төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр агаарын тээвэр салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙД Л.ХАЛТАР БҮГД НАЙРАМДАХ ЧЕХ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙД ИЙРЖИ БРОДСКИЙТЭЙ УУЛЗЛАА

2020/08/21
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙД Л.ХАЛТАР БҮГД НАЙРАМДАХ ЧЕХ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙД ИЙРЖИ БРОДСКИЙТЭЙ УУЛЗЛАА

Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар Бүгд Найрамдах Чех Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ийржи Бродский болон Элчин сайдын яамны Худалдаа, эдийн засгийн хэлтсийн дарга Ива Шустаакова нарыг хүлээн авч уулзлаа.

Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар Монгол Улс, БНЧУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой энэ онд тохиож, энэ хугацаанд хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа нийгэм, эдийн засаг, соёл, боловсрол, зам, тээвэр гээд бүхий л салбарт амжилттай өргөжин, хөгжиж ирснийг цохон тэмдэглэв. Ойн жил Монгол Улсын иргэдийг тээвэрлэх Праг-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн шууд нислэгийг анх удаа амжилттай зохион байгуулсныг онцлон тэмдэглээд, тус нислэгээр Чех болон Европын бусад орнуудаас ирсэн 249 иргэнийг татан авах үйл ажиллагааг зохион байгуулахад санхүүгийн болон зохион байгуулалтын дэмжлэг үзүүлсэн Элчин сайд болон ЭСЯ-ны ажилтнууд, БНЧУ-ын Засгийн газарт талархсанаа илэрхийлэв.

Монгол Улс, БНЧУ-ын хооронд шууд нислэг гүйцэтгэх тухай хэлэлцээрийг 2017 онд байгуулсан ч одоогоор албан ёсны шууд нислэг үйлдэж эхлээгүй байгаа ба энэ удаагийн тусгай үүргийн нислэг нь цаашид тогтмол, шууд нислэгтэй болох эхлэл хэмээн үзэж буйгаа онцоллоо.

“Олон улсын автотээврийн харилцааны тухай Бүгд Найрамдах Чех Улсын Засгийн газар, Монгол Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг байгуулахаар Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн яам, БНЧУ-ын Тээврийн яам хамтран ажиллаж байгааг мэдээлээд тус хэлэлцээр байгуулах ажлыг түргэвчлэхэд дэмжлэг үзүүлэх, уг хэлэлцээр байгуулагдсанаар манай хоёр улсын иргэд, аж ахуйн нэгжүүд харилцан зорчих, худалдаа бизнес эрхлэх, цаашлаад хоёр улсын эдийн засгийн харилцаа, худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулах боломжтой хэмээн үзэж байгаагаа тэмдэглэв.
Мөн шинэ нисэх буудал ашиглалтад орсны дараа хуучин нисэх буудлыг засварын төв, сургалтын бааз, эрүүл мэнд, онцгой байдал зэрэг тусгай үүргийн нислэг хүлээн авах нөөц буудлын зориулалтаар ашиглах төлөвлөгөөтэй байгаагаа дуулгаж, БНЧУ-д иргэний нисэхийн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэх, давтан сургах, тус улсын мэргэжилтнүүдийг Монголд урьж сургалт зохион байгуулах сонирхолтой байгаагаа тэмдэглэв.

Элчин сайд И.Бродский Зам, тээврийн хөгжлийн сайдаар томилогдсонд баяр хүргээд ажил хэрэгч, мэргэжлийн уулзалт болж байгаад баяртай байгаагаа илэрхийлэв. Тэрбээр Монгол Улсад хэрэгжиж буй шинэ төмөр замын төслүүд, мөн агаарын тээврийн салбарт орон нутгийн нисэх буудлуудын шинэчлэлт дээр төрөл бүрийн төсөл хэрэгжүүлж, цогц байдлаар шийдвэрлэх боломжтойг онцоллоо. Мөн БНЧУ-д Монгол Улсын 10 мянган иргэн амьдардаг бөгөөд шууд нислэг үйлдэх нь нэн ач холбогдолтой болохыг тэмдэглэж, тус улс руу шууд нислэг үйлдэх эрх авсан Изинис Эйрвэйз компанийг нислэгээ эхлүүлэхэд шаардлагатай бэлтгэл ажлаар хангахад бэлэн байгаагаа илэрхийлэв.

Түүнчлэн БНЧУ нь 100 жилийн турш онгоц үйлдэрлэж байгааг танилцуулаад онгоц угсран, гадаад зах зээлд нийлүүлэх зэргээр агаарын тээврийн салбарт хамтран ажиллах өргөн боломж байгааг онцлов. Мөн хоёр улсын худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд чухал үүрэгтэй “Олон улсын автотээврийн харилцааны тухай Бүгд Найрамдах Чех Улсын Засгийн газар, Монгол Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг түргэвчлэх талаар Засгийн газартаа уламжилж, түргэвчлэх тал дээр анхаарахаа мэдэгдээд хоёр орны зам, тээврийн салбарт өргөн хүрээнд хамтран ажиллахаа тэмдэглэлээ.

ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙД Л.ХАЛТАР БҮГД НАЙРАМДАХ ЧЕХ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙД ИЙРЖИ БРОДСКИЙТЭЙ УУЛЗЛАА  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook