“Бүс нутгийн ложистикийн төвийг хөгжүүлэх төсөл” Дорноговь аймгийн Замын-Үүд суманд хэрэгжиж байна

Энэхүү төсөл хэрэгжиж ложистикийн төв баригдсанаар Монгол Улсын импорт, экспорт, дамжин өнгөрөх тээврийн хэмжээ нэмэгдэж эдийн засагт эерэг нөлөө үзүүлэх чухал ач холбогдолтой юм. Монгол Улсын Засгийн Газар энэхүү төслийг санхүүжүүлэх зорилгоор АХБ-тай санхүүжилтийн гэрээ байгуулсан бөгөөд тус төслийн нийт төсөвт өртгийн 60 гаруй хувь буюу 45 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжийг АХБ-ны санхүүжилтээр шийдвэрлэсэн болно.

 

Уг  төсөл нь нийт 128 га талбайг хамрах бөгөөд чингэлгийн, хүнд даацын, агуулахын гэсэн 3 бүстэй байхаар төлөвлөгдсөн ба 50 тн даацтай 2 гүүрэн кран, механизмын засварын төв, өргөн болон нарийн царигийн ачилт буулгалтын 11,5 км орчим төмөр зам, ложистикийн төв руу орох гарах төмөр замтай 2 түвшинд огтлолцох хүнд даацын тээврийн хэрэгсэл явах боломжтой гүүрэн байгууламж, 1,6 км авто зам тус тус барихаар төлөвлөгдсөн.

 

Манай улс энэхүү ложистикийн төвтэй болсноор хүртэх ашгийг өндрөөр тооцоолж байна. Тус ложистикийн төв нь баригдсанаар өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, барилга, уул уурхайн салбарын том оврын тоног төхөөрөмж болон манай улсын нутгаар дамжин өнгөрөх транзит ачааг шилжүүлэн ачих техникийн боломж нээгдэж байна. Энэ нь Монгол Улс төдийгүй бүс нутаг дахь тээврийн коридоруудтай манай улсын орц, гарц өрсөлдөх таатай боломжийг бүрдүүлэх юм.

 

Өнөөдрийг хүртэл Ложистикийн төвийн барилга угсралтын ажил тодорхой үе шаттай хэрэгжиж ирсэн бөгөөд одоогийн байдлаар ложистикийн төвийн үйл ажиллагаанд 11,729,247,546.000 төгрөгийн төсөвт өртөг бүхий 3,6 км цэвэр усны шугамын ажил, Төмөр замтай 2 түвшинд огтлолцох гүүрэн байгууламж, 1,6 км авто замын барилга угсралтын ажил, 4,15 км гадна холбоо интернетийн шилэн кабель суурилуулах ажил, Гадна цахилгаан хангамжийн 110кВ ЦДАШ, дэд станцын өргөтгөл, дэд станцын барилга угсралтын ажил зэрэг ажлуудыг дотоодын гүйцэтгэгч 9 компани хийж гүйцэтгээд байгаа юм.

 

Ложистикийн төвийн барилга угсралтын ажил 2018-2019 онуудад хэрэгжиж дуусах бөгөөд төслийн хүрээнд Замын-Үүд боомтын хяналт шалгалтын цэг, ачаа дамжин өнгөрүүлэх газрын ачааллыг багасгах, зохицуулах зорилгоор ачааны холимог тээврийн терминалын аж ахуй, ложистикийн үйлчилгээг бий болгох, авто замаас авто зам руу, авто замаас төмөр зам руу болон төмөр замаас авто зам руу ачих, төмөр замын шилжүүлэн ачилтад зориулсан тоног төхөөрөмж, менежментийн системийг нэвтрүүлэх зэрэг терминал ложистикийн байгууламжийг барьж байгуулах юм.

 

АХБ-ны зээлээс санхүүжигдэж буй үндсэн барилга угсралтын ажлыг гүйцэтгэх гүйцэтгэгчийг шалгаруулах олон улсын нээлттэй тендерийг зохион байгуулж, China Railway 21st Bureau Group компани шалгарч, 2016 оны 2 дугаар сарын 1-ний өдөр Зам, тээврийн хөгжлийн яамтай гэрээ байгуулан барилга угсралтын ажлаа эхлүүлсэн. Барилга угсралтын ажилд хяналт тавих зөвлөх компанийг сонгон шалгаруулах нээлттэй тендерийг зарлаж, сонгон шалгаруулалт явуулсны дүнд “Сүсонг инженеринг” компани шалгарч, 2016 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Зам, тээврийн хөгжлийн яамтай гэрээг байгуулж, барилга угсралтын ажилд хяналт тавин ажиллаж байна.

 

Ложистикийн төвийн 50 тн-ийн 2 вандан краны нийлүүлэлт, угсралт, туршилтын ажлын гүйцэтгэгчээр “Хэнань Дафан Хүнд Машин механизм” компани шалгарч ЗТХЯ-тай 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээг байгуулан ажиллаж байна.

2016 оны байдлаар Ложистикийн төвийн өргөн болон нарийн царигийн төмөр замын далангийн ажил, төвийн үйл ажиллагаа явуулах зам, талбай, зогсоолын газар шорооны ажил бараг 100 хувийн гүйцэтгэлтэй дууссан ба 2017 оны 9 дүгээр сарын 1-ний байдлаар Ложистикийн төвийн өргөн болон нарийн царигийн төмөр замын далангийн ул шорооны ажил болон дайрган үеийн хучилтын ажил хийгдэж дууссан. Төвийн дулаан хангамжийн барилга, жолооч ажилчдын байр, гаалийн барилга, захиргааны барилга, засварын төв, цэвэр ус нөөц сан, бохир ус цэвэршүүлэх байгууламжийн барилгууд баригдаж, тэдгээрийн дотор байрлуулах тоног төхөөрөмжийн захиалгууд хийгдэж, гадна зам, талбай, зогсоолын хучилт, хавтан болон хэв хашмалын өрөлтийн ажил өрнөж, галын, цэвэр бохир усны хоолойн болон цахилгааны кабелийн суваг шуудууны ажлууд хийгдэж байна. 

 

Хаяг:

Улаанбаатар хот-15141, Чингэлтэй дүүрэг,

Жуулчны гудамж 4/4 Макс цамхаг 1001 тоот

Утас: (976-11) 70112254 Факс: (976-11) 70112253

И мэйл: rld_project@yahoo.com

 

 

 


Мэдээ нийтлэгдсэн: 2017-09-01 16:28:06
2017 он © Зам, тээврийн хөгжлийн яам
Вэб сайтыг Ай Ти Солушинс хөгжүүлэв.