн аюулгүй байдал, замын хөдөлгөөний аюулгүй байдлын компанит ажлыг оновчтой зохион байгуулж буй олон улсын туршлагын талаар мэдээлэл өгөх, төслийн хүрээнд боловсруулах замын хөдөлгөөний аюулгүй байдлын сурах бичгийн талаар хэлэлцэх зорилгоор Зам, тээврийн хөгжлийн яам, Тээврийн цагдаагийн алба, Эрүүл мэндийн яам, Боловсрол, шинжлэх ухааны яам, Нийслэлийн эрүүл мэндийн үндэсний төв, Гэмтэл согог судлалын үндэсний төв, Дотоод хэргийн их сургууль, Албан журмын даатгагчдын холбоо, ШУТИС зэрэг байгууллагын алба хаагч нарт “Сургуулийн насны хүүхдүүдэд олгох замын хөдөлгөөний аюулгүй байдлын боловсрол, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах компанит ажил” сэдэвт хагас өдрийн семинарыг 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр зохион байгуулав.
  2. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын аудит ба хар цэгийг арилгах нь сургалтыг Зам, тээврийн хөгжлийн яам, Тээврийн прокурорын газар, Тээврийн цагдаагийн алба, Зам, тээврийн хөгжлийн төв, Дотоод хэргийн их сургууль болон авто замын зураг төслийн компаниудын албан хаагч нарт замын хөдөлгөөний аюулгүй байдлын инженерчлэл, аудитын талаар мэдлэг олгох зорилгоор 2019 оны 10 дугаар сарын 28-наас 11 дүгээр сарын 1-ний хооронд зохион байгуулав.
  3. Зам, тээврийн хөгжлийн яам болон Тээврийн цагдаагийн албанаас ирүүлсэн хүсэлтийн дагуу “Зам, тээврийн ослын тоон мэдээлэлд дүн шинжилгээ хийх нь” сургалтын агуулгыг осол, хэргийн газрын үзлэг хийх аргачлал, замын хөдөлгөөний аюулгүй байдлын аудит хийх зэрэг сэдвээр баяжуулж 4 удаагийн бүс нутгийн сургалтыг Өмнөговь, Баянхонгор, Архангай, Дорнод зэрэг аймагт тус тус зохион байгуулав.
    1. Ковид-19 цар тахал гарсантай холбогдуулан олон улсын зөвлөх компанийн ажилтнууд болон тусгайлан урьсан сургагч багш нар Монгол улс руу зорчих боломжгүй болсон тул дараах сургалтуудыг цахимаар зохион байгуулав. Үүнд:
      1. Тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэгийн олон улсын шилдэг туршлага сургалтыг Зам, тээврийн хөгжлийн яам, Тээврийн цагдаагийн алба, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэн, Авто тээврийн үндэсний төв, Дотоод хэргийн их сургууль, Тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэгийн төвүүдийн алба хаагч нарт 2020 оны 9 дүгээр сарын 2-ноос 3-ны хооронд зохион байгуулав.
      2. Ослын дараах хариу арга хэмжээг зохион байгуулах нь сургалтыг Зам, тээврийн хөгжлийн яам, Эрүүл мэндийн яам, Тээврийн цагдаагийн алба, Гэмтэл согог судлалын үндэсний төв, Улаанбаатар хот болон 21 аймгийн эрүүл мэндийн төвийн алба хаагч нарт зам тээврийн ослын дараа үр дүнтэй хариу арга хэмжээг зохион байгуулахад шаардагдах зохих мэдлэг, ур чадварыг олгоход зорилгоор 2020 оны 9 дүгээр сарын 9-нөөс 10-ны хооронд зохион байгуулав.
    2. Ерөнхий боловсролын сургуулийн 3-4 дүгээр ангийн багш нарт зориулсан замын хөдөлгөөний аюулгүй байдлын талаар сурагч нарт хичээл орох гарын авлагыг Австралийн холбооны улс болон Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант улсын заах арга зүйн шилдэг туршлага дээр үндэслэн боловсруулж дууссан бөгөөд Монгол хэлнээ хөрвүүлэх ажил хийгдэж байна.
    3. Зам, тээврийн хөгжлийн яам, Тээврийн цагдаагийн алба, Албан журмын даатгагчдын холбоо болон ерөнхий боловсролын 76 дугаар сургуультай хамтран “Амин бүс” компанит ажлыг Сонгинохайрхан дүүргийн 7, 9, 24, 25 хорооны нутаг дэвсгэрт орших Баянхошуу, Баруун, Зүүн салааны зам дагуу 2019 оны 11 дүгээр сарын 8-наас 12 дугаар сарын 8-ны өдөр хүртэл зохион байгуулж тээврийн хэрэгслийн жолооч болон зорчигчийг хамгаалах хэрэгсэл болох суудлын бүсийн ач холбогдлыг таниулах ажлуудыг зохион байгуулсан. Үүнд:
      1. Баянхошуу, Баруун, Зүүн салааны зам дагуу “Амин бүс” буюу суудлын бүсийн ач холбогдлыг таниулах том болон жижиг самбар нийт 258 ширхгийг байршуулж олон нийтэд сурталчлах ажлыг зохион байгуулсан.
      2. “Амин бүс” компанит ажлын нөлөөллийг судлах үүднээс компанит ажлыг зохион байгуулахын өмнө болон зохион байгуулсны дараа Баянхошуу, Баруун, Зүүн салааны зам дээр зорчиж буй тээврийн хэрэгслийн жолооч болон урд суудлын зорчигч нарын суудлын бүсийн хэрэглээний судалгааг хийсэн бөгөөд урд суудлын зорчигч нарын суудлын бүсийн хэрэглээ 43.5%-иас 55.8% болж өссөн эерэг үзүүлэлт гарсан.
      3. Сонгинохайрхан дүүргийн замын цагдаагийн хэлтсийн алба хаагч нартай хамтран Баруун болон Зүүн салааны замд 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 6-ны өдрийг хүртэл хяналт тавьж ажиллах хугацаандаа хамгаалах бүс хэрэглээгүй жолооч нарт Зөрчлийн тухай хуулийн 14.7.20 дэх хэсэгт зааснаар замын цагдаа нар 713 жолоочийг 1,426,0000 төгрөгөөр торгож арга хэмжээ авсан.
      4. “Амин бүс” компанит ажлын хүрээнд “Замын хөдөлгөөнд оролцогчдын төлөө” төрийн бус байгууллагатай хамтран Баянхошуу, Баруун, Зүүн Салааны ойр орчимд байрлах 129, 104, 67, 76 зэрэг ерөнхий боловсролын сургуулийн сурагч, эцэг, эхийг хамруулан суудлын бүсийн ашиг тусыг таниулах сургалтыг 8 удаа зохион байгуулсан. Мөн сургалтын үеэр суудлын бүсийн үзүүлэн дээр оролцогчдыг суулгаж суудлын бүсээ зүүх нь ямар ач холбогдолтой болохыг харуулсан.
      5. 76 дугаар сургуультай хамтран тус сургуулийн 11 дүгээр ангийн сурагч нараас 20 хүүхэд сонгон авч сурагч цагдаа болгон бэлтгэсэн ба сургууль руу тээврийн хэрэгслээр хүүхдээ зөөж буй эцэг, эхийг суудлын бүсээ зүүж байгаа эсэхэд хяналт тавихын сацуу суудлын бүсийн ач холбогдлыг ухуулан таниулах ажлыг зохион байгуулсан.

    Зам, тээврийн ослын мэдээлэлд дүн шинжилгээ хийх чадавхыг сайжруулах ажлын хүрээнд дараах ажлуудыг хийж гүйцэтгэв. Үүнд:

    1. Тээврийн цагдаагийн албаны 2017, 2018, 2019 оны эхний хагас жилийн зам, тээврийн ослын мэдээлэлд дүн шинжилгээ хийн хар цэгийн судалгааг хийсэн.
    2. Улаанбаатар – Дархан чиглэлийн зам болон Улаанбаатар хотын Гүнтийн давааны замд замын хөдөлгөөний аюулгүй байдлын аудит хийж тайланг холбогдох байгууллагуудад хүргүүлсэн.
    3. Зам, тээврийн ослын тоон мэдээлэлд дүн шинжилгээ хийх нь сургалтыг ЗТХЯ, Тээврийн цагдаагийн алба, Тээврийн прокурорын газрын алба хаагч нарт замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах “аюулгүйн систем”-ийн аргачлал, зам, тээврийн ослын мэдээлэлд дүн шинжилгээ хийх арга зүйн мэдээлэл өгөх зорилгоор тус сургалтыг 11 дүгээр сарын 4-нөөс 7-ны хооронд зохион байгуулсан.

    Замын хөдөлгөөний аюулгүй байдлын бодлогын зарим баримт, бичгийг хянаж зөвлөмж боловсруулах ажлын хүрээнд дараах ажлуудын хийж гүйцэтгэв. Үүнд:

    1. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын аудит хийх журмыг хянах ажил хийгдэж байна.
    2. Авто зам төсөллөх стандарт, нормын замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахтай холбоотой хэсгүүдийг хянан олон улсын шилдэг туршлага дээр үндэслэн зөвлөмж боловсруулсан бөгөөд тус зөвлөмжийг Монгол хэлнээ хөрвүүлэх ажил хийгдэж байна.
    3. Тээврийн хэрэгсэлд техникийн хяналтын үзлэг хийх журам, стандартыг хянах ажил үргэлжилж байна.

    Техникийн туслалцааны хүрээнд цаашид хийх ажил. Үүнд:

    1. Жолооч бэлтгэх болон мэргэшсэн жолооч бэлтгэх үйл ажиллагааг зохион байгуулах талаарх сургалт зохион байгуулах.
    2. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын шилдэг менежментийн сургалтыг зохион байгуулах.
    3. Ерөнхий боловсролын 3-4 дүгээр ангийн багш нарт зориулсан замын хөдөлгөөний аюулгүй байдлын хичээл заах арга зүйн гарын авлагын талаарх сургалт зохион байгуулах.

 

 

 

"Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хариуцагч байгууллагуудын чадавхыг сайжруулах нь" техникийн туслалцааны төслийн товч танилцуулга  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх