Монгол ОХУ-аар дамжуулах төмөр замын тээвэрт 25 жил хөнгөлөлт эдэлнэ

Монгол Улс ОХУ-аар дамжуулах нүүрсний тээвэрт 66.4 хувь, чингэлэг тээвэрт 52 хувийн хөнгөлөлтийг 25 жилийн хугацаанд авах болллоо. 

Төмөр замаар дамжин өнгөрөх ачаа тээвэрлэх нөхцөлийн тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрт дөнгөж сая талууд гарын үсэг зурлаа. Тодруулбал, хэлэлцээрт Монголын талыг төлөөлж, Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ, ОХУ-ыг төлөөлж, тус улсын Тээврийн сайд Е.И Дитрих нар гарын үсэг зурсан юм.

Хэлэлцээр нь найман зүйлтэй ба 25 жилийн хугацаанд хүчин төгөлдөр мөрдөгдөхөөр заажээ. Ингэхдээ дараах нөхцөлүүдийг тусгасан байна.

  • Хоёр улсын нутаг дэвсгэрээр төмөр замаар дамжин өнгөрөх ачаа тээвэрт тарифын уян хатан бодлого хэрэгжүүлэх;
  • Төмөр замын ачаа тээвэрт бусад чиглэлүүдтэй харьцуулахад өрсөлдөхүйц тарифын нөхцөлийг урт хугацаанд хангах;
  • Төмөр замаар тээвэрлэж буй ачааг улсын хилээр нэвтрүүлэх ажиллагааг хөнгөвчлөх нөхцөлийг бүрдүүлэх;
  • Хоёр улсын төмөр замын ачаа тээврийн өсөлтийг хөхиүлэн дэмжих;
  • Ачаа тээврийн өсөлтийн эрчим болон төмөр замын тээврийн суурь бүтцийн хөгжил харилцан уялдааг хангах;
  • Монгол Улсын экспортлогчдод далайд саадгүй гарах нөхцөлийг бүрдүүлнэ

Одоо Монгол Улс ОХУ-аас дамжин өнгөрөх нүүрсний тээвэрт нэгдсэн нэвтрэх тарифаас 66.4 хувь, чингэлэг тээвэрт 52 хувийн хөнгөлөлт авдаг аж. Энэ гэрээг жил тутамд сунгуулж иржээ. 

Зам тээвэр хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ энэ талаар “Оросын төмөр зам”-аас нэг жилийн хугацаатай олгож буй тарифын хөнгөлөлтийг 25 жилийн хугацаанд баталгаажуулах нь уул уурхайн олборлох, боловсруулах үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнийг гуравдагч улсын зах зээлд гаргахад экспортын үнийн өрсөлдөх чадварыг хангах, уул уурхай, үйлдвэрлэлийн салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг татаж урт хугацаанд тогтвортой үйл ажиллагаа явуулах таатай нөхцөлөөр хангагдаж байна” гэж тодотголоо.

Мөн дээрх хэлэлцээрийн дүнд дамжин өнгөрөх ачаа тээврийн чиглэлийн тарифын түвшинг бусад чиглэл дэх тарифын түвшин эрс өөрчлөгдсөн тохиолдолд тухайн тарифтай өрсөлдөхүйц байдлаар тохиролцох боломж бүрдэж буй аж.

Тухайлбал, Монгол Улсаас БНХАУ-аар дамжуулан тээвэрлэх ачаа тээврийн тарифын түвшин огцом өөрчлөгдөхөд ОХУ-аар дамжуулан тээвэрлэх тарифын түвшинг мөн бууруулах бололцоотой юм байна. 

 


Мэдээ нийтлэгдсэн: 2018-06-11 11:59:14

2018 он © Зам, тээврийн хөгжлийн яам
Вэб сайтыг Ай Ти Солушинс хөгжүүлэв.