ӨРТӨӨ, ЗӨРЛӨГИЙН АЖИЛТАН АЛБАН ХААГЧИДТАЙ УУЛЗАВ

Улаанбаатар төмөр зам нь нийт 15 мянга орчим ажилчинтай, 70 гаруй өртөө зөрлөгтэй бөгөөд ойролцоогоор 20-30 км тутамд нэг байрладаг.

 

Тэгвэл өнгөрсөн зургадугаар сард Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Ганбат болон түүний ажлын багийхан хөдөө орон нутагт ажиллаж  17 өртөө зөрлөгийн нийт 1500 гаруй ажилтан албан хаагчидтай уулзаж, тулгамдаж буй асуудлыг нь сонсож, боломжтой зарим асуудлыг нь газар дээр нь шийдвэрлэж ажилласан юм.

 

Ажилчдын орон байрны асуудал, сургууль цэцэрлэгийг цогцоор нь шийдвэрлэх ажлыг зам тээврийн яамнаас шат дараатайгаар хэрэгжүүлж байгаа талаар болон салбарын хийж хэрэгжүүлж буй ажил, бодлого үйл ажиллагааны талаар мэдээлэл хүргэсэн юм.

 

Энэ үеэр Мааньт өртөөний дарга М.Цогт “Тээвэрлэлтийн хэмжээ нэмэгдэж байгаа өнөө цагт төмөр замын орлого нэмэгдэж байгаа сайхан мэдээ байна. Өнгөрсөн жил нефт бүтээгдэхүүний онцгой албан татварыг тэглэж, 40 орчим тэрбум төгрөгийг хэмнэж чадсанаар төмөр замчид бидний цалин хангамж нэмэгдэх боломжийг бүрдүүлж өгсөнд бид талархаж байна” гэлээ. Тэрээр төмөр замын дагуу мод тарьж, ногоон төгөл бий болгох ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төмөр замын залуучуудын байгууллага анхаарч ажиллаж байгааг салбарын сайдад дуулгалаа.

 

Энэхүү хүрээнд орон нутгийн удирдлагуудыг байлцуулан Дорноговь, Говьсүмбэр  аймгийн хэмжээнд хамгийн их хүндрэлтэй байсан хэд хэдэн газрын асуудлыг газар дээр нь шийдвэрлэсэн юм.

 

Хийсэн бүтээснийг нь сайшааж, урам зориг өгч, цаашид хийж хэрэгжүүлэх ажилд нь чиглэл өгсөнд Төмөр замчид баяртай байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ салбарын сайд өөрийн биеэр ирж тэдний санал хүсэлтийг сонсож байгаа нь анхны тохиолдол хэмээн талархалтайгаар хүлээн авсан юм.

 


Мэдээ нийтлэгдсэн: 2017-07-03 12:09:57
2017 он © Зам, тээврийн хөгжлийн яам
Вэб сайтыг Ай Ти Солушинс хөгжүүлэв.