Төсөл
АВТО ТЭЭВРИЙН САЛБАРЫН МЭРГЭЖИЛТЭЙ АЖИЛТАН БЭЛТГЭХ, ДАВТАН СУРГАХ, МЭРГЭЖИЛ ДЭЭШЛҮҮЛЭХ, МЭРГЭЖЛИЙН ЗЭРЭГ ОЛГОХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1.Автотээврийн салбарын мэргэжилтэй ажилтан бэлтгэх, мэргэжилтний мэргэжил дээшлүүлэх сургалтыг тасралтгүй зохион байгуулах, мэргэжлийн зэрэг олгох, сунгах, цуцлах, хяналт тавихтай холбогдсон харилцааг энэхүү журмаар зохицуулна.
1.2.Мэргэжилтэй ажилтан бэлтгэх, мэргэжилтний мэргэжил дээшлүүлэх, мэргэжлийн зэрэг олгох, сунгах, цуцлах, хяналт тавих, сургалтын тогтолцоог боловсронгуй болгох үйл ажиллагааг удирдан зохион байгуулах үүргийг Зам, тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дэргэдэх Авто замын салбарын мэргэжилтний мэргэжил дээшлүүлэх, мэргэжлийн зэрэг олгох орон тооны бус Зөвлөл /цаашид “Зөвлөл” гэх/ хариуцна.
1.3.Салбарын мэргэжилтэй ажилтан бэлтгэх, давтан сургах, мэргэжлийн ур чадвар олгох,
дээшлүүлэх сургалтыг Мэргэжлийн боловсролын тухай хуулиар зохицуулах
ба сургалт явуулах зөвшөөрөл авсан байгууллага сургалтыг зохион байгуулна.
Хоёр.
Авто тээврийн салбарын мэргэжилтний
мэргэжил дээшлүүлэх,мэргэжлийн зэрэг олгох
орон тооны бус зөвлөлийн эрх, үүрэг
2.1.Авто тээврийн салбарын мэргэжилтний мэргэжил дээшлүүлэх, мэргэжлийн зэрэг олгох орон тооны бус Зөвлөлийн бүрэлдэхүүнийг салбарын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын Төрийн нарийн бичгийн дарга батална.
2.2.Зөвлөл нь
10 хүний
бүрэлдэхүүнтэй байна. Зөвлөлийн бүрэлдэхүүний 75-аас доошгүй
хувь нь зөвлөх
зэрэгтэй инженер байх ба сургалт хариуцсан
мэргэжилтэн байж болно.
2.3.Зөвлөлийн үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь хуралдаан байна. Хуралдаанаар салбарын мэргэжилтэнд зэрэг олгох мэргэжлийн хүрээ, мэргэжлийн зэрэг горилогчдод зориулсан сургалтын төлөвлөгөө, хөтөлбөр, мэргэжил дээшлүүлэх шалгалтын журам, зөвлөх зэрэг горилох сэдвийн жагсаалтыг баталгаажуулах,мэргэжлийн зэрэг горилох шалгаруулалтын дүн, мэргэжлийн зэрэг олгох, сунгах, цуцлах асуудлыг тус тус хэлэлцэнэ.
2.4.Зөвлөл нь дор дурдсан эрх, үүрэгтэй.
2.4.1.Зөвлөл нь дарга, нарийн бичиг, гишүүд гэсэн бүрэлдэхүүнтэй байна. Зөвлөлийн дарга, гишүүд нь салбарын мэргэжилтний мэргэжил дээшлүүлэх, мэргэжлийн зэрэг олгох үйл ажиллагааг Авто тээврийн тухай хууль болон холбогдох бусад хууль, тогтоомж, эрх зүйн актын хүрээнд удирдан зохион байгуулж, хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллана.
2.4.2.Мэргэжил дээшлүүлэх, мэргэжлийн зэрэг горилогчдод зориулсан сургалтын багц цагийн үнэлгээг тухай бүрт нь хэлэлцэн шийдвэрлэнэ.
2.4.3.Шалгалтын комиссын бүрэлдэхүүнийг батлаж, шалгалтын комиссыг Зөвлөлийн гишүүн ахална.Комиссоос гаргасан шийдвэр шаардлага хангаагүй тохиолдолд шалгалтын комиссыг дахин томилон ажиллуулна.
2.4.4.Мэргэжлийн зэрэг горилогч нь мэргэжлийн алдаа,
дутагдал, гаргасан нь эрх бүхий
байгууллагаар тогтоогдсон, мөн ёс зүйн
зөрчил гаргасан бол Зөвлөлийн
хурлаар мэргэжлийн зэргийг цуцлах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ.
Гурав.
Мэргэжил дээшлүүлэх, мэргэжлийн зэрэг олгох сургалт зохион байгуулах үйл ажиллагаа
3.1.Автотээврийн салбарын мэргэжилтний мэргэжил дээшлүүлэх, мэргэжлийн зэрэг олгох сургалтын үйл ажиллагааг Авто тээврийн салбарын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай гэрээ байгуулсан эрх бүхий байгууллага хэрэгжүүлнэ.
3.2.Авто тээврийн салбарын мэргэжилтэй
ажилтан бэлтгэх, мэргэжил дээшлүүлэх, мэргэжлийн зэрэг олгох, сунгах сургалтыг
зохион байгуулах, хэрэгжүүлэх байгууллага нь дараах шаардлагыг
хангасан байна.Үүнд:
3.2.1. Сургалтын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг эрх бүхий төрийн захиргааны
төв байгууллагаас авсан байна.
3.2.2.Сургалтын байгууллага нь сургалтын байгууллагад тавигдах стандарт шаардлагыг бүрэн хангасан байх;
3.2.3.Олон улсын жишигт нийцсэн сургалтын нэгдсэн хөтөлбөр, төлөвлөгөө, аргачлалтай байх;
3.2.4.Сургагч багш нь мэргэжлийн мэргэшсэн болон зөвлөх зэрэгтэй инженер, боловсролын зэрэг нь магистраас доошгүй байх.
Дөрөв.Сургалтын
байгууллагын эрх, үүрэг
4.1.Сургалтын нэгдсэн төлөвлөгөө,хөтөлбөр болон батлагдсан төлөвлөгөөний дагуу сургалтын нэг багц цагийн үнэлгээг тооцож, Зөвлөлөөр батлуулах;
4.2.Сургалтын төлөвлөгөөний дагуу мэргэжилтэй ажилтан бэлтгэх, давтан сургах, мэргэжлийн зэрэг олгох сургалтыг зохион байгуулж, хэрэгжүүлэх;
4.3.Сургалтын үйл ажиллагааны талаарх мэдээллийг олон нийтэд нээлттэй мэдээлэх;
4.4.Сургалттай холбоотой бичиг баримт /хөтөлбөр, сургалтын төлөвлөгөө, суралцагчдын судалгаа, шалгалтын материал, санал хүсэлт г.м/-ыг архивын нэгж болгон 5 жил хүртэл хугацаагаар хадгалах;
Тав.Мэргэжлийн зэрэг олгох, сунгах, цуцлах үйл ажиллагаа
5.1.Мэргэжлийн зэрэг олгох, сунгах үйл ажиллагаанд энэхүү журмын хавсралтад заасан мэргэжил дээшлүүлэх тогтолцооны бүдүүвч, мэргэжлийн зэрэг олгох мэргэжилтэнд тавигдах шаардлагыг мөрдлөг болгон ажиллана. Мэргэжлийн чиглэлээр доктор (academic)-ын зэрэг хамгаалсан тохиолдолд Зөвлөх зэрэг горилогчийн бичгээр уламжилсан хүсэлтийг үндэслэн зөвхөн мэргэжлийн шалгалтаас чөлөөлж, реферат хамгаалсаны дараа олгох ба 2 удаа сунгасны дараа зэргийг хугацаагүйгээр олгоно.
5.2.Зэрэг горилох, сунгах, зэрэг ахиулах мэргэжилтэн нь энэ журмын хавсралтад дурдсан шаардлагыг тус тус хангасан байна.
5.3.Зэрэг горилогч
нь сургалт эхлэхээс 30 хоногийн өмнө дараах
баримт, бичгийг бүрдүүлж, сургалт зохион байгуулах байгууллагад ирүүлнэ. Үүнд:
1)Мэргэжлийн зэрэг олгох шалгаруулалтад хамрагдахыг хүссэн өргөдөл, анкет/загварын дагуу/
2)3x4 хэмжээтэй 2 хувь зураг
3)Мэргэжлийн дипломын баталгаажсан хуулбар
4)Мэргэжил дээшлүүлсэн талаарх үнэмлэх, гэрчилгээний баталгаажсан хуулбар
5.4.Зөвлөх инженер, тэргүүлэх төсөвчний зэргийг эхний удаа 5 жилээр олгож, шаардлага хангасан тохиолдолд 5 жилээр сунгах ба зохих шалгуурыг хангасан бол 3 дахь сунгалтаас хугацаагүй олгоно.
5.5.Мэргэшсэн инженер, мэргэшсэн төсөвчний зэргийг эхний удаа 3 жилээр олгож, шаардлага хангасан тохиолдолд 5 жилээр сунгах ба зохих шалгуурыг хангасан бол 3 дахь сунгалтаас хугацаагүй олгоно.
5.6.Дадлагашсан инженерийн зэргийн хугацаа 2 жил байна. 2 жилийн дараа мэргэшсэн инженерийн зэрэг горилох сургалтад хамрагдаж болно.
5.7.Зөвлөлөөс гаргасан шийдвэрийн дагуу дадлагажсан, мэргэшсэн, зөвлөх инженер, мэргэшсэн төсөвчин, тэргүүлэх төсөвчний зэргийг 1-2 жил хүртэл хугацаагаар цуцалж болно.Хэрэв мэргэжлийн зэргийг цуцлах хугацаа дуусгавар болсон тохиолдолд Зөвлөлд зэрэг сунгах хүсэлтээ гаргана.
5.8.Мэргэжлийн зэргээ цуцлуулсан мэргэжилтэн Зөвлөлд гэрчилгээ, баталгааны тэмдгийг хураалгана.
5.9.Бүтээлээ худал мэдүүлэх, эсвэл бусдын бүтээлийг ашигласан нь тогтоогдвол мэргэжлийн зэрэг олгохоос татгалзаж, олгосон зэргийг хураана.
Зургаа. Мэргэжлийн зэрэгтэй мэргэжилтний эрх, үүрэг
6.1 Зөвлөх зэрэгтэй инженер нь дараах эрх, үүргийг хэрэгжүүлнэ:
6.2 Зөвхөн өөрөө гүйцэтгэсэн, оролцсон эсвэл удирдсан, хянаж зөвлөсөн ажлын гүйцэтгэлийн тайлан, дүгнэлт, техникийн акт, баримт бичигд гарын үсэг зурж, баталгааны тэмдгээ дарж баталгаажуулах;
6.3 Судалгаа шинжилгээний ажил удирдах, зөвлөх ажил үйлчилгээ үзүүлэх, зураг, төсөл, хөтөлбөр удирдан гүйцэтгэх, бусдын хийсэн ажил үйлчилгээнд хяналт тавих, шалгах, дүгнэлт гаргах, зөвлөх, мэргэшсэн зэрэг горилогчийн бүтээлийн тайлан, илтгэлийн хураангуй /реферат/ хамгаалахад шүүмж хийх,
6.4 Зөвлөх, мэргэшсэн зэрэгтэй мэргэжилтэн нь салбарын чиглэлээр боловсруулж буй хууль эрх зүйн акт, норм, дүрэм, стандарт, техникийн баримт бичиг боловсруулах, санал дүгнэлт өгөх болон мөн өөрийн мэргэжлийн зэргийн хүрээнд мэргэжил дээшлүүлэх, мэргэжлийн зэрэг горилогчдод зориулсан сургалтад мэдээлэл хийх.
-----оОо-----